Хөгжлийн банкны асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна. Тэрбээр хэвлэлд дараах байр суурийг илэрхийллээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улстөрийн хариуцлага тооцно. Улстөрийн хариуцлага гэдэг дээр намаас хөөгөөд болчих юм уу гэдэг асуултыг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Гол агуулга нь тэр этгээд ямар нэгэн байдлаар улстөрийн үйл ажиллагаанд оролцохгүй болгоно гэдэг нь тэр хүний олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл бүрддэг учраас өөрсдийн хэмжээнд улстөрийн хариуцлага тооцох юм. Цаашид улстөрийн намууд мөн адил энэ замаар улстөрийн намуудыг хариуцлагатай болгох төлөвшүүлэх цаашлаад улстөрч энэ соёлыг дагаж төлөвших учраас ихээхэн өөрчлөлт авч ирнэ гэж найдаж байна.
Сүүлийн 30 жилээр жишээ авахад улстөрийн намууд хөгжиж чадаагүй учраас Монгол Улс хөгжсөнгүй гэдэг товч дүгнэлтийг хийж болно. Улстөрийн намууд нь өөрөө манлайлаад явж чадвал улс нийгэм хөгжих боломж байна.
-Өмнө нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг улстөрчид хуваагаад авсан гэдэг асуудал нэлээд өндөр авч байсан. Түүнд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож чадсан уу?
-ЖДҮ-ийн асуудал надтай ч холбогддог. Тухайн үед тэрхүү алдаа дутагдлыг засуулах арга хэмжээ авч байсан. Ер нь бол улстөрчдийн алдаа санаатай болон санамсаргүй байдлаар явж ирсэн. Ийм алдааг хаах, хясан боогдуулах арга хэмжээг улстөрийн нам чадлаараа хийж өгөх шаардлагатай.
-Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаад ЖДҮ-ийн зээлийн асуудалд холбогдож, хариуцлага хүлээсэн Я.Содбаатар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Энэ мэт асуудлаас үүдэн хариуцлага тооцсон дүр үзүүлж байна гэх шүүмжлэл бий?
-Хариуцлага хүлээх байдлыг хэд хэдэн янзаар салгаж ойлгох ёстой. Ес суртахууны, хуулийн, улстөрийн хариуцлага гэх мэт олон шат дамжлага гарч ирдэг. Манай нам юуг зорьж байна вэ гэхээр улстөрийн хариуцлагыг хэд хэдэн түвшинд гаргаж ирнэ. Хоёрхон хоногийн өмнө батлагдсан дүрмээрээ илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрч дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана.
Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улстөрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улстөрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улстөрийн албан тушаал хашихгүй.
-Та ард иргэддээ амлаж чадах уу?
-МАН 2020 оны сонгуульд орохдоо ядарсан ард иргэдээ дэмжиж тэтгэдэг, улс орныг эзэнгүй мэт аашилдаг хэсэг бүлэг иргэдтэй хатуухан тэмцэнэ гэж томоохон зорилт тавьж орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх дарга ч сонгуулийн мөрийн хөтөлбөрт шударга ёсыг бүх түвшинд тогтоох зорилтыг дэвшүүлж орсон. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцож харах боломж төдийлөн олдохгүй. Үүнийг бид өөртөө ашиглахгүйгээр задарсан бүхнийг цэгцэнд нь оруулна.
Улстөрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг саринуулах үйл ажиллагааг бодитой хийх шаардлага ирж байна.