...
...

АНУ-ын анхны эмэгтэй ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Камала Харрис гэж хэн бэ?

АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа Камала Харрис гэж хэн бэ? Америкийн түүхэн дэх анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгчийн талаар мэдээлэл хүргэе.


Камала Харрис нь 56 настай. Калифорнийн Оклендэд цагаачдын гэр бүлд төрсөн. Түүний ээж нь Шамала Гопалан нь Энэтхэг, аав Доналд Харрис нь Ямайкад төрсөн хүмүүс юм. Камалагийн нэрийг санскритаас орчуулвал “бадамлянхуа цэцэг”.

Хуульч, улстөрч, Ардчилсан намын гишүүн. Камала 2014 онд хуульч Дуглас Эмхоффтэй гэрлэсэн. Тэрбээр өөрөө хүүхэд төрүүлээгүй байгаа бөгөөд нөхрийнхөө өмнөх гэрлэлтээс төрсөн хоёр хүүхэдтэй маш сайхан харилцаатай.

Камала Харрис АНУ-ын Дэд ерөнхийлөгч болж байгаа анхны эмэгтэй бөгөөд анхны өнгөт арьст улстөрч. Мөн АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа анхны Ази гаралтай улстөрч юм.

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ ирээдүйн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Калифорниа мужаас Сенатад суугаа, Сан-Франциско хотын прокурор асан Камала Харрисын нэрийг дэвшүүлсэн. Камала Харрис нь 2019 онд Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байсан юм. Гэвч кампанит ажлаа өнгөрсөн арванхоёрдугаар сард зогсоосон билээ.

Шинжээчид энэ эмэгтэйг Дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлсний цаана Ардчилсан намынхан Цагаан ордон руу “удирдлагатай” улстөрчийг оруулах эрмэлзэлтэй байна гэж үзжээ. Тэд намынх нь шугамыг амьдралд авчрах хүнийг Цагаан ордонд оруулсан аж. Жо Байден “Камала Харрис надад Доналд Трамп, Майк Пэнс нартай тэмцэхэд туслах илүү тохирсон хүн гэж харж байна” гэсэн байдаг.

Жо Байден мөн сонголтынхоо талаар тайлбарлахдаа “Харрис Хуульзүйн яаманд ажиллаж байхдаа миний талийгаач хүү, Делавэр мужийн Ерөнхий прокурор байсан Бо Байдентай найзалж байсан. Тэд хоёулаа том банкуудтай тэмцэж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалж, хөдөлмөрчдийн нөхцөл байдлыг сайжруулсан” гэжээ.

Тэрбээр Калифорнийн Аламеда хотын тойргийн прокурорын орлогчоор ажиллаж байгаад дараа нь Сан-Францискогийн тойргийн прокурор болсон анхны эмэгтэй аж. Дараа нь тэр Калифорнийн Ерөнхий прокурор болжээ. Харрис 2016 онд Сенатад мужаа төлөөлөх болов. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх Харрисын сонгуулийн кампанит ажил нь 2019 оны нэгдүгээр сард эхэлсэн ч либераль олон нийтийн дэмжлэгийг үл харгалзан Америкийн хэд хэдэн хэвлэл мэдээлэл түүнийг хатуу шүүмжилжээ. Түүнийг Сан-Францискогийн прокуророор ажиллаж байхдаа маргаантай байсан гэсэн байна. “The New York Times” сонинд 2019 оны нэгдүгээр сард хэвлэгдсэн өгүүлэлд Сан-Францискогийн их сургуулийн профессор Лара Базелон “Харрис шүүхийн тогтолцооны шинэчлэлийг дэмжээгүй” гэжээ. Уг материалд мөн Харрис шийдвэрээ хэвлэл, олон нийтэд мэдээлсний дараа өөрчилсөн гэсэн байв. Үүнээс гадна 2015 онд Калифорниа мужийн Ерөнхий прокурор цагдаа нар зэвсэг хэрэглэсэнтэй холбоотойгоор гарсан хэргийг прокурорууд мөрдөн шалгах үүрэг хүлээсэн хуулийн төслийг батлахын эсрэг байж, цагдаа биедээ камертай явах нэгдмэл стандарт тогтоохыг эсэргүүцжээ. Үүнийхээ улмаас тэрбээр Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбооны шүүмжлэлд өртсөн байна.

2019 онд Камала Харрис Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлж чадсан юм. Тэр Жо Байденыг шүүмжилснийхээ ачаар байр сууриа бэхжүүлсэн. 2019 оны зургаадугаар сард болсон Ардчилсан намын нэр дэвшигчдийн дундах анхны мэтгэлцээнд тэрбээр Жо Байдены 1970-аад оноос дагаж мөрдөж ирсэн арьс өнгөний бодлогыг шүүмжилсэн юм.

Шинжээчид Харрисыг америкчуудын дунд үндэстний түвшинд дэмжлэг авах улстөрч биш гэж үзэж байв. Мөн Харристай хамт ажиллаж байсан хүмүүс түүнийг хатуу, хэрүүл маргаантай хүн гэжээ. Иймээс Байдены сонголт хэр амжилттай болох нь тодорхойгүй гэж шинжээчид өгүүлсэн нь бий.

АНУ-ын Дэд ерөнхийлөгчид Камала Харрис нэр дэвшсэн талаар Доналд Трамп “Жо Байден түүнийг сонгосныг төсөөлөхөд бэрх байна” гэв. Трамп “Харрисыг сонгосонд би гайхаж байна...Тэр Жогийн талаар аймшигтай зүйлс ярьсан” гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлынхаа үеэр хэлжээ. Мөн Харрисыг мэтгэлцээний үеэр их муу байсан гэв. Трампын бодлоор хоёр нүүртэй Камала хувь хүний зан чанарын хэм хэмжээнээс татгалзахад бэлэн ажээ. Энэ талаар эрс мэдэгдэл хийсэн бас нэгэн хүн бол Бүгд найрамдах намын үндэсний хорооны дарга Ронна Макдэниел юм. Тэрбээр “Нуугдмал, сул дорой, чадваргүй Жо Байден зөвхөн Дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд зогсохгүй дараа нь дөрвөн жилийн турш улс орныг жинхэнэ удирдаж чадах хүнийг сонгосон” гэжээ. Мөн Харрисын улс төрийн байр суурь нь ихэнх америкчуудын байр сууриас эрс өөр гэдгийг тэмдэглэжээ.

Калифорнийн сенатч Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэнийг зарим шинжээч Ардчилсан намд Жо Байден албан үүргээ биелүүлж чадахгүй байх тохиолдолд Ерөнхийлөгчийн суудлыг эзлэх нэр дэвшигч хэрэгтэй гэж дүгнэв. Энэ сонголт нь Ардчилсан намын удирдлага Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр Жо Байдены оронд Камала Харрисыг сонгосон гэсэн үг аж. Харин Доналд Трамп К.Харрисын талаар “Тэр зүүний улстөрч. Татвар нэмэхийн төлөө ажиллана. Цэргийн зардлыг багасгаж, бүх хилээ нээнэ гэж зүтгэнэ. Энэ нь сонгогчдод таалагдах эсэх нь том асуудал” гэжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ