Асуудлын шийдлийг эрэлхийлж, ажлыг ирээдүй цагт төлөвлөж хийдэг компаниудыг “старт ап” гэж тодорхойлдог. “Старт ап” компаниуд байгуулагдсанаасаа хойш 1-5 жилд үйл ажиллагаагаа 5-10 дахин өсгөж чаддаг амбиц, бизнес төлөвлөгөөтэй байх ёстой.
Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үе нь үүссэн асуудлыг шийдэх “старт ап” компаниудын тоглолт хийх алтан боломж болохыг эдийн засагчид зөвлөж буй. Иймд дэлхийн шилдэг “старт ап” компанийн түүхээс сонирхуулъя.
ОРОС ХЭЛТНҮҮДИЙГ НЭГТГЭДЭГ “ВКОНТАКТЕ”
Оросын сошиал сүлжээ болох “ВКонтакте” нь “Фейсбүүк”-ийн нэгэн адил өргөн хэрэглэгддэг. 89 хэл дээр хувилбартай энэ сүлжээ орос хэлтэй хүмүүсийн хамгийн ихээр хэрэглэдэг нийгмийн сүлжээ юм. Хүмүүс энэхүү сүлжээгээр бие биедээ чат илгээж, цахим хуудас үүсгэн, аудио, видео бичлэг хуваалцахын зэрэгцээ тоглох боломжтой.
“ВКонтакте” 2006 оны аравдугаар сарын 10-наас үйл ажиллагаагаа эхэлжээ. Анх Оросын оюутнуудын дунд нийтийн сүлжээ болон түгсэн бол удалгүй онлайнаар соёлтой харилцах хэрэгсэл болж богино хугацаанд хөгжсөн байдаг. 2017 он гэхэд хоногт 80 сая хүн ордог, 460 сая хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болсон байв. “SimilarWeb”-ийн судалгаагаар 2019 оны есдүгээр сарын байдлаар “ВКонтакте” дэлхийд 12 дугаарт жагсжээ.
* * *
НЭРЭЭ СОНГОСОН ТҮҮХ
Энэхүү цахим сүлжээний нэрийг сонгоход хоёр хүчин зүйл нөлөөлжээ. Нэгт, үндэслэгч Павел Дуров нь “Мэдээлэлтэй бүрэн холбоотой байя” гэсэн “Эхо Москва” радиогийн уриаг бодож олсон байжээ. Хоёрт, сайтыг нийгмийн тодорхой ангид тусгайлан зориулаагүй учир “Контакт” гэдэг үг илүү тохирч байв.
2012 онд “ВКонтакте” сошиал сүлжээг үндэслэгчдийн нэг Лев Левиев “Известия” сонинд ярихдаа “старт ап”-ынх нь нэг нэр нь “Studlist.ru” байсан ч дараа нь уг хувилбарыг сольсон гэсэн байна.
“ВКонтакте”-г үүсгэн байгуулагч Павел Дуров нь өдгөө 35 настай, 22 настайдаа энэхүү сүлжээг үүсгэн байгуулж, богино хугацаанд амжилт олсон программист, ам.долларын тэрбумтан юм.
* * *
АМЖИЛТЫН ЗАМНАЛ
-2006 оны эхээр төслийн эхний хувилбар бий болжээ. Улмаар “ВКонтакте”-г үндэслэгч Павел Дуровын 22 нас хүрсэн өдөр буюу аравдугаар сарын 10-ны өдрийг тус сүлжээ ажиллаж эхэлжээ.
-2007 оноос “ВКонтакте” илүү алдаршсан. Хандалтаараа Оросын нэр хүндтэй цахим сүлжээ “Одноклассники”-г болон Хятадын “Xiaonei”-г ардаа орхиж, Германы “StudiVZ”-тэй зэрэгцэх болов. “ВКонтакте” Оростоо зочилсон хуудасны тоогоороо тэргүүлэв.
-2009 оны нэгдүгээр сараас “ВКонтакте”-д Оросын 13.09 сая хэрэглэгч бүртгүүлжээ. Тухайн оны дөрөвдүгээр сард “ВКонтакте” сайт 14.3 сая хэрэглэгчтэй болжээ. “Одноклассники”-ийн хэрэглэгч үүнээс хоёр дахин бага байлаа.
-2009 оны есдүгээр сарын 2-нд “ВКонтакте” олон улсын зах зээлд өрсөлдөхөөр vk.com доменоо авчээ.
-2012 оны долоодугаар сарын 16-нд “ВКонтакте”-ээс Санкт-Петербургт 13-23 насны залуу программистуудын дунд анхны “VK Cup” тэмцээн зохиов.
-2013 оны гуравдугаар сарын 21-нд Холливудын жүжигчин Том Круз “Вконтакте”-д бүртгүүлснээ “Твиттер”-ээрээ дамжуулан мэдэгдэж байв. Дөрөвдүгээр сарын 23-нд жүжигчин Зак Брафф мөн бүртгүүлжээ.
-2013 онд “ВКонтакте”-ийг зохиогчийн эрх зөрчсөн гэж Италид хааж байжээ.
-2013 онд “ВКонтакте” шинэ үйлчилгээ болох “Snapster”-ийг нээв. Энэ нь өрсөлдөгч “Фейсбүүк”-ийн эзэмшдэг үйлчилгээ болох “Инстаграм”-тай төстэй зургийн аппликейшн юм.
-2016 онд “ВКонтакте”-гаар дамжуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс шууд асуулт асуух боломжтой болсон. Тухайн оны дөрөвдүгээр сард Оросын Засгийн газар “ВКонтакте”-д албан ёсны хуудсаа нээжээ.
-2017 оны есдүгээр сарын 26-нд “ВКонтакте” “iOS” болон “Android” хувилбарынхаа дизайныг өөрчилсөн.
-2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд “ВКонтакте”-гийн хөгжмийн фестиваль “VK Music Awards”-ийг онлайнаар дамжуулав.
-2018 оны нэгдүгээр сарын 23-нд “ВКонтакте” шинэ форматаар их текст, зураг, аудио, видеотой нийтлэл оруулж болдог болжээ.
-2018 оны арванхоёрдугаар сард “ВКонтакте”-д өөрийн гэсэн утасны мессенжер “VK Me” бий болов. Мессенжер нь “iOS” болон “Android”-д татагддаг.
-2019 оны нэгдүгээр сард “ВКонтакте”-д бичлэг архивлаж болдог болсон бол хоёрдугаар сараас “ВКонтакте”-д “AliExpress”-ээр дамжуулан бараа зардаг болжээ.
-2019 оны дөрөвдүгээр сарын 1-нд дотоодын валют “VK Coin”-ыг гаргасан байна.
-“ВКонтакте” мөн сайн үйлсийн ажилд олон жил оролцож байна. Тухайлбал, 2017 оны зургаадугаар сарын 14-нд Дэлхийн донорын өдрөөр “DonorSearch ВКонтакте” төсөл хэрэгжүүлж, хүмүүс цусны бүлэг, резус-фактороо бичсэнээр цусны бүлэг нэгтэй найзуудаа олоход туслах, цусны донор болох үйлчилгээ гаргажээ. Мөн тэр жилдээ “ВКонтакте”-гийн “VK for Good” арга хэмжээгээр буяны сангууд ашиг олсон байдаг.