Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулан яваа алтан баритон, Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ардын жүжигчин цол хүртээх зарлиг буулгажээ.
Монголын сонгодог урлагийг дэлхийн тайзнаа тамгалсан тэрээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн ба 2009 оноос Сонгодог уран бүтээлчийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байсан юм.
Тэрээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж, 2016 оноос дэлхийн томоохон 10 гаруй театртай гэрээ байгуулан, дэлхийн сонгодог урлагийн тайзнаа албан ёсоор хөл тавьсан гэхэд болно.
Энэ оны аравдугаар сард Италийн Верона хотын Арена ди Верона амфитеатр, Finservice FZ сангаас хамтран тодруулдаг "Оны шилдэг дуурийн дуучид"-ыг зарлахад Олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин хүртсэн юм. Энэхүү нэр хүндтэй шагналыг тэрээр 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо ёслол төгөлдөр гардаж авах болно.
Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өнгөрсөн хугацаанд,
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдааны II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаанд I байр
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаанд II байр
2015 онд "BBC Cardiff Singer of the World" уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал
2016 онд "Seoul International Music Competition" уралдааны III байрын шагналыг тус тус хүртэж байв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250