...
...

Эдийн засаг, хөгжлийн яам макро эдийн засгийн бодлогын газаргүй байх хэрэг үү?

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан билээ.

Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байхаар батлаад буй.

Сануулахад, энэ оны улсын төсвийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яамны сайдын зардлыг анх 4,392.4 сая төгрөгөөр тусгаж оруулж ирсэн бол хэлэлцүүлгийн явцад энэ хэмжээ нэмэгдэж,  313 тэрбум 859 сая 900 мянган төгрөг байхаар хуульчлан батлагдсан юм.

Эдийн засаг, хөгжлийн яамтай холбоотойгоор эдийн засагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очир дараах байр суурийг илэрхийллээ.

“Эдийн засаг, хөгжлийн яам нь макро эдийн засгийн бодлогын газаргүй байх хэрэг үү? Макро эдийн засгийн бодлого, хөгжлийн бодлого нь хоорондоо ялгаатай: зорилго, зорилт нь ялгаатай, хэрэгслүүд нь ялгаатай. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлогодоо эдийн засгийн бодлого нь агуулагдана гэж ойлгож байвал эндүүрэл.

Эдийн засгийн төрөлжүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих бодлого баримтлах тухай ярьчихаад Аж үйлдвэржилтийн бодлого, бүтцийн бодлого, салбар дундын бодлогыг зангидах газаргүй байх хэрэг үү? Хөгжлийн бодлогод аж үйлдвэржилтийн бодлого багтана гэвэл бас том андуурал.  Манай оронд болохгүй байгаа том асуудал бол нийлүүлэлтийн сүлжээний тасалдал буюу түүхий эдийн эхний цэгээс гадны зах зах зээл дээр хүрэх хүртэлх тээвэр, логистикээс эхлээд нэмүү өртөг шингээх шат дамжлага бүр дээрх уялдаа холбоог хангаж чадахгүй байгаа явдал гэж өчнөөн ярьсан. Энэ уялдааг аж үйлдвэржилтийн нэгдсэн бодлогоор хангадаг олон улсын жишиг байгаа талаар ч өчнөөн хурал, хэлэлцүүлэг хийсэн. Салбар бүр нь өөр өөр тийшээ хараад суучихаар ажил явахгүй, санхүүжилтийн механизм, бодлогын дэмжлэг, хамгаалалтын арга хэмжээ, боловсон хүчний бодлогоос авахуулаад олон асуудал үүсэж байгаа талаар дурдсан. Иймд салбар дундын бодлогоо зангидаж, нэгдсэн бодлогоор аж үйлдвэржилт рүү явахад Аж үйлдвэржилтийн бодлого чухал үүрэгтэй баймаар.... Энэ яам бодлого, төлөвлөлт хийгээд бусад яам нь өмнөх жишгээрээ хэрэгжүүлээд явна гэвэл өөрчлөлт гарахгүй л болов уу. Уул нь энэ яам 'цаас' боловсруулдаг бус, бодитой ажил, бүтээн байгуулалтыг манлайлан хариуцагч яам болох байх гэж хүснэм.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг макро эдийн засагт үүсэж буй нөхцөл байдал, хэтийн төлөвийг мэдэхгүйгээр боловсруулж, хэрэгжүүлэх боломжгүй. Хөгжүүлэхийн тулд барилга барина, зам тавина, соёлын төв барина, ..... гээд хүслийн жагсаалт хэлж байхад нь төлбөрийн тэнцэл нь алдагдалтай гараад эдийн засгийн тэнцвэр алдагдаж байх үе цөөнгүй тохиолдоно. Эдгээр хүслийн жагсаалтыг эдийн засгийн чадавх, нөхцөл байдалтай уялдуулахын тулд нэг яаман дээр зангидагдах ёстой болно. Үгүй бол хоёр тийшээ харсан, хоёр том толгойтой ..... юм болох вий...

Бусад амжилттай хөгжсөн азийн орнуудын туршлагаар энэ чиг үүрэгтэй яам нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн гол гүүр болж, хөрсөн дээр, газар дээр яг юу болж, юу болохгүй байгааг олж тогтоон төрийн бодлогод тусгах ёстой. Өөрөөр хэлбэл, ‘доороос дээш’ чиглэсэн төлөвлөлт, бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, нөгөө талдаа, бодит амьдралд шаардлагатай байгаа дэмжлэг, туслалцааг гаргаж, өөрөө гардан хэрэгжүүлэх учиртай болов уу.”

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ