Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сарын 2-ны өдрийн 09.00 цагаас нээн зохион байгуулах гэж байна.
Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж улам эерэгээр таниулах цэргийн түүх судлаач эрдэмтдийг оролцуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Оросын шинжлэх ухаан соёлын төв дээр цахим хэлбэрээр зохион байгуулах юм. Оросын талаас тус хуралд зөвлөлт-оросын нэрт түүхч, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол-Төвөд-Будда судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор, профессор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Академич Базаров Б.В., ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол-Төвөд-Будда судлалын хүрээлэнгийн түүхч, түүхийн ухааны доктор, профессор Курас Л.В., ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор, профессор Лиштованный Е.И., Байкалын Их сургуулийн ЭШХ-ийн түүхч,түүхийн ухааны доктор, профессор Кузьмин Ю.В. нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Москва,Санкт-Петербургийн түүхчид оролцох хүсэлтээ гаргаад байгаа юм.
Монголын талаас ҮБХИС-ийн БХЭШХ-ийн цэргийн түүхийн төвийн захирал, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар ажлын хэсгийг ахлах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын Ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, цэргийн түүхч, шинжээч, судлаач 40 гаруй илтгэгч оролцохоор мэдэгдээд байна.
Үүнээс гадна, Россотрудничество агентлаг нь Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн хүрээнд Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайнд Зөвлөлт, Монголын хамтын ажиллагаа, Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлж асан үнэлэшгүй түүхэн тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор; Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд улам эерэгээр таниулах зорилгоор урьд өмнө нь нийтэд ОГТ ДЭЛГЭГДЭЖ байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор үнэт баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримт, дүрс бичлэг, эд өлгийн үзмэрүүдийг ЭХ ХУВИАР нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан соёлын төвд ( РЦНК) зохион байгуулах гэж байна.
Тэгвэл түүхэн ойн арга хэмжээний хамгийн чухал хэсэг болох уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хамгийн анхны хуралдаан болж өнгөрлөө.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныг төлөөлж ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Базархандаев А.Р., Цэргийн болон цэргийн нисэх хүчний атташе хурандаа Анисов П.Г, Монгол Улсын БХЯ-ыг төлөөлж Батлан хамгаалахын Төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга, Монгол Цэргийн Музейн ерөнхий менежер дэд хурандаа Л.Гантөмөр, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д.Амартайван; Засгийн газрын тохируулагч агентлаг ХХЕГ-ыг төлөөлж Улсын хилийн музейн эрхлэгч хошууч Т.Нямчимэг, тус музейн сан хөмрөгийн бүртгэл хөтлөгч, үзмэр харагч П.Нарангэрэл;
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивыг төлөөлөн Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны магистр Б.Ринчинноров, эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны докторант Г.Сэр-Од нар уг ажлын хэсэгт орж байна.
Хамтран зохион байгуулагч нарын анх удаа ийм өргөн цар хүрээтэй гаргах цогц үзэсгэлэнг цахимжуулан дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай #Россотрудничество агентлагийн Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвтэй улсуудад дэлгэн үзүүлэх болно.