...
...

Төр, хувийн хэвшил хамтран 80 их наядын ажил хийнэ

Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан.

Сангийн яам өнгөрсөн баасан гарагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хуулийн төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж хэлэлцүүллээ. Концессын хуулийг орлон гарч буй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл есөн бүлэг, 60 зүйлтэй. Энэ хүрэнд нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх юм.

УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” баталж, үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бодлого тодорхой хэмжээгээр бий болсон. Гэвч өнөөдөр хэрэгжиж буй Концессын хууль төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчим, үндсэн ойлголтууд болох түншлэлийг төлөвлөх, сонгох, эрсдэлийг тооцож хуваарилах зэргийг бүрэн гүйцэд зохицуулж чадаагүй. Хувийн хэвшлийн оролцоог бүрэн хангаж чадахгүй байгаа тул хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн байна.

Улмаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төсөлд барих-шилжүүлэх төрлийг хасаж байгаа. Түншлэлийн гэрээ нь ашиглалтын зардлыг хариуцахдаа Засгийн газраас, хэрэглэгчээс, холимог гэсэн төрөлтэй байх бөгөөд дан ганц дэд бүтцийн салбар төдийгүй боловсрол, сургуулийн үйлчилгээг гүйцэтгэх боломжийг олгох аж. Засгийн газраас уг хуулийн төслийг дагуулан 26 хуульд өөрчлөлтийг УИХ-д барихаар болсон. Энэ намрын чуулган хаалтаа хийхээс өмнө эхний хэлэлцүүлэгтээ ороод явна гэдгийг ажлын хэсгийнхэн танилцуулав.

 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

 

“Бид хуулийн төслөө хувийн хэвшилтэй хамтран хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Төр, хувийн түншлэлийг одоо Концессын тухай хуулиар зохицуулж байна. Олон улсын практикт төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий. Концесс үүний нэг нь. Бид маш хязгаарлагдмал хуулийн орчинд ажиллаж байгаа тул хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын хууль улсын төсөвт ихээхэн дарамт авчирдаг буруу жишигтэй. Барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг тул үүнийг халах цаг болсон. Хувийн хэвшилд ашигтай атлаа төрийн үйлчилгээг сайжруулсан төслийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Сангийн яам Төр хувийн хэвшлийн тухай хууль дээр хоёр жил гаруй хугацаанд ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын гишүүн орнуудын дагаж мөрддөг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн загвар хуулийг үндэслэн боловсруулсан. Уг хууль батлагдан гарснаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулна. Энэхүү төв шинээр байгуулж буй Эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд байж, мэргэжлийн зөвлөх баг ажиллана” гэжээ.

Төр, хувийн хэвшлийн тухай хуульд зааснаар түншлэгчтэй байгуулах гэрээний дээд хугацаа 30 жил байна. Засгийн газар гэрээ байгуулах эрх олгох бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаас гадна тухайн салбарын сайд, орон нутгийн захиргаа гэрээг хамтдаа баталж, гарын үсэг зурж баталжуулах эрхтэй ажиллах аж. Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгч, мэргэжлийн холбоодын төлөөлөл хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа  илэрхийлсэн.

 

ГААЛИЙН ЗӨВЛӨГЧ ЗУУЧЛАГЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ Ж.БЯМБАГАРАВ

 

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийг зохицуулах хуулийн төсөл санаачилж байгаа нь сайшаалтай. Гэхдээ төслийн заалтуудад учир дутагтай зүйлс байна. Хувийн хэвшил гэдэг тодорхойлолтыг учир дутагдалтай хийж өгсөн гэж харлаа. Уг заалтаар хувийн хэвшлийн бүх төрөл хамрагдахгүй. Зөвхөн аж ахуйн нэгж, хуулийн этгээд байхаар хуулийн төсөлд тусгажээ. Хувиараа биз­нес эрхэлдэг иргэн байвал яах вэ. Аж ахуйн нэгжүүдийн хийж чаддаггүй зүйлийг авьяасаараа хийж чаддаг иргэн байвал төр хамтарч ажиллахгүй. Тэр иргэн заавал хуулийн этгээд болох ёстой юу. Энэ бол жижиг, дунд үйлдвэрийг дэмжихтэй холбоотой асуудал.

Мөн хувийн хэвшлийн эрхийг тодорхой зааж өгөөгүй байна. Төр, Засгийн газрын эрхийг бүтэн бүлгээр зааж өгсөн мөртлөө хувийн хэвшлийн эрхийн тухай асуудал уг төсөлд огт тусаагүй. Уг хуулийн төсөл шинээр гарч байгаа бусад хуультай хэрхэн уялдаж байгаа вэ. Тухайлбал, шинээр гарах гэж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлтэй хэрхэн уялдахыг орхигдуулж болохгүй. Төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь түншлэлийн нэг хэлбэр мөн.

Жишээ нь Сангийн сайд Б.Жавхлан гаалийн зуучлагчийн тусгай зөвшөөрлийг олгож байгаа. Энэ тусгай зөвшөөрлийг авахад багагүй хүнд суртлыг давдаг. Үйл ажиллагаа явуулахад бэлэн болчихсон хэрнээ зөвшөөрлөө авч чадахгүй гацах тохиолдол зөндөө. Гэтэл энэ зөвшөөрлийг мэргэжлийн холбоод нь өгөөд явж болно” гэсэн байна.

 

МӨН ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗӨВ­ЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ А.ЭНХЦЭЦЭГ

 

“Энэ бол амин чухал шаардлагатай хууль. Хуулийн төсөлтэй танилцаж байхад бидэнд тулгамдаж буй зарим асуудал маш бага туссан байна. Бид мөнгөн дүн яриад байдаг. Гэтэл төслөөс мөнгө дүн ургаж гарах ёстой гэдгийг бүгд ойлгохгүй байна. Үүнийг маш их гайхдаг. Төслөөс төсөвт өртөг гардаг байх ёстой. Гэтэл манайхан дунджаар тэд гарсан гэж ярьдаг. Төсвийн тухай хуульд зураг, төсөлгүй зүйлийг төсөвт тусгахгүй гэдэг мөртлөө жил бүр тусгаад явж байна.

Төсвийн хуулийн энэ заалтыг хэзээ хэрэгжүүлэх вэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын асуудал яригдана. Шинэ нисэх онгоцны буудлын төсөв хэд дахин өссөн болохыг бүгд мэдэж байгаа. Хөрөнгө оруулалт нь бараг арав дахин өссөн. Хуулийн төсөлд энэ мэт асуудлыг тодорхой тусгаж өгөөсэй” гэсэн аж.

Мөн үеэр ажлын хэсгийнхний зүгээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх сан байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд уг санг удирдах чиглэл гарсан байна. Засгийн газар сангийн дүрмийг баталж, улсын төсвийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тусламж, бусад хан­дивын хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, энэ оны төсөвт 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт суугаад байгаа. Дээр нь гаднын зээл, тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн дүнг нэмбэл 4.6 их наяд төгрөгөөр хэмжигдэх ажил байгаа юм.

Энэ нь Засгийн газраас санаачилсан Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа 80 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэж буй. Үлдсэн 90 хувь нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөөлөл ч гарсан. 

  Д.ДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ