-Оюутолгойн асуудлыг УИХ дээр удааж болохгүй боллоо-
УИХ-д орсон асуудал хууль тогтоомж болж гарч ирэхдээ сайжирсан тохиолдол цөөн. Ялангуяа Оюутолгой мэтийн алдарт эх орончдын мэрж амьдардаг бэлэн сэдэв УИХ-аар орвол бүр дуусаа. Асуудлаа ойлгоогүй төрийн түшээд цусыг нь холиод гаргана. Сонгогчдодоо эх оронч харагдах гэсэн популист нөхөд өөрсдийгөө харин ч нэг дөвийлгөнө дөө.
Тэдэнд улс орны том эрх ашгаас илүүтэй олон нийтээс багахан оноо цуглуулах чухал. Тэгвэл өнөөдөр яг тийм зүйл болох гэж байна. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байсан. Энэ асуудлаар сөрөг хүчин завсарлага авснаар популистуудын тоглолт түр намжлаа.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын дахь “Оюутолгойчид” асуудлыг бүр хүндрүүлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулагч тал эцсийн шийдвэр гэж тодотгосон энэ удаагийн саналаасаа буцаж, хятадуудад хувьцаагаа зарна гэдэг мэдээлэл хөврөх болсон байна. Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” нь Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Хувьцаа нь өдөр бүр чөлөөтэй арилжигдаж байдаг компани. “Туркойз хилл ресурс”-ийн толгой компани “Рио тинто” ч мөн Лондон, Австралийн биржид давхар бүртгэлтэй.
Тиймээс тус компани дахь хятад хөрөнгө оруулагчдын нөлөө их гэж үздэг. Одоо байгаа мэдээллээр “Рио Тинто” болон Хятадын хамтарсан нэгдэл Мозамбикийн нүүрсний, Гвинейн төмрийн хүдрийн уурхайн төслийг хэрэгжүүлж байгаа аж. Гвинейн төмрийн хүдрийн Симанду төслийн 45.05 хувийг Канадын “Рио тинто”, Хятадын алдарт “Chinalco” хамтран эзэмшдэг байна. Мөн “Рио тинто” компанийн тодорхой хувийг Хятадын хоёр компани буюу “Chinalco” 9.3 хувийг, “Aluminum Corporation” 11 хувийг эзэмшдэг.
Тэгвэл “Рио тинто” тэдэнд нэмж 15 хувиа зарж магадгүй гэсэн мэдээ гарах болсон. Энэ нь Оюутолгойн хэлэцээтэй холбоотой. Хөрөнгө оруулагч хэрвээ монголчууд эцсийн саналыг нь хүлээж авахгүй бол хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөө нь байж болно. Хэрэв ийм нөхцөл үүсвэл монголчууд Канад-Австралийн “Рио тинто”, “Туркойз хилл ресурс”-тэй бус хятадын төр хэлэлцээ хийх шаардлага гарна. Улмаар Хятадын төрийн бодлого Оюутолгойн ордод шууд тусгалаа олно.
Оюутолгойн хөрөнгө оруулагчид болох “Рио тинто”, "Туркойз хилл ресурс" компанийн удирдлагуудаас энэ сарын 11-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээний дүнд томоохон буулт хийж буйгаа мэдэгдсэн.
Тэднээс ирүүлсэн захидалдаа дараах таван саналыг тусгасан.
Нэгдүгээрт: Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэснээр 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна.
Хоёрдугаарт: 2015 онд баталсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”-г энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцлахаар болсон.
Гуравдугаарт: Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд хөндлөнгийн аудит хийхээр тохиролцсон. Хэрэв аудитын дүнд Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх юм.
Дөрөвдүгээрт: Далд уурхайн үйл ажиллагааг 2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцна.
Тавдугаарт: Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах болон байгаль орчны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар хамтран ажиллах талаараа захидалд тусгажээ.
Ийнхүү өнгөрсөн 12 жилийн яригдсан асуудал, улстөрд олон ч баатар төрүүлсэн Оюутолгойн асуудлыг Засгийн газраас гарсан ажлын хэсгийн гишүүд шийдвэрлэж чадсан юм. Олон нийт ч энэ мэдээллийг таатай хүлээж авсан. Жишээ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хэлэлцээнд дэвшил гарсан талаар мэдэгдсэн өдөр олон улсын бирж дээрх Оюутолгойн хөрөнгө оруулагч “Туркойс хилл ресурс” компанийн хувьцаа 10 гаруй хувиар өссөн байгаа юм.
Ийм эерэг дүн гарсан учраас Оюутолгойн хэлэлцээний багийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хөрөнгө оруулагч талаас буулт хийсэн таван асуудлыг УИХ-ын тогтоолын төсөл болгохоор өргөн бариад байгаа нь “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” юм. УИХ уг тогтоолыг баталснаар Монгол талд ногдох 2.3 тэрбум өр тэглэх, “Дубайн гэрээ”-г цуцлах тэргүүтэй дээрх таван асуудал бүхэлдээ албажина гэсэн үг.
Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ийнхүү олон тэрбум ам.долларын таатай санал тавьсныг “Рио тинто”, “Туркойс хилл ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн эсэргүүцэлтэй тулгарах болжээ. Бүр зарим нэг томоохон төлөөллүүд нь өнөөгийн гүйцэтгэх удирдлагадаа банга хүртэж эхэлсэн байна.
Тухайлбал, “Туркойз хилл ресурс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн “Пентвотер капитал менежмент”-ийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр Монголын Засгийн газрын эзэмших хувьд оногдох өрийг тэглэсэнд дургүйцэж буйгаа энэ сарын 16-нд ил захидлаар илэрхийлсэн байна. Тэрбээр компанийн удирлагуудын буруугаас хувьцаа эзэмшигчид хохирол хүлээж байгааг шүүмжлээд, Монгол Улсын 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхийг тэнэглэл хэмээн эрс эсэргүүцжээ.
Улмаар энэ асуудлаар шүүхэд хандана гэдгээ ч илэрхийлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн асуудлыг УИХ дээр удаахгүй, яаралтай горимоор батлах нөхцөл байдал хэдийн үүсчихсэн байна гэсэн үг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН