...
...

Хөгжлийн банкны ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД

-“Кью Эс Си” компани хамгийн өндөр зээл /203.12 тэрбум төгрөг/ авсан бол “Эрд хул” компани хамгийн бага зээлийг /0.7 тэрбум төгрөг/ авчээ-

"Өглөөний сонин" лхагва гарагийн дугаартаа “Хөгжлийн банк чанаргүй зээлийн эздээ зарла !!!” хэмээн асуудал хөндөн бичиж байв.

Тэгвэл Хөгжлийн банкнаас пүрэв гаригт мэдээлэл хийж, чанаргүй зээлийн эздийг дэлгэрэнгүй баримтаар танилцуулав.

Хөгжлийн банкны нэн хаалттай байдалд анхаарч, зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн асуудлыг анх УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байхдаа хөндөж эхлүүлсэн нь өнөөдөр биеллээ олж байгаа нь сайн хэрэг.

Монгол Улс Хөгжлийн банкийг анх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилго дор байгуулсны дагуу төсөл хэрэгжүүлэхээр саналаа өгсөн компаниудад өндөр хэмжээний зээл өгсөн нь харагдана. Баримтаас харж байхад санаанд багтамгүй их мөнгөн дүнг нэр бүхий компаниуд аваад төлөөгүй байгаа бөгөөд зарим компанийн авсан зээлийн төлөх хугацаа хэтрээд 90 сар буюу найман жил болж байх юм.

Эх сурвалжийн дуулгаж байгаагаас харахад чанаргүй 26 зээлдэгчээс зээлээ эргэн төлнө гэхэд бэрх аж ахуйн нэгжүүд ч цөөнгүй бий гэнэ. Хөгжлийн банкнаас нийт хуримтлагдсан өр 880.2 тэрбум төгрөг байгаа бөгөөд тэд зээл гаргахдаа 289.6 тэрбум төгрөгийг бодит хөрөнгө барьцаалан олгосон бол 302 тэрбум төгрөгийн биет бус хөрөнгийг барьцаа болгон авснаа хэллээ. Биет бус гэдэг нь зээл авсан компаниудын хэрэгжүүлэх төслөөр барьцаалсан гэсэн үг. Энэ мэтчилэн зээл тойрсон олон сөрөг асуудал өрнөж байгаа аж. 

 

“ЭРДЭНЭТ”-ИЙН “49 ХУВЬ”-ИЙН МӨНГӨНИЙ ЗАРИМ ЭХ ҮҮСВЭР ХӨГЖЛИЙН БАНКНААС  ГАРСАН

 

Хөгжлийн банкны хамгийн өндөр дүнтэй зээлдэгч нь “Эрдэнэт” үйлдвэрийн “49 хувь”-д хөрөнгө оруулсан гэх “Кью Эс Си” компани 33.4 километр төмөр зам барих санхүүжилтэд 203.12 тэрбум төгрөгийг 2014 оны арванхоёрдугаар сард авч, 112.95 тэрбум төгрөг төлөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хуримтлагдсан өр 212.4 тэрбум төгрөг 44 сарын хугацаа хэтрэлтийн зөрчилтэй байгаа аж. Энэ нь анхан шатны шүүхээс эхлэн маргаан үүсгэж, эцэст нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр “Кью Эс Си” компани 192.4 тэрбум төгрөг төлөхөөр болжээ.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар Худалдаа хөгжлийн банкны бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг оруулж ирэхийн тулд олон аж ахуйн нэгжүүдийн оролцоог ашигласны нэг нь “Кью Эс Си” компани гэдэг. Баримтаас харж байхад тус компани нь 33.4 километр төмөр зам барих төсөлд 203.12 тэрбум төгрөгийг зарцуулаагүй нь харагдана.

Мөн өндөр дүнтэй нэг зээлдэгч бол “Төрийн орон сууц корпораци” төрийн өмчит компани, “Нью яармаг хаусинг прожект” компанийн хамтарсан “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслөөр 2015 оны тавдугаар сард 142.44 тэрбум төгрөг авч, 59.44 тэрбум төгрөгийг төлсөн бол хуримтлагдсан өр 117.9 тэрбум төгрөг болжээ. Тиймээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны зургаадугаар сард тус хамтарсан компанийг 85.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр болжээ. Ямартай ч 2015 оны зургаадугаар сард Барилга, хот байгуулалтын Дэд сайд Г.Байгалмаа нарын хүмүүс “Шинэ яармаг” хорооллын шавыг тавин, тууз хайчилж байсан юм.

 

ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ ЭДЭЛЖ БУЙ “ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ЗЭЭЛИЙГ ЯАЖ ТӨЛҮҮЛЭХ ЮМ

 

Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн нэг Б.Эрдэнэбат угсармал барилга барих нэрээр 2013 оны наймдугаар сард 65 тэрбум төгрөг, дахин 2014 оны долоодугаар сард 39.4 тэрбум төгрөг тус тус авчээ.

Тэрбээр эхний зээлийн төлбөрт 19.31 тэрбум төгрөг, дараагийн зээлийн төлбөрт 7.98 тэрбум төгрөг төлж, одоогийн байдлаар эхний зээлийн үлдэгдэл өр 106.0 тэрбум төгрөг байгаа бол дараагийн зээлийн үлдэгдэл өр 57.1 тэрбум төгрөг байгаа аж.

Тиймээс Хөгжлийн банкнаас 2020 оны аравдугаар сард 154.44 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэйгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Гэтэл Б.Эрдэнэбат нь 2020 оны наймдугаар сард шүүхээс долоон жилийн ял сонсоод эдэлж байгаа. Түүнийг “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилан авсан гэх хэргээр ялласан бөгөөд 20 тэрбум зургаан сая 375 мянган төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шүүхээс шийдвэрлэсэн.

Энд зөвхөн “Номин холдинг”-ийн захирал Ш.Баярсайханы гомдлоор ял авсан болохоос бус Хөгжлийн банкинд төлөх ёстой 154.44 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй шүүхийн асуудал огт байхгүй. Тэгэхээр зээлдэгч Б.Эрдэнэбат Хөгжлийн банкинд төлөх ёстой мөнгөө хэрхэн төлөх вэ гэдэг асуудал хэвээр үлдлээ.

 

СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН СУРАГ Ч ҮГҮЙ, СУУРЬ Ч ҮГҮЙ 42.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АЛГА БОЛОВ

 

Тухайн үедээ шуугиан тарьж байсан хуурай сүүний үйлдвэр гэхээр санах байх. Энэхүү төслийг “Монгол драй милк” компани оруулж ирээд 42.6 тэрбум төгрөгийн зээлийг 2017 онд аваад 2.49 тэрбум төгрөг төлөн сураг тасарсан учраас 2019 онд 47.71 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй шүүхэд очоод байна. Энэ төсөл бол олон хүнийг баярлуулж байсан ч үйлдвэр ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Тус мөнгийг эргэн төлөх эсэх нь тун эргэлзээтэй гэдгийг эх сурвалж хэлнэ лээ. Учир нь биет бус хөрөнгөний барьцаагаар зээл олгосон бөгөөд биет бус хөрөнгө болох Сүүний үйлдвэр баригдаагүй юм байна.

 

БАНКНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН ОРОН СУУЦАА ИРГЭДЭД ЗАРСАН “БЭРЭН” ГРУПП 43.88 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БАЙНА

 

Чанаргүй зээлийн ангилалд “Бэрэн” групп байгаа бөгөөд тус групп нь Хөгжлийн банкнаас 2017 онд 33.2 тэрбум төгрөг зээлж, 3.22 тэрбум төгрөг төлж, хугацаа хэтэрсэн учраас 43.88 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очоод буй. Тус групп нь Хөгжлийн банк болон бусад олон банкнаас удаа дараа их хэмжээний зээл авч нэрд гарснаар сайн мэднэ.

Э.Бат-Үүл Хотын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ТОСК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх мэт уг компанийн хуудуутай ажиллагаа дуусахгүй.

Тэр ч бүү хэл Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” компанийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн. Мөн “Бэрэн" группийн удирдлагууд "Хаан" банкны барьцаанд тавьсан орон сууцаа иргэдэд зарсан, "Хангай" хотхонд орон сууц худалдаж авсан иргэд урьдчилгаагаа төлж, банкныхаа зээлийг болгосон ч байрныхаа гэрчилгээг авч чадахгүй байгаа гэх дуулиан ч гарч байв. Хөгжлийн банкинд өр төлөх нь бүү хэл иргэдийн байрны гэрчилгээг суллан өгсөн үү.

 

ХАМГИЙН БАГА МӨНГӨ ЗЭЭЛСЭН АЛТНЫ КОМПАНИУД ЧАНАРГҮЙ АНГИЛАЛД БАГТЖЭЭ

 

Хөгжлийн банкнаас бага хэмжээгээр зээл авсан ч чанаргүй ангилалд багтаж, зээлээ төлөх эсэх нь тодорхойгүй болсон олон компани бий. Тэднээс хамгийн бага хэмжээгээр буюу 0.7 тэрбум төгрөг зээлсэн “Эрд хул” компани юм. Тус компани нь “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 оны наймдугаар сард мөнгө зээлсэн боловч 0.3 тэрбумыг төлснөөр сураг тасарсан учраас 0.6 тэрбумын нэхэмжлэлтэй шүүхэд шилжээд байгаа.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тус компанийн үйл ажиллагааг 2019, 2020 онд тус тус зогсоожээ. Өнөөдөр эрх нь сэргэсэн үгүй нь мэдэгдэхгүй байгаа ч тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Тухайлбал, 2019 онд тус компани үйл ажиллагаагаа эхлүүлээгүй ч тун ноцтой зөрчлүүд олборлолтын карьерт нь илэрч байжээ. Карьер хананаасаа хоёр ч удаа нуралт өгч байсан гэх мэдээллийг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид өгсөн байдаг. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас “Алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Болор шүр”, “Сонгоульд”, “Өрмөн уул групп” гэх мэт цөөнгүй алтны компаниуд зээлд хамрагдсан ч чанаргүй зээлийн ангилалд багтжээ

 

“ИНЖИР” ГЭЖ КОМПАНИ БАЙНА УУ

 

“Инжир” гэх компани экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга төслийн хүрээнд 2018 оны нэгдүгээр сард 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан ч нэг ч төгрөг эргэн төлөөгүй 7.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 7.64 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байна.

Хамгийн ноцтой нь “Инжир” компани нь наамал дүнз, евро стандартын угсармал модон барилгын чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаагүй гэх мэдээлэл бий. Тэгэхээр Хөгжлийн банкнаас авсан 5.6 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ гэх асуудал ч зүй ёсоор сөхөгдөж таарна.

Мөнхүү алдарт “Монлаа” компани 2014 оны наймдугаар сард төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих нэрийдлээр 5.6 тэрбум төгрөг аваад нэг ч төгрөг төлөөгүй учраас 8.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй шүүх дээр байна. Тус компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй бололтой. 

 

ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД ЯВЖ БАЙСАН КОМПАНИУД

 

Эдгээр 26 компани дунд зээлээ төлөөд явж байгаад зарим давагдашгүй хүчин зүйлийн өмнө тулгарсан нь цөөнгүй байгааг дурдах учиртай. Тухайлбал, “Чингис хаан банк” компани нь 2014 оны наймдугаар сард 13.0 тэрбум төгрөг зээлээд 12.67 тэрбум төгрөг төлсөн бол 1.1 тэрбум зээлийн үлдэгдэлтэй 2021 оны нэгдүгээр сард 1.10 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд очжээ. Түүнчлэн “Монгол эм импекс концерн”, “Бишрэлт групп” компаниуд хамтран 2018 оны гуравдугаар сард 7.27 тэрбум төгрөг зээлээд 5.55 тэрбум төгрөг төлөөд үлдсэн зээлээ төлж чадаагүй учраас шүүхэд очоод байна.

 

НЭГ Ч ТӨГРӨГИЙН ТӨЛӨЛТ ХИЙГЭЭГҮЙ КОМПАНИУД

 

Хөгжлийн банкнаас зээл аваад нэг ч төгрөг төлөөгүй компани бий. Тодотговол, ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төслийнхөн 2016 оны хоёрдугаар сард 19.3 тэрбум төгрөг аваад нэг ч төгрөг төлөөгүй бол “Енсада инстерн” компани 2019 оны арванхоёрдугаар сард экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр төслийн хүрээнд 26.9 тэрбум, “Болор шүр” компани “Алт” хөтөлбөрийн хүрээнд 2017 оны наймдугаар сард 2.3 тэрбум төгрөг аваад тус тус нэг ч төгрөг төлөөгүй байна. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ