ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.27/ ээлжит хэвлэлийн хурал болж, коронавирусний халдварын нөхцөл байдлын тухай шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ "Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нийтдээ 18 031 шинжилгээ хийсэн байна. Үүнээс 26 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод хоёр тохилдол батлагдсаны нэг нь хүүхэд байгаа бол бариа засал хийлгэсэн гэх иргэний ойрын хавьтлын нэг хүнээс мөн халдвар илэрсэн байна.
Нийтдээ нийслэлийн хэмжээнд 65 тохиолдол бүртгэгдсэнээс ойрын хавьтлын 974 хүнд хяналт тавьж байна.
Өнөөдрийн байдлаар бид ойрын хавьтлуудыг 15 хоног тусгаарлаж, гурван удаа шинжилгээ авч гэрийн тусгаарлалтад 105 хүнийг гаргаад байна. Орон нутгийн тухайд:
-Сэлэнгэ аймагт есөн тохиолдол
-Дархан-Уул аймагт 13
-Орхон аймагт нэг
-Дорноговь аймагт хоёр тохиолдол тус бүр шинээр нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд голомтолж гарч байгаа дотоодын халдвар нь 300 тохиолдол болсон байна. ХӨСҮТ-ийн нэг ажилтан шинээр батлагдаж нийт 11 эмнэлгийн тусламж үйлчилгээний ажилтан халдвар авсан.
Хоёр хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжсэнээр нийт Монгол Улсад 738 тохиолдол батлагдсанаас 347 хүн эдгэрчээ.
Түүнчлэн нийт 384 эмчлэгдэж байгаагаас биеийн байдал маш хүнд нэг хүн аппаратанд байна. Хүнд хүн тав, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн эмчлэгдэж байна.
Халдварт өвчний нууц үе нь манай улсад 5-7 хоногт эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна гэсэн судалгаа гарсан. Ерөнхийдөө бид хавьтлуудыг тогтоон, хяналтад авсан. Харин сүүлийн голомт нь бариа засал хийлгэснээс үүдсэн халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах, “Рапид мед” эмнэлэгт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш бариа засал хийлгэсэн, үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна” гэлээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250