Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
“Чононгоо фильм” продакшны уг бүтээл "Цөөвөр" хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу энэ сарын 11-нд онлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Базаррагчаагийн Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-“Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт тун удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ. Уг хад нь хэд хэдэн домогтой юм билээ. Та чухам аль талыг нь барьж ажилласан бэ?
-Бэлтгэл ажил сайн явж байгаа. Миний хувьд зохиолоо эхэлж уншаад ерөнхий найруулагчаар ажиллах болсноо мэдэгдсэн. Зохиол маань эхлээд домгийн сэдвээр эхэлж байгаад өрнөл хэсэгтээ орчин цаг руу шилждэгээр бичигдсэн байв. Хэрвээ тийм байдлаар хийгдвэл үзэгчид үйл явдалд нь төөрөлдөх байх гэсэн үүднээс би зохиолч Б.Мөнхтуяадаа “Нэг бол домог талаасаа эсвэл орчин үеэрээ дагнасан нь дээр” гэсэн санал дэвшүүлж, домог талаа барьж ажилласан. Ингэж хийвэл ялангуяа бодит домгийг нь мэддэггүй үзэгчдэд илүү сонирхолтой санагдах байх. Үүнээс гадна Каннын кино фестивальд хүч үзэхээр зорьж байгаа.
-Тодруулбал, та яг аль домгийг нь гол чиг шугамаа болгосон бэ. Бид трейлерээс нь харахад дайн тулаантай үйл явдал их гарах нь гэж хараад байгаа ...
-Дайны хөлд өнчирч хоцорсон таван нялх хүүхдийг өөрийнхөө нэг хүүтэй хамт өсгөж, сайхан эрс болгож байгаа эмэгтэйн тухай өгүүлнэ. Үүнээс цаашихыг үзэгчид маань өөрсдөө үзвэл илүү сонирхолтой байх болов уу.
-Та хэдхэн жилийн өмнө “Ээж” нэртэй уран сайхны кино найруулсан. Сайхан ч бүтээл болсон байна билээ. Ер нь яагаад эхийн тухай сэдвээр дагнах болов ...
-2016 онд сайхан хамт олонтой “Чононгоо фильм” продакшн байгуулагдаж, дээрх киноны ард гарцгаасан юм. Олон хүн энэ киног үзсэн байдаг юм билээ. Сэтгэл ханамж ч бүрэн нийцсэн гэж сошиал болон өөрсдийн үгээр хэлж байсан. Мөн Монголдоо төдийгүй олон улсын кино наадамд сайхан амжилт үзүүлсэн. Монголоос хамгийн олон шагнал хүртсэн кино болсон шүү. Тодруулбал, 17 фестивальд оролцохдоо есөн шагнал гардсан. Үүний тав нь гран при байсан. Тус киноны зохиолыг энэ удаагийн “Ээж хадны домог” киноны зохиолын эзэн, “Чононгоо фильм” продакшны продюсер Б.Мөнхтуяа бичсэн. Надад анх “Эх” гэдэг нэртэйгээр ирж байлаа.
-Та л ээжийн тухай зохиол “захиалаад” байна уу эсвэл зохиолч нь сэтгэлийнхээ дуудлагаар энэ сэдвээр бичээд байна уу?
-Зохиолч маань өөрөө л энэ сэдвээр бичиж, надад таалагдсан учир хамтарч ажиллаж байгаа юм. Түүнээс биш би зохиол захиалаагүй ээ. Жишээ нь Б.Мөнхтуяа “Ээж” киноныхоо зохиолын санааг 2006 оны үед Сэлэнгэ аймгийн Зүүнбаян суманд олсон гэдэг. Ийнхүү 10 жилийн дараа буюу 2016 онд кино болон мөнхөрсөн дөө. Бид хоёр ээж хүмүүс. Тэр утгаараа “Монголынхоо бүх сайхан ээжид зориулж дээрх бүтээлийг хийе” гэсэн сэтгэл нийлж, ажлаа эхлүүлсэн. Амжилттай ч өндөрлүүлж чадсан.
-“Ээж хадны домог” киног найруулах “тушаалыг” хэрхэн авав?
-2019 оны зургаадугаар сард Б.Мөнхтуяа манай гэрт ирээд “Та ирэх арваннэгдүгээр сар гэхэд хөл дээрээ босно биз дээ” гэв. Тэр үед би нурууны хүнд хагалгаанд орсон байсан болохоор босох нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байлаа. Надад тэгж хэлэхээр нь “Өндийх байтугай хөдөлж ч чадахгүй байна. Юу болов” гэсэн чинь “Би Ээж хадны тухай кино хийх гэж байгаа юм. Та л гол дүрд нь тоглож чадна” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Ийм биетэй байгаа би тоглоно гэдэг худлаа даа” гээд учирлав. Тэгсэн намар нь буюу арваннэгдүгээр сард дахиж уулзалдаад “Ерөөсөө л та найруулагчаар ажиллаж чадна” гээд зохиолоо уншуулсан. Зохиол нь ч таалагдсан. Өмнө нь нэг кино бүтээцгээсэн болохоор хэн хэнтэйгээ ойлголцоход ч хялбар байлаа. Бие ч гайгүй болсон. Ингээд л бидний ажил эхэлсэн дээ.
-Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?
-Киноны 60 хувь нь бага насны хүүхэд учир хүүхдүүдээ эхэлж сонгосон. Тийнхүү насанд хүрсэн гол дүрийн хүмүүсээ хүүхдүүдтэйгээ ойролцоо төрхтэй жүжигчдээс эрэлхийлж олсон. Гэхдээ гол буюу ээжийн дүрээ сонгохдоо их хугацаа шаардсан. Учир нь сүүлийн үеийн жүжигчид давхраа хийлгэх эсвэл хөмсгөө шивүүлэх нь элбэг болж. Харин бид эртний сэдэвтэй кино хийж байгаа болохоор нүүрэндээ гадны нөлөө оруулаагүй жүжигчин олох ёстой болоод байдаг. Ингээд арай монголжуу царайтай юм уу гэж харснаараа загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэгийг сонгосон. Гэхдээ дахиад нэг асуудал үүссэн.
-Ямар ...?
-Гол дүрийн жүжигчнээ хөгшин настай дүрд хувиргаж болно гэж бодоод ажилласан чинь өнөөхийн маань дүр огт хувирдаггүй ээ (инээв.сурв). Хүүхдээ болгож байгаа залуучуудаасаа ялгагдахгүй царайтай харагдаад байхаар нь дахиад нэг жүжигчин олох эрэлд гарсан. Гэтэл манайхан “Ерөөсөө л та тогло” гэдэг юм байна. Гэвч А.Баярцэцэг бид хоёрын дүр тэс өөр. Ядаж л нүд, мэнгэ зэрэг нь эрс зөрүүтэй учир энэ байдлаа хэлж больсон. Ингээд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах эгчийг сонгосон.
-Зураг авалт хаана хийгдсэн бэ?
-Төв аймгийн Баянчандмань суманд ихэнхи зураг авалт хийгдсэн. Мөн Мөнгөнморьт сум, Говьсүмбэр аймагт үлдсэн зураг авалт болж өндөрлөсөн. Ашиглагдахаа болиод байсан ресторанд агуйгаа өөрсдөө барихаас эхлээд их хөдөлмөр шаардагдсан шүү. Үүнээс гадна би энэ бүтээлээ хүн байгалийн уялдаа холбоог илүү ойртуулахыг хичээсэн. Өнөөдөр манай улсад олон гол горхи, шанд булаг ширгэж, цөлжилт үүссээр байна. Техник технологи хөгжиж байгаа ч ард иргэд маань байгаль ахуйгаа хайрлахаа больжээ. Материаллаг тал руу их анхаардаг, шунадаг болсон байна. Саяхан газар хөдлөлөө, зун болохоор үер буудаг. Энэ бүхэнд байгаль дэлхий маань бидэнд үйлдлээрээ эсэргүйцлээ илэрхийлээд байгаа юм биш байгаа. Үүнийг би энэ удаагийн киногоороо дамжуулж илтгэхийг хичээсэн.
-Та хэдэн удаа Ээж хаданд очиж золгосон бэ?
-Хоёр удаа. Сүүлд очихдоо би яг л ээжтэйгээ уулзаж байгаа мэтээр төсөөлсөн. Тэр агшинд өөрийн эрхгүй уйлсан. Б.Мөнхтуяа бид хоёр ээжийгээ алдаад олон жил болж байна. Яагаад ээжийн тухай кино хийгээд байна вэ гэхээр үүнтэй ч холбоотой.
-Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн догдлол төрж байна уу?
-Мэдээж. Гэхдээ хүмүүс кино үзэхдээ шүүмжлэхээ урьтал болгодог. Ер нь ч шүүмжлэх нь зөв. Би шүүмжлээсэй гэж боддог. Гэхдээ заавал харлуулах гээд байдаг хэсэг бүлэг хүн бий. Ер нь бид хэдхэн секундийн “Яг боллоо” гэсэн дүрс авах гэж олон өдрийн хөдөлмөр, ур ухаан, авьяасаа шавхдаг. Үүнийг тэд ойлгох хэрэгтэй.
-Киноны дууг нь хүмүүс их сайхан хүлээж авч байх шиг анзаарагдсан ...
-Тийм шүү. Аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичиж, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан. Их сайхан дуу болсонд баяртай байгаа. Нэмж хэлэхэд манай киноны хамт олон үзэгчиддээ олон сайхан гарын бэлэг задалж байгаа. Азын тоог билэгдэж 8888 төгрөгөөр онлайн тасалбар худалдаж авсан үзэгчиддээ саяхан нээлтээ хийсэн “Galaxy S20 FE” гар утас болон сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр гардуулаад эхэлсэн. Маргааш ч гэсэн энэ шагнал үргэлжилнэ. Харин нээлтийн үйл ажиллагааны орой буюу битүүнд супер азтан тодорч, “Toyoto aqua” маркийн автомашины түлхүүр гардана.
-Таны дараагийн уран бүтээл юу байх вэ?
-Түүхэн сэдэвтэй бүтээл хийхээр төлөвлөж байна. Мөн малчин охины дүрээр дамжуулж, Монгол ахуйгаа сурталчлах зорилготой кино бүтээхээс гадна 40-өөс дээш насныханд зориулсан эгч дүү хоёрын төөрөлдсөн хувь тавиланг харуулсан бүтээл хийхээр ажиллаж байна. Өнөөдөр дандаа залуучуудын хайр сэтгэлийн тухай кино хийгдэж байгаа ч миний үеийнхний тухай кино бараг гарахгүй юм. Эдгээрт би ерөнхий найруулагчаар ажиллана.
-Та мэргэжлийн жүжигчин. Гэвч сүүлийн үед кино найруулаад мэргэжлээрээ ажиллахгүй нь гэсэн хармын сэтгэл төрж байна шүү ...
-Өнгөрсөн зун надад гоё гоё дүрийн санал ирсэн. Гэвч кино найруулах ажилтай байгаад амжаагүй. Үнэндээ би ур чадвар шаардсан дүрд л тогломоор байна. Түүнээс биш хөнгөн дүрд тоглохыг хүсдэггүй. Миний жүжиглэх төрөл сэтгэхүй, ур чадвар гаргасан хүнд дүрийг шаарддаг.
-Та нийт хэдэн дүр бүтээсэн байгаа вэ. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?
-Тайзны 70 гаруй, дэлгэцийн 40 гаруй гол болон туслах дүр бүтээсэн. Эдгээрээс би нэгдүгээр курст сурч байхдаа тоглосон Ч.Жумдаан найруулагчийн “Тэнгэрийн сахил” нэртэй кинондоо хайртай. 1991 онд Францад болсон олон улсын шилдэг долоон кино шалгаруулахад тэнцэж байлаа. Тайзны бүтээл гэвэл ОХУ-ын зохиолчийн бичсэн “Манайд амьдаръя” жүжиг. Үүнд ДОХ-оор нас барж байгаа эмэгтэйн тухай өгүүлдэг. Мөн “Харц хатан” жүжгийн Сэржмядагийн дүр байна. Энэ дүр бол надаас жүжигчин хүнээс гарах бүхий л чадварыг шаардсан. Жүжиглэхээс гадна дуурийн төрлөөр дуулах чадварыг гаргуулсан. Тэр жилийнхээ “Гэгээн муза” наадмаас би драмын төрлийн шилдэг эмэгтэй гол дүр, дуулалт жүжгийн шилдэг эмэгтэй гол дүр гэсэн хоёр шагналыг зэрэг хүртэж байлаа.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.