Улсын хэмжээнд коронавирусний халдварын найман голомт байна. Сүүлийн үед илэрсэн халдваруудын ойрын хавьтлуудаас коронавирус илэрч байна.
ЭМЯ-наас зарим тохиолдолд нийтийн тээврээр аль болох бага үйлчлүүлэхийг зөвлөлөө. Иргэдийг халдвар авахгүй байх талаас нь зөвлөмж өгч, үүнд байгууллагуудын үүрэг маш их байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Нийтийн тээврийг оройд ээлж буух бүрд эцсийн буудал дээр халдваргүйтгэл хийх шаардлагатай бөгөөд долоо хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагуудаар халдваргүйтгэл хийлгэх хэрэгтэй гэв.
Нийтийн тээврийн хэрэгсэлд хүн бүрийг нэг суудал алгасаж суулгах, хоорондоо зай барих тэмдэглэгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэлээ. Мөн автобусны карт уншигчийг спиртэн суурьтай гар ариутгагчаар халдваргүйжүүлэх шаардлагатай бөгөөд нийтийн тээврээр заавал амны хаалт, бээлийтэй үйлчлүүлж, гар халдваргүйжүүлэгч болон спиртэн суурьтай алчуурыг авч явах хэрэгтэй юм.