...
...

Шатахууны үнэд бус чанарт “ШАНТААЖЛУУЛЖ” байна

Импортлогч орны зовлонг монголчуудад мэдрүүлдэг хамгийн том зүйл бол шатахуун. Нэг хэсэг үнийн хөөрөгдөл толгойны өвчин болж, төр засгаас хүчээр үнийг нь тогтоож байгаад үнэ чөлөөлсөн. Нэг ёсондоо одоо шатахууны үнэ зах зээлийнхээ зарчмыг дагаад өсөж, унаж явах учиртай гэсэн үг. Харамсалтай нь ойрын өдрүүдэд үнээс гадна чанарын асуудал босож ирлээ. Тиймээс энэ удаад бид шатахууны чанарын асуудлын эргэн тойронд сурвалжилга бэлтгэсэн юм.

"БАНК ШАТАХУУНААР ТУУЛДАГ ЗАМЫНХАА ТАЛЫГ Л ЯВЖ БАЙНА"

Өвлийн дунд сар шувтрах тийшээ хандаж, ес эхлэх болсон хэдий ч өчигдөр гадаа ээвэр дулаахан, сайхан өдөр байлаа. Тиймээс зэргэлдээ олон Шатахуун түгээх станцуудаар орж, жолооч нарын сэтгэгдлийг сонсож явлаа. Жижиг тэрэгтэй, 20.500 төгрөгөөр шатахуун авч байсан жолооч Ц “Үнэндээ л хэцүү байна. Миний машин өвөлдөө банк шатахуунаар 500 км хангалттай явдаг. Гэтэл сүүлийн үед 300 км л явж байна. Тиймээс чанаргүй бензинд л учир байна гэж бодоод байгаа” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм.

Тэгвэл жолооч эмэгтэй Б “Шүдний өвчин шиг асуудал энэ л байна. Миний машин зүгээр байж байгаад асахдаа доголдож эхэлсэн. Тэгээд үзүүлтэл бензины бохирдол, банкаа угаалга гэсэн. Угаалгая гэхээр бас л бөөн мөнгө хэрэгтэй болчихоод хэцүү л байна. Ингээд хуучин шигээ явахаа больчихоод байгаа учраас байсхийгээд шатахуунаа нэмэх нь эдийн засагт маш их дарамт болж байна” гэлээ.

Харин М-Ойл шатахуун түгээх станцын Баянбүрдийн тойрогт байрлах салбарын түгээгч А өөрийн компанийн борлуулж буй шатахууны чанарт ямар нэгэн асуудал байхгүй гэж байна. Учир нь ОХУ-аас оруулж ирсэн шатахуун нь лац, лабораторийн бичигтэйгээ ирдэг гэнэ. Монгол Улсад борлуулагдаж байгаа шатахуун MNS0217 буюу Евро5 стандартыг дагаж мөрддөг юм байна. Гэсэн хэдий ч энэ шаардлага, стандартыг хангадаг гэдэгт хэрэглэгчид итгэхгүй байна. АИ-92 шатахуун л гэхэд октан нь 92-тоо хүрэхгүй, түүнээс доогуур заадаг хэмээн гомдоллодог.

Харин энэ октан хэмжигч багажаар өнгөрсөн жил Шатахуун түгээх станцуудын шатахуунд хэмжилт хийж, хэтэрхий бага байгаа талаар сошиал орчинд мэдээлж байсан “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхонтуулаас энэ талаар нь мөн тодруулсан юм.

Түүний сошиал хаягаар тухайн үед иргэдээс машин нь эвдэрчихлээ, чанаргүй бензинээс болж байна гэх гомдлууд их ирж байж. Тиймээс өөрийн хэмжигч багажаар хэмжиж эхэлжээ. Ингэхэд ихэнх станцуудын шатахууны октан нь зохих хэмжээндээ хүрэхгүй байсан гэдгийг хэлж байна. Мөн тэрээр “Одоо миний прүсс маркийн машин банк бензинээрээ 320 яваад дуусчихаж байна. Уг нь өмнө нь өвөлдөө 500 гаруй бол явчихдаг байсан” гэж байна.

Тэгвэл шатахууны чанар, стандартын талаар Шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Сайнбаяраас тодруулахад “Манай улсад стандарт мөрдүүлдэг газар байхгүй болохоор яагаад ч чанар сайжрахгүй” гэсэн юм. Уг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АМГТГ зэрэг байгууллагууд хяналт, шалгалтыг нэр төдий хийдэг гэнэ. Тиймээс хуулинд чанар, стандартыг нь шалгадаг, сахиулдаг чиг үүргийн байгууллагыг тодорхой болгож, нэгдсэн лабораторитой болох ёстой гэдгийг хэлж байна.

Манай улсад шатахуун, шатах тослох материал импортолж борлуулах тусгай зөвшөөрөл бүхий 114 компани байдгаас нийт импортын шатахууны 80 гаруй хувийг нь 10 гаруй компани нийлүүлдэг байна. Мөн манай улс сард 152 мянган тонн шатахуун нөөцөлдөгөөс 12.5 мянган тонныг нь л улс нөөцөлдөг аж. Нэг ёсондоо улс өөрөө зохих хэмжээний агуулах байхгүй, нэгдсэн стандарт мөрдүүлдэггүйгээс шатахууны хомсдол, чанарын асуудал үүсдэг ажээ.

УРЬДЧИЛАН САНУУЛЖ ХИЙДЭГ ШАЛГАЛТ

 

Шатахууны чанарын асуудал яригдаж эхлэнгүүт ШӨХТГ-ын дарга Б.Бат-Өлзий сошиал орчин өөрийн бодлоо илэрхийлж, удахгүй шалгалт хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр “Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж байгаа, арга хэмжээ авна. Одоо үндэсний хэмжээнд шахаад явна” гэсэн байна. Тэгвэл АМГТГ-аас ч гэсэн энэ талаар тодруулахад хяналт шалгалтын баг гарсан гэдгийг албаны эх сурвалж баталж байна. Энэхүү шалгалтыг түүврийн аргаар хийхээр төлөвлөсөн учраас олон нийтэд мэдээлэх боломжгүйг ч хэлнэ лээ. Тэгвэл энэ талаар иргэдийн байр суурь эсрэг байгаа юм.

Учир нь “Шалгалт хийнэ” гээд ямар нэгэн байдлаар урьдчилан хэлчихдэг. Харин өнөөх шалгуулах хүмүүс нь “бэлдэх” хугацаатай болдог гэдгийг хэлээд байгаа юм. Уг нь дунд сургуулийн явцын шалгалтыг ч гэсэн тэр бүр зарлалгүй гэнэтхэн өглөө нь багш орж ирээд л “Цонхон талаасаа А” гэдэг биш бил үү ч гэх хүн байна. Үнэхээр ч төрийн байгууллагууд хяналт шалгалт хийхдээ урьдчилан заавал хэвлэл мэдээллээр мэдэгддэг. Тэгээд шалгалтын явцаа шууд дамжуулан сүржигнэж байгаад л өнгөрдөг байдал өнөө цагт олширсон.

Тиймээс л тогтсон нэг стандарттай болж, түүнийхээ хангалтыг шалгаж тогтоодог газраа тодорхой болгох хэрэгтэйг хэлээд байгаа хэрэг. Мэдээж шалгаж байгаа өнөөх байгууллага нь тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байх эрх мэдлийг нь ч өгөх ёстой. Эс бөгөөс зуу илүү компани өөр, өөрийн харилцдаг газраасаа есөн зүйлийн шатахуун оруулж ирэх учраас эцсийн бүлэгт хохирогч нь иргэд болно.

Учир нь хуурамч, чанаргүй шатахуун хийсэн машинд олон төрлийн эвдрэл, гэмтэл гардаг гэдгийг сүүлийн хориод жил машин засвар ажиллуулж байгаа Я.Гүнбаатар хэлж байна. Хуурамч болон чанаргүй бензин хийснээр хамгийн эхлээд машины асалтад доголдол үүсдэг аж. Үүний дараагаар хааз авахдаа удаан болох, очлуур буюу свэчэ нь бохирддог гэнэ.

Мөн тэрээр “Сүүлийн үеийн он залуу машинууд бүр илүү өндөр октантой бензин хэрэглэхээр байтал манайд өнөөдөр борлуулж байгаа нь түүний хаана ч хүрэхээ больчихсон. Тиймээс октан багатай бензин хийхээр систем нь ажилгүй болоод комьпютер нь шатчихдаг. Гэтэл жолооч нар засварчдыг л муу хэлдэг. Дэлхийн аль ч машин үйлдвэрлэгчдэд хуурамч шатахуунаас болж машинд ийм эвдрэл гарна гэсэн анхааруулга, түүнийг нь засварлах зааварчилгаа огт байдаггүй” гэсэн юм.

ҮНЭТЭЙ БУС ЧАНАРТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

 

Өнөөгийн нийгэмд автомашин бол хэрэглээ болсон. Тийм ч болохоор айл бүр хөрөнгө төсөвтөө тааруулан “хөл дүүжлэх” унаатай болдог. Амьдралын чанар харилцан адилгүй учраас үнэтэй шинэ, хуучин хямд машин авах нь тухайн хүний, айлын л асуудал. Гэвч үүний цаана бүгдэд нь адилхан асуудал болдог зүйл бол шатахуун. Шатахуун хомсодлоо гэхэд хүмүүс боломжиндоо тааруулаад машиндаа хийдэг. Харин хуурамч болон чанаргүй шатахуун бол автомашины эвдрэлд шууд нөлөөтэй учраас бүгдэд хамаатай.

Тиймдээ ч жолооч нар “Шатахууны үнийг чөлөөлсөн учраас үнэтэй, эсхүл хямдхан байх нь хамаа алга. Хамгийн гол нь чанартай шатахуун машиндаа хиймээр байна. Тэгэхгүй болохоор эцсийн дүнд нь үнэтэй шатахуун хийснээсээ хэд дахин хохирол амсаж байна хэмээн учирлаж байгаа юм.

Нэг ёсондоо монголчууд шатахууны үнийн өсөлтөд биш чанаргүй, хуурамч шатахуунд “шантаажлуулж” эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

Ийм байдлыг төрийн эрх барилцаж байгаа гишүүд нь ч мэддэг билээ. Энэ оны долоодугаар сарын 1-ний УИХ-ын чуулганаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Хуурамч шатахуун маш ихээр орж ирж байна. 2012 онд уг бүтээгдэхүүн нийтдээ 2000 орчим тонн орж ирдэг байсан. Гэтэл 2020 оны гаалийн мэдээгээр керосин 45 мянган тонн, хүнд нефтийн фракц нь 154 мянган тонн, нафта, 500 тонн, алзалит 5500 тонн гээд өсөөд явчихсан.

2012 онд үйлдвэрүүдэд хэрэглэж байсан бол одоо хуурамч шатахуун буюу 75 хувийг нь дизель түлш хийгээд, 25 хувьд нь нафта, алкалит хийдэг. Өөрөөр хэлбэл хуурамч шатахуун үйлдвэрлэдэг компани татвараас 60 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна. Энэ үндэсний компаниудыг зах зээлээс шахах давхар бодлогыг явуулах хэрэгтэй” хэмээн хэлж байсныг сануулъя.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ