...
...

Эцэст нь С.Эрдэнэ бууж өгөв үү, ЭСВЭЛ...

Улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ын эв түнжингүй байдал, дотоод тэмцэл нь явсаар эцэстээ намаа хоёр хуваахад хүргэсэн билээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн тал, УИХ-ын гишүүн Ц.Тувааны тал гэж хуваагдаж нэг нэгнийхээ хийсэн ажил, гаргасан шийдвэрийг үгүйсгэж ирэв.

Хэдийгээр С.Эрдэнэ намын даргын суудлаа М.Тулгатад, Ц.Туваан намын даргын суудлаа О.Цогтгэрэлд өгсөн ч тэдний хагарал, тэмцэл хийгээд тамга, тэмдэгний хэрүүл нь дуусаагүй юм.

Гэхдээ өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Тулгатын АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн ч Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг хууль ёсных хэмээн үзэж, нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг.

Зөвхөн энэ үйл явц л АН-ын хууль ёсны тамга, тэмдэг эзэмших эрх нь С.Эрдэнэд хадгалагдаж байсан гэдгийг нотолж, тодотгож байгаа юм. Гэсэн ч О.Цогтгэрэл даргатай АН-ынхан нь үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхгүй явсаар өнөөг хүрчээ.

Харин саяхнаас л хоёр даргатай АН-ынхан нэгдэн нийлж нэг даргатай болохоор шийдсэн, тохиролцсон талаараа ярьж эхэллээ. Тэд ирэх арваннэгдүгээр сард намынхаа Их хурлыг хийж, хэн ялалт байгуулсан нь намын дарга болох тохиролцоонд хүрчээ. Тэд энэ энэ тухайгаа хэд хэдэн удаа хэвлэлийн хурлын үеэрээ хэллээ. Гэвч тэнд ганцхан С.Эрдэнэ л байсангүй, ам нээсэнгүй.

Эцэст нь С.Эрдэнэ бууж өгч, намаасаа явсан байх гэх хоосон таамаг, хий хардлага л үлдээжээ. Эсвэл эсрэгээрээ суурь нь ганхаж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахын тулд хоёр хуваагдсан АН-ынхан түр хугацаанд хүчээ нэгтгэж байхыг ч үгүйсгэхгүй. Дээр нь нөхөн сонгуульд ялалт байгуулахын тулд ч байж мэдэх л юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ