...
...

Сорилтоос БОЛОМЖ, ГАРЦ эрэлхийлсэн Монгол, Японы ЦАХИМ ФОРУМ өндөрлөлөө

Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн бүхий л сувгаараа өдөр тутам сорилтуудтай тулсан хэвээрээ байгаа амаргүй энэ цаг үед Монгол, Японы бизнес эрхлэгчид арван өдрийн турш www.ExportMongolia.org цахим талбарт амжилттай чуулж, хоёр орны эдийн засгийн түншлэл ДАХИН  УРАГШ алхсаныг эхэнд тодотгоё.

 

Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд манай талаас зохион байгуулсан  “Монгол Японы ЭЗТХ-ийн 5 жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 5-ны өдрүүдэд үргэлжилж, өчигдөр /2021.07.05/ хаалтаа хийлээ.

Японы гадаад худалдааг дэмжигч “Жетро” байгууллагын дэд ерөнхийлөгч O.Күбота Цахим форумын нээлтийн  өдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн  арга хэмжээнд оролцохдоо хоёр орны бизнес эрхлэгчдэд хандан хэлсэн үгийг сануулъя.

Тэрбээр "Ковид-19 цар тахлын нөлөө дэлхий дахинд үргэлжилсээр байгаа хэдий ч манай хоёр орон вакцинжуулалтыг идэвхтэй хэрэгжүүлж, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлж байна хэмээн бодож байна...

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Япон, Монголын хоорон дахь эдийн засгийн хамтын ажиллагааны чухал арга хэрэгсэл болж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн.

Хэдий тийм боловч зарим аж ахуйн нэгж, компаниуд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглан Япон руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох,  Японы зах зээлд нэвтрэх сонирхолтой байдаг ч,  бизнесээ өргөжүүлэх ямар нэгэн тодорхой арга хэрэгслийн талаар ойлголт хангалттай бус байдаг гэсэн дуу хоолой сонсогдож байна. Семинарын хүрээнд Монголын жижиг, дунд бизнесүүдийн ийм дуу хоолойнд хариулах үүднээс, Монголын компаниуд Япон руу бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход тулгарч буй бэрхшээл болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар дахин нэг удаа цэгцлэн тайлбарлана.  Япон руу гаргах экспортод ашиглаж болох схем болон Японд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, пиар хийх арга, Япон дахь борлуулалтын стратегийн арга зэргийг танилцуулна.Семинарт оролцож буй Монголын компаниуд уг арга хэмжээгээр олж авсан мэдээлэлдээ үндэслэн бараа бүтээгдэхүүнээ Япон руу  экспортлох болон Японы зах зээлд нэвтрэх талаар тодорхой арга хэрэгслийг олж мэдээд, бодитоор хэрэгжүүлэх байх хэмээн найдаж байна. “ хэмээн мэдэгдэж байсан.

Харин ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан хэлэхдээ  "Монгол Улсын нийт экспортын 10.8 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлдэг байсан боловч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ тоо үзүүлэлт 2020 онд нэлээд унаж, одоогийн байдлаар 7.5 хувьтай байгаа. Энэ бол 40 орчим хувиар унасан гэсэн статистик байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хүрээнд ноос ноолуур, нэхмэл эдлэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бараа зэрэг бүтээгдэхүүнүүдийг Японы зах зээлд нийлүүлэхэд, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгогдож буй хөнгөлөлт, давуу талыг ашиглах асуудал чухлаар тавигдаад байна. Манай уул уурхайн бус салбарын бизнесүүд ихэвчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Арав хоногийн турш үргэлжлэх цахим үзэсгэлэнд идэвхтэй оролцож, бараа бүтээгдэхүүнээ Японы зах зээлд нийлүүлэх боломжийг эрэлхийлэхэд цахим үзэсгэлэн дэм болно гэж итгэж буйгаа илэрхийлээд амжилт хүсэж байна" гэж байв.

Түүнчлэн Цахим форумыг зохион байгуулагч бусад оролцогч талуудын төлөөллүүд ч Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн өгөөжийг нэмэгдүүлэхэд энэ удаагийн арга хэмжээ үр дүн дагуулна гэж үзэж буйгаа илэрхийлж байсан юм.

Тодотгоход, энэ удаагийн Цахим форумыг Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, "Экспорт Олон улсын худалдааны төв" ТББ-ууд  хамтран зохион байгуулсан юм.

Тэгвэл арав хоногийн турш үргэлжилсэн Цахим форумаар   Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийг  улам ахиулахад чиглэсэн ямар асуудлууд хэлэлцэгдсэн талаар, форумын үр дүнгийн талаар   “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгээс тодруулахад, дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр хэлэхдээ "Дэлхий даяараа өөрчлөлт шинэчлэлтэд орж, цар тахлын улмаас хил хязгаар хаалттай болж,  бизнес түншлэл, худалдаа, хамтын ажиллагааг шинэ технологи ашиглан хийж буй өнөө үед Япон улстай байгуулсан хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монголын экспортыг нэмэгдүүлэх, Монгол брэндээ сурталчлах, Монголын бизнес эрхлэгчдээ Японд танилцуулах зорилго бүхий Монгол, Японы Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээрийн 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн уулзалтыг  www.exportmongolia.org  цахим талбарт ХХААХҮЯ, ЖДҮГ, ГХЯ, Токио дах ЭСЯ, НЖДҮҮДГ ЭОУХТ зэрэг байгууллагууд хамтран, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл, Үндэсний хөгжлийн газар, Жайка олон улсын байгууллага, Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлал, Мэдээлэл технологийн салбар, Аймаг орон нутгийн захиргааны төлөөлөл бүхий 80 гаруй байгууллага, аж ахуйн нэгж бизнесийн төлөөлөл  цахим үзэсгэлэнгээ гаргаж оролцлоо.

 

Манай Цахим форумын хүрээнд

 

  • Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт
     
  • Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт
     
  • Монголын аялал жуулчлал болон мэдээллийн  технологийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй цахим уулзалт
     
  • Аймаг, орон нутгийн хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт
     
  • Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтууд тус тус зохион байгуулагдсан.

 

Цахим үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх байсан боловч зохион байгуулагчдын зүгээс аж ахуйн нэгжүүдээ дэмжин есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл цахим талбарт үргэлжлүүлэн  үзэсгэлэнг байршуулан Японд сурталчлахаар болсон. Наймдугаар сарын 28-наас  есдүгээр сарын 5-ны хооронд Япон улсад  зохион байгуулагдах,  олимпод оролцсон орнуудыг сурталчлах арга хэмжээ  Токио хотын хамгийн том метроны буудал болох "Токио эки"  дээр зохион байгуулагдах юм. Энэ хүрээнд болох өдөрлөгийн арга хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг Цахим форумд оролцсон компаниуддаа олгохоор болж байна.

Манай арга хэмжээний цахим талбарт арав хоногийн хугацаанд  нийт зургаан удаагийн танилцуулга уулзалт болсон.

Зургаадугаар  сарын 25-ны өдөр Японы талаас "Жетро" байгууллагын зохион байгуулсан Монголын талын экспортыг нэмэгдүүлэх семинарыг зохион байгуулсан нь Монголын бизнесийн салбарынхан тэр дундаа экспортыг зорьж буй бизнесүүдэд маань ихээхэн үр өгөөжтэй мэдээ мэдээлэл өгсөн арга хэмжээ болсон гэж үзэж байна.
 
Мөн Монголын бизнес эрхлэгчид маань зургаадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн салбар салбараараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж хамтын ажиллагаа эрэлхийлсэн саналуудыг  тавьж, идэвхтэй оролцлоо.
 
Цахим үзэсгэлэнгийн тоон үзүүлэлтээс товч дурдвал,  үзэсгэлэнгийн танхимаар 5000 гаруй зочид зочилж,  Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан. 200 гаруй зочид хурлын танхимаар зочилж салбар, салбарын мэдээлэлтэй танилцсан" гэлээ.

Японы бизнес эрхлэгчид Цахим үзэсгэлэнд оролцсон манай аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнүүдийг хэр сонирхсон талаар, цаашдын хамтын ажиллагааны ямар боломжууд нээгдсэн болохыг тодруулахад:

-Баянгол дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэнгийн бүүт хамгийн их хандалтыг авсан. Тус дүүргийн ЖДҮҮ-ийг дэмжих төвөөс 19 үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг уг цахим үзэсгэлэнгээр дамжуулж Япон улсын зах зээлд танилцуулсан юм.
 
Энэхүү уулзалт үзэсгэлэнд Өмнөговь, Дорноговь, Баян-өлгий, Дархан-Уул аймгууд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдээ өргөнөөр хамруулж оролцон аймгийн онцлох бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж ажилласан.

​​​​​
 
Нийслэлийн  есөн дүүргийн ЖДҮҮ-ийг  дэмжих төвүүд  дүүргийн жижиг,  дунд бизнес эрхлэгчдээ нэгтгэн нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулсан нь цар тахлын энэ хүнд үед аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн чухал ажил боллоо.
 
Монголын Ноос ноолуурын холбоо, Жимс жимсгэнэ үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, ХАА Хоршоологчдын үндэсний холбоо, Мэдээлэл технологийн парк зэрэг байгууллагууд дэмжин оролцож төр,  хувийн хэвшил ТББ байгууллагууд маань идэвхтэй хамтран ажиллалаа.
 
Арга хэмжээний үеэр Япон талаас Жетро, Жайка, Япон дахь Монгол төв, Монгол японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголиан валкер сэтгүүлийн хамт олон зэрэг байгууллагууд идэвхтэй оролцож Монголын бизнесийн салбарынханд мэдээ мэдээлэл, зөвлөгөө хүргэх, туршлагаасаа хуваалцах зэргээр оролцлоо.
 
Энэхүү арга хэмжээний үеэр Японд сарлагийн хөөвөр болон ноосон бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны сувагтай холбоо тогтоож цаашдаа Японы зах зээлд Монгол бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр хамтран ажиллах боломж манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд  нээгдлээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай төслийн хүрээнд боломжууд нээгдлээ" гэсэн юм.

Сануулахад, Цахим форум, үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцохдоо, Энэ удаагийн үзэсгэлэнг ковидын нөхцөл байдлын улмаас анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь нэг талаас бид орчин үеийн технологийн шийдлийг ашиглах, нөгөө талаас хил хязгааргүйгээр үндэсний бараа бүтээгдэхүүнийг Монголдоо төдийгүй дэлхий нийтэд таниулах, экспортлох гарц нээгдэж байна гэж үзэж байна.Энэ үзэсгэлэнгээс олон гэрээний суурь тавигдан, Японы бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож, жил ирэх бүрд Япон улсад экспортлох бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж итгэж найдаж байна" хэмээж байсан.

Тэгвэл арван өдрийн дараах Цахим форумын үр дүнг харахад, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Японы бизнесүүдтэй хамтран ажиллах ямар  гарц, боломжууд байгаа вэ гэдгийг өөр өөрсдийн өнцгөөс олж харцгаалаа. Монгол, Японы бизнес эрхлэгчид үнэ цэн бүхий олон нэр төрлийн  түүхий эдийг ашиглан,  дэвшилтэд технологи, ноу хау, мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээж, олон улсын зах зээлд гаргах бүрэн боломж бий гэдэгт илүү их итгэл найдвартай боллоо гэсэн байр суурийг илэрхийлцгээж байна.

Эхэнд хэлсэнчлэн,  ковид цар тахал улс орнуудын өмнө амаргүй сорилт  хэвээр байгаа ч дэлхий нийт цар тахлын энэ үед болон тахлын дараа олон боломжууд бий болно гэдэгт харьцангуй итгэл, найдвартай, төсөөлөл, хүлээлттэй байгаа. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Цахим форум ирээдүйг өөдрөгөөр харсан,  итгэл, найдвар дагуулсан, шинэ боломж, гарц эрэлхийлсэн арга хэмжээ болсныг төгсгөлд нь тодотгоё.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, танд бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. Эмч ээ, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглаарай, бид танд мөнгийг нь өгч, мэс засал хийлгэхээр визээ хийлгэж, хагалгааны дараахан үлдэгдэл мөнгийг танд өгнө. сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

Онцлох мэдээ