...
...

Ц.Ариунбат: Хамтын хүчээр хөгжлийн үүдийг нээх нь чухал байна

Бид нэгдэл хэлбэрээр, маш сайн зохион байгуулалтад орж анхны цогц үйлдвэрийг, хамтын хүчээр байгуулах гэж байна.

 

"Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ТУЗ-ийн дарга, “Мегавүүд” компанийн ерөнхий захирал, “Эрхэт Монгол”  группын зөвлөх Ц.Ариунбаттай ярилцлаа.

 


-Хориод жилийн бизнесийн түүхтэй “Эрхэт Монгол” групп, үйлдвэрлэлийн 16 жилийн туршлагатай “Мегавүүд” ХХК-ийн хамран хэрэгжүүлж буй “Барилга Кластер” төслийн талаар таньтай ярилцах гэсэн юм. Энэ төслийг ярихын тулд эхлээд  “Мегавүүд” ХХК-ийн үйл ажиллагааны талаар ярих ёстой болов уу?

-Манай “Мегавүүд” ХХК  2005 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн тал дээр нэлээн туршлага хуримтлуулсан учраас, цаашдаа хөгжлийн бодлогыг хэрхэн төлөвлөж, илүү хөгжиж дэвжих  вэ гэдэг дээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд илүү анхаарсан. Үйлдвэрлэл технологийн парк буюу одоогоор 15 мянган метр квадрат үйлдвэрлэлийн барилгыг сүүлийн дөрвөн жилд барьж дуусгаад байна. Хамгийн сүүлийн барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Бидний хувьд эхлээд бол үйлдвэр технологийн парк гэхээсээ модон материалын үйлдвэрлэл буюу ойн хаягдлыг ашиглаж шахмал хавтан үйлдвэрлэх, тавилгын төрөл бүрийн хавтангууд үйлдвэрлэх зорилго агуулж байсан бол цаг  хугацааны явцад эргээд харахад анхан шатны түүхий эдийн  үйлдвэрийг Завхан, Сэлэнгэ, Булган гэсэн ойн сан бүхий аймгуудад байгуулах нь зөв юм байна гэж үзсэн. Харин барьж байгуулсан үйлдвэрээ барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк болгоё. Энд 12 үйлдвэрээс гадна худалдааны төв байгуулж, нэг цэгийн үйлчилгээ хэлбэрээр шийдэж өгснөөр хэрэглэгчид 100 айл руу 100 явах биш, нэг дороос хэрэгцээгээ хангаад авчихдаг байх нөхцлийг бүрдүүлье гэсэн зах зээлээ бодсон, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бодсон шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэрээ хэнтэй хамтран хэрэгжүүлэх вэ гэдэг үүднээс олон харилцагч, олон сайн танил найз нөхдийн хүрээнд ярилцаж байгаад “Эрхэт Монгол” группыг сонгож авсан. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг байдаг. Ямар ч байсан саваа бол бэлдлээ. Нийт 15 мянган метр квадрат үйлдвэрийн барилга барилаа,  худалдааны төвийн барилга барьж байна.

Үйлдвэрлэлийн туршлага талаасаа тодруулж ярихад, манай компани Японы Токио хотод болдог, дэлхийн 60-70 орны үйлдвэрлэгчид оролцдог  Олон улсын барилгын материалын үзэсгэлэн хуралдаанд 2016 онд оролцож байсан. Бидний хувьд үнэндээ анх удаа оролцсон учраас учраас тухайн үед том сорилт болж байлаа. Тэнд оролцож байхад бидэнтэй Японы Модон хаалга үйлдвэрлэгчдийн холбоо гэж 65 жилийн түүхтэй том холбооных нь Каназава муж дахь ерөнхийлөгч нь ирж уулзсан.  Тэр хүн “Танай хаалгыг үзлээ, таалагдлаа. Манай холбоо жил болгон хурлаа, үзэсгэлэн худалдаагаа хийдэг юм аа. Гадаадын компани орж байсан түүх ерөөсөө байдаггүй юм. Анх удаа гадаадаас танай компанийг урьж оролцуулмаар байна” гэсэн. Тэгээд бид саналыг нь хүлээн авч, Модон хаалга үйлдвэрлэгчдийн холбооны үзэсгэлэнд оролцож, тэндээс шагнал авч байлаа. Дараа нь тэр шугамаараа тус холбооны хүмүүстэй, Каназава муж дахь холбооны хүнтэй хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулж, хамтарч ажиллах нөхцөл бүрдэж байсан. Манай компанийн тодорхой хувьцааг бас худалдаж авсан. Цаашдаа бид Япон руу бүтээгдэхүүнээ экспортлох, борлуулах  хэлцэлтэйгээр бидний ажил эхэлсэн юм.

-Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх хамтрагч компаниар “Эрхэт Монгол” группыг сонгох болсон гол  шалтгаанаа  та хэлж болох уу?

 “Эрхэт Монгол” групп бол маркетингийн чиглэлд өөрийн гэсэн сайн бааз суурьтай. Телевиз, сонин, сэтгүүл, сайт гээд энэ тал дээр олон жил ажилласан туршлагатай баг хамт олонтой. Нөгөө талаас бидний хувьд маркетинг их чухал. Бидэнд маркетинг хийх, өөрсдийн үзэл бодол, санаагаа ойлгуулахад, маш том гарц гаргаж байгаа. Дээрээс нь “Эрхэт Монгол” групп медиа салбараас гадна барилгын хэд хэдэн том төслүүд хэрэгжүүлж байна. Хамтран ажиллахад энэ нь  бас их түлхэц болсон. Ер нь хамтрах гэдэг олон шалтгаантай. Бидний хийж байгаа ажил уялдах ёстой. Бидний хийж буй зүйл, “Эрхэт Монгол”-ын хүсч байгаа зүйл нэг цэг дээр огтлолцож байна гэсэн үг л дээ. Түрүүн хэлсэнчлэн, бидэнд дутагдалтай байгаа хэрэгтэй зүйлийг  нөхөх хамт олон хэрэгтэй.  Тэгэхээр тэдгээрийг нөхөх чиглэл нь “Эрхэт Монгол”-д байна.

-Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт өмнө нь ийм кластер хэлбэрээр хөгжүүлсэн төсөл Монгол Улсад байхгүй л дээ. "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийг кластер хэлбэрээр байгуулах болсон зах зээлийн шаардлагыг та тодотгооч?

-Үйлдвэр байгуулахад ямар зовлон бэрхшээл байдаг вэ гэдгийг маш сайн ойлгож авсны үндсэн дээр аливаа хөгжлийг парк хэлбэрээр явуулах хэрэгтэй гэж үзсэн. Үйлдвэрүүдийг хөгжүүлэхдээ өөр хоорондоо хамааралтай, нэгээс нөгөөдөө бүтээгдэхүүнээ өгдөг кластер хэлбэр рүү шилжүүлж хийх ёстой юм байна. Нэг нэгээрээ биш хамтарч, олон үйлдвэр байх ёстой. Түүхий эдийн татан авалт, ложистик, борлуулалт, маркетинг, хууль эрх зүй, эдийн засаг, мөнгө санхүү гээд бүх талаас нь харахад нэгдэл нь их чухал.

Кластер үйлдвэрлэл гэж юу вэ гэдгийг манай хаалганы үйлдвэр дээр жишээлээд тайлбарлая. Би хаалганы үйлдвэрээ кластер үйлдвэр болгохын тулд деталь болгоныг нь тус тусдаа үйлдвэрүүдэд  үйлдвэрлэж, тэдгээрийг нэгтгэж эцсийн бүтээгдэхүүн гаргана гэсэн үг. Эцсийн бүтээгдэхүүн угсраад гаргах нь үндсэн үйлдвэр байх бөгөөд эргэн тойрон деталь болгоныг нь үйлдвэрлэх үйлдвэрүүд жижиг үйлдвэрүүд байна. Үндсэндээ туслан гүйцэтгэх үйлдвэрүүд гэж болно. Энэ зарчмаар явахын давуу тал юу вэ гэхээр хүн олон юм хийж самгардах биш, нэг деталь хийхэд гаршаад, чанартай бүтээгдэхүүн гаргана. Деталь болгон чанартай болвол эцсийн бүтээгдэхүүн чанартай болно гэсэн үг. Кластер гэдэг бол ерөөсөө л энэ.

-"Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хүчин чадал, үйл ажиллагааны өсөлтийг хэрхэн тооцож байна  вэ?

-Үйлдвэрлэлийн борлуулалтыг шууд 100 хувиар тооцох мэдээж хэцүү. Зах зээлийн эрэлт, нөхцөл байдлаас хамаараад үйлдвэрлэл 60-70 хувийн ачаалалтай ажиллана. Үйлдвэрлэлийн үлдэж байгаа нөөцийг экспортод чиглүүлнэ.

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд барилгын салбар эрчимтэй хөгжсөн. Барилгын салбар эрчимтэй хөгжлийг дагаад барилгын материалын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдсэн. Эрэлт хэрэгцээ байгаа тохиолдолд нийлүүлэлтийг хангах үүднээс тодорхой хэмжээгээр барилгын материалын үйлдвэрүүд хөгжсөн. Гэхдээ үндсэндээ нарийн технологийн үйлдвэрүүд бий болсонгүй. Миний, бидний зорьж байгаа зүйл бол "Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хүрээнд нээгдэж буй 12 үйлдвэр дээр нарийн технологийн үйлдвэрийг голчилж оруулж ирье. Өөрөөр хэлбэл, мэдлэг шаардсан, технологи шаардсан үйлдвэрүүд байх ёстой. Зах зээлээ бодох юм бол Монголд одоогоор олигтой сайн хөгжиж чадаагүй үйлдвэрүүд гэсэн үг.

Яагаад хажуудаа  худалдааны төвтэй  байна вэ гэхээр  нэг цэгийн үйлчилгээг байгуулж байгаа юм. 12 үйлдвэр дээр бий болсон бүтээгдэхүүнийг тэр төвөөрөө дамжуулан борлуулъя. Үйлдвэрлэгчдийн хамгийн том асуудал бол  бүтээгдэхүүнээ борлуулах байдаг. Тэгэхээр борлуулах цэг нь хажуудаа, захиалга нь, маркетинг хийх компани нь бүгдээрээ нэг дороо байя гэж зорьж байна. Худалдааны төв барьснаараа үйлдвэрлэгчдийн хамгийн том асуудлыг нэг дор шийдэх гээд байгаа юм. Мөн барилгад хэрэгцээтэй байж болох үндсэн нарийн материалуудыг  хийхээс гадна импортоор оруулж ирж худалдааны төвдөө борлуулах бодлого барьж байгаа.

-Үйлдвэрлэлд стандарт хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр та бүхний хамтран хэрэгжүүлж буй “Барилга Кластер” төсөл үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

ISO нэвтрүүлж байна. Олон улсын төслийн удирдлагын PMBOK стандарт, гаднын туршлагуудыг нэвтрүүлж байна. Манай компани Үүлэн тооцооллын системийг үйлдвэрлэлдээ хамгийн анх нэвтрүүлсэн шүү дээ. Яг ийм маягаар цаашдаа орчин үеийн, шинжлэх ухаан, техникийн ололтуудыг хослуулж үйлдвэрлэлдээ нэвтрүүлж явах ёстой. Тэгж хөгжилтэй хөл нийцүүлж явахгүй бол манай урд хөрш, бусад орнуудын үйлдвэрүүд маш эрчтэй, хурдтай хөгжиж байна. Тэд нартай хөл нийлүүлэхийн тулд адилхан л хэмжээний бодлого, ухааныг бий болгох хэрэгтэй. Тэр улсуудаас ч илүү бодох хэрэгтэй.

-Та бол нийгэм,  эдийн засгийн өндөр ач холбогдол дагуулахуйц судалгаа, шинжилгээ, туршилт хийдэг хүн шүү дээ. Уг төслийн суурь нь ч үүнд тулгуурлаж байгаа болов уу?

-Би есөн жилийн өмнөөс  судалгаа шинжилгээний  ажил хийж эхэлсэн. Монгол орны хамгийн чухал зүйл болох нүүрсийг дахин боловсруулж, байгалийн хий, метан хий гаргаж авах, цаашлаад  шингэрүүлэх, гаргаж авсан хийгээ уул уурхайн салбарт ашиглах, ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах гэх зэрэг ажлыг есөн жилийн хугацаанд хийж байна. Үүнийг цааш нь өшөө хөгжүүлэх,  шинжлэх ухаан, технологийн инновацын өөр олон хийх ажлууд  надад байгаа учраас би паркийн ажлыг чаддаг улсуудад нь өгье гэж бодсон юм.

Гэхдээ би  өөрийнхөө үндсэн шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэлтийнхээ ажлуудыг хийнэ. Мэдээж энэ нь уг парк дотор байх хамгийн том цөм нь байна. Яагаад гэхээр тэр олон үйлдвэрүүдийг шинжлэх ухаан, технологи хөгжлөөр нь авч явах, дэмжих, судалгаа шинжилгээнийх нь ажлыг хийх инновацын төв байгуулагдах юм. Тэрийгээ бол өөрөө авч явна. Миний хийж байгаа бүтээлийг  зарим уншигчид мэдэж байгаа байх. Тэгвэл хийж буй ажил маань  үр дүнд хүрэхээр болж байгааг дуулгахад таатай байна. Төгсгөлийн шат руугаа орж байна, удахгүй гоё үйл явдлууд болох байх аа гэж бодож байгаа.

-Энэ төслийн хүрээнд эхний ээлжинд 550 ажлын байр бий болно гэсэн. Төслийг хэрэгжүүлэгч “Мегавүүд” ХХК  ажилчдынхаа нийгмийн асуудалд сайн анхаардаг гэж сонссон?

-“Мегавүүд” ХХК үйлдвэрийнхээ ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, орон сууц барих зорилгоор үйлдвэрийн барилгынхаа  хойд талд газар авсан байдаг. Тэнд том бүтээн байгуулалт хийнэ. Орон сууц болон сургууль, цэцэрлэг чөлөөт цагаа өнгөрөөх спорт комплекс зэргийг байгуулж, цогцоор шийдэхээр төлөвлөж ажиллаж байгаа. Бид 60 залуу ажилчнаа  байлгах ажилчдын дотуур байр бэлдэж байна.

-Ер нь үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл бэрхшээл багагүй байдаг байх. “Барилга Кластер” төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлууд шийдвэрлэгдэнэ гэсэн хүлээлт дагаж байгаа?

-Жижиг үйлдвэрлэгчдийн хувьд бол хүндрэлтэй тал зөндөө, зөндөө. Жишээ нь, үйлдвэрлэсэн  бараа бүтээгдэхүүнээ яаж борлуулах вэ, худалдан авагчаа яаж олох вэ гэдэг асуудал байна. Худалдан авагчаа олно гэдэг бол маркетинг хийнэ гэсэн үг. Өөрийн гэсэн дэлгүүр бий болгох уу. Эсвэл талбай түрээслээд, хүнээр заруулах уу гээд олон асуудлууд байдаг.  Тэгэхээр олон жижиг үйлдвэрлэгчдийн энэ асуудлуудыг шийдэхийн тулд нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой юм. Парк гэдэг бол нэгдсэн зохион байгуулалтад орж байна гэсэн үг. Тэнд зөвхөн  үйлдвэрлэл явуулж байгаа 12 үйлдвэр биш бусад үйлдвэрлэгчид ч гэсэн бараа, бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтой болно гэсэн үг.

-“Барилга Кластер” төсөл барилгын салбарын үндэсний үйлдвэрлэгчдэд нээлттэй гэж ойлгосон. Түүнчлэн “Өлзий энд Ко капитал” ХХК, “Райнес Инвестмент” ХХК-иудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Та энэхүү  хамтын ажиллагааны  ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

- “Өлзий энд Ко капитал” ХХК, “Райнес Инвестмент” ХХК-иудтай андеррайтерын болон зөвлөх үйлчилгээний гэрээг  байгууллаа. Ер нь бол "Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”  төсөл ганц компанийн хийх ажил биш. Олон компанийн оролцоо хэрэгтэй. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн  бид үйлдвэрлэлийнхээ парк буюу барилга байшин үйлдвэрлэл явуулах орчин нөхцлөө үндсэндээ бэлдчихлээ. Худалдааны төвийн барилгаа ирэх жилийн дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа эхнээсээ ил тод, нээлттэй байх шаардлагатайн үндсэн дээр “Өлзий энд Ко капитал” ХХК, “Райнес Инвестмент” ХХК-иудтай хамтран ажиллах гэрээ байгуулж буй юм. Цаашдаа бидний хөрөнгө босгох, нийтийн зах зээл дээр гарах үйл ажиллагаанд эдгээр компаниуд маань ажиллана. Манай төсөл бол барилгын материалын үйлдвэрлэл дээрээс нь технологийн парк гэдгээрээ, үйлдвэрлэлийн салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үндсэн  бүтэцтэйгээрээ Монгол Улсдаа анхдагч болж байна. Паркийн үйл ажиллагаанд Монголын Үндэсний компаниуд орж ирэхийг би урьж байна. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө салбарт туршлагатай, чадвартай нөөц бололцоотой компаниудыг оролцуулна. Бид нэгдэл хэлбэрээр, маш сайн зохион байгуулалтад орж анхны цогц үйлдвэрийг, хамтын хүчээр байгуулах гэж байна.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ