ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүс /2021.09.10/ Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан 2020 оны үсчин, гоо засалчдын “Ганцаарчилсан Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээний аваргуудыг хүлээн авч, дэлхийн цом, өргөмжлөлийг гардууллаа.
Мөн энэ үеэр ахуйн үйлчилгээний салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй, сэтгэл зүтгэл гарган ажилласан Дэлхийн үсчин гоо засалчдын холбооны анхдагч санаачлагчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэнг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор болон салбарын шагналаар шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг гардуулж өгсөн юм.
Энэхүү тэмцээн нь дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын хүнд хэцүү нөхцөлд цахимаар зохион байгуулагдсан бөгөөд шагнал гардуулах ажил мөн цар тахалтай холбоотойгоор хойшлогдоод байсан билээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь “Та бүхний нөр их хөдөлмөр, гаргасан амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн амжилт гаргасан үсчин, гоо сайханчдадаа МУ-ын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолыг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны “Мөнгөн шагнал олгох тухай” А-18 дугаар тушаалаар мөнгөн шагнал олгож байна. 2021 оны хувьд Ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн тохиож байгаа онцлогтой жил. Энэ сайхан түүхт ойгоо угтан тэмцээндээ амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан та бүхэнд ХХААХҮ-ийн салбарын нийт ажиллагсдын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, энэхүү дэлхийн цом, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулж өгөх болсондоо баяртай байна. Ингээд та бүхний цаашдын ажилд амжилт хүсээд Монгол хүний ур ухааныг дэлхий дахинд гайхуулан таниулах үйлс тань үүрд дэлгэрэх болтугай” гэв.