...
...

Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн ӨНДӨР ДҮНТЭЙ бондын арилжааг нээлээ

Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр дүнтэй буюу 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй бондын арилжааг нээн, цан цохих үйл ажиллагаа боллоо./2021.03.30/ 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК төгрөг болон ам.долларын 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй, гурван үе шаттай бондыг олон нийтэд санал болгон, арилжааг өнөөдөр эхлүүлж байна. Эхний ээлжинд 600 тэрбум төгрөгийн бондын захиалгыг авч эхэллээ. 

Тус компанийн захирал Б.Ганхуяг “Хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд,  банк, санхүүгийн байгууллагууд арилжаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20 сая ширхэг хүртэлх бондыг СЗХ өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн юм.

Сануулахад, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд бонд гаргахаар тусгагдсан. Энэ хүрээнд 24-26 сарын хугацаатай,  нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй,2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бонд гаргах ажил ийнхүү албан ёсоор эхэллээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК бондоо энэ онд багтаан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдах юм.

Тус компани 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны  "А6-20"  бизнес төлөвлөгөөгөө холбогдох яамд, төрийн байгууллагууд, ТУЗ-аар хэлэлцүүлэн батлуулснаа энэ сарын 10-нд мэдээлсэн.

Ирэх таван  жилийн хугацаанд тус компани  10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хамаарал бүхий төсөл хөтөлбөрүүдэд оруулж, охин компаниудаа санхүүжүүлж, бизнесээ хөгжүүлнэ гэж мэдэгдсэн. Компанийн зүгээс хамаарч ажиллах найман төсөл, хамтарч ажиллах, дэмжиж  төслүүдийг нийлүүлж тооцохоор нийт  20 төсөл, хөтөлбөр бий гэж байсан.

Тэгвэл дотоодын зах зээлээс босгох 2 их наяд төгрөгөөр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж буй юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ