“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.28) “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.
Өнөөдрийн арга хэмжээнд Mind Tech компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Мөнхбаяр танилцуулга мэдээлэл хийлээ. Тус компани Япон улсын зах зээлд генийн өөрчлөлтгүй ургамлын тос нийлүүлэх хүсэл, зорилготой байгаа талаараа танилцууллаа.
Б.Мөнхбаяр захирал эхлээд компаниа танилцуулахдаа Mind Tech компани нь “Дельта Холдинг” компанийн охин компани гэдгийг онцолсон. “Дельта Холдинг” компани нь “Дельта Фүүдс” болон бусад компаниудаас бүрддэг аж. “Дельта Фүүдс” компани нь Монголын ургамлын тосны импортын 40-50 хувийг хангаж ирсэн, гол нийлүүлэгч компаниудын нэг юм байна.
Тус үйлдвэр Монгол Улсын газар тариалангийн бүс нутагт байрлалтай Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрладаг. 10 га газарт байгуулсан цогцолбор үйлдвэр гурван шат дамжлагатай. Тухайлбал, тосны ургамлыг шахаж, ургамлын тос гаргаж авдаг дамжлага. Хоногт 300 тонн тосны үр боловсруулах чадвартай, 100 тонн ургамлын тос, 200 тонн орчим малын уурагт тэжээл гаргаж авдаг үйлдвэрлэлээ танилцуулсан. Тус үйлдвэр нэг удаад 30 мянган тонн тосны ургамлын түүхий эд хадгалах хүчин чадалтай юм байна.
Монголд ургадаг ургамлын тосны ургамал нь рапс. Mind Tech компанийн үйлдвэрлэлийн хувьд бүх төрлийн тосны ургамлыг шахаж тос гаргах боломжтой аж.
Б.Мөнхбаяр хэлэхдээ “Японы хэрэглэгчид бариултай савлагаатай тос хүнсэндээ хэрэглэдэг юм билээ. Тиймээс савлагааны үйлдвэрлэлд SIPA зэрэг сайн үйлдвэрлэгчдийн машиныг сонгож бэлдсэн” гэлээ.
Мөн “Ургамлын тос, хүнсийг баяжуулдаг. Бидний хувьд тосоо Д витаминаар баяжуулах зорилготой байгаа. Мөн манайд байгаа сайн жимс бол чацаргана. Тиймээс чацарганаар баяжуулах, судалгаа явагдаж байгаа. Үйлдвэрлэсэн тосоо Япон улсад худалдаалахыг чухам яагаад сонирхож буй талаар хэлэхдээ “Генийн өөрчлөлтгүй хүнсийг япончууд нэлээн өндөр үнэтэйгээр авч хэрэглэдэг. Канад, Америкаас ургамлын тосоо импортоор авч хэрэглэдэг юм билээ. Генийн өөрчлөлтгүй тос нь зах зээл дээр байгаа бусад тосноосоо хоёр дахин үнэтэй гэсэн судалгаа байсан. Бид бол Япончууддаа аль болох хямдаар зарахыг хичээнэ. Япончуудын хүнсний соёл, ургамлын тос хэрэглэх соёл нэлээн өндөр түвшинд байдаг учраас генийн өөрчлөлтгүй эрүүл рапсын тосыг Япончуудад нийлүүлэхийг сонирхож, хүсэж байгаа” гэв
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250