Нийгмийн даатгалын тухай багц хуулиуд 1994 онд батлагдаж 1995 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2006 оноос хойших тайланг нийгмийн даатгалын мэдээллийн санд байршуулсан. Харин 1995-2005 онд шимтгэл төлсөн ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл нийгмийн даатгалын мэдээллийн санд бүрэн ороогүй байсан юм.
Тиймээс иргэн, даатгуулагч 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ тухайн жилүүдэд ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн архивын ажилтанд өөрийн биеэр хандан архиваас шүүлгэж лавлагаа авахад цаг хугацаа зарцуулж, хүндрэл, чирэгдэл учирдаг байсан.
Архивын баримт, бичгийг цахимжуулснаар энэ асуудлыг шийдвэрлэж байна. Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд 21 аймаг 9 дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивт хадгалагдаж буй цаасан баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр нийгмийн даатгалын хэлтсүүд даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болж, даатгуулагчийн шимтгэл төлөлтийн лавлагааг чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
Ийнхүү архивыг бүрэн цахимжуулснаар иргэн, даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250