...
...

"Зээл аваад төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцно"

Улс төрд нөлөө бүхий хүмүүс эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, ах дүү хамаатан садангаараа дамжуулж "Хөгжлийн банк"-аас их хэмжээний зээл авсан, тэрхүү зээлээ эргэн төлөөгүй гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс "Хөгжлийн банк"-наас авсан зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж байгаа "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг энэ сарын 11-ний баасан гарагт болсон юм.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улс төрийн хариуцлага тооцно. Хариуцлага хүлээх байдлыг хэд хэдэн янзаар салгаж ойлгох ёстой. Ес суртахууны, хуулийн, улстөрийн хариуцлага гэх мэт олон шат дамжлага гарч ирдэг. Манай нам юуг зорьж байна вэ гэхээр улс төрийн хариуцлагыг хэд хэдэн түвшинд гаргаж ирнэ.

Хоёрхон хоногийн өмнө батлагдсан дүрмээрээ илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрч дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана. Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улстөрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улс төрийн албан тушаал хашихгүй.

УИХ дахь ан-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс бүгд эрх мэдэлтэй, цаанаа том хүнтэй. Хууль ёсны АН-ыг ажил хийлгэх боломжийг сүүлийн 3-4 жил ер олгохгүй байгаа. Хэрэв надтай холбоотой ямар нэгэн хэрэг яригдвал би шалгуулъя. УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзаад явахад бэлэн. Энэ соёлыг бий болгоё гэж бусад гишүүддээ уриалж байна. Мөнгө тараасан тухайд би хувийн мөнгөнөөсөө тараасан. Энэ жил ямар ч хууль зөрчөөгүй. Нөгөө талаас энэ жил сонгууль болохгүй. Би мөнгөнийхээ эх үүсвэрийг тайлбарлахад бэлэн.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Хоёр төрлийн хариуцлага байна. Нэг нь хуулийн хариуцлага. Нөгөө нь улс төрийн хариуцлага байна. Улс төрийн хариуцлагыг тогтоохгүй болохоор хулгайчид нь орж ирээд байна. Жирийн залуу УИХ руу орох гэхээр тэнд 76 хулгайч байна. Одоо би хулгайч болчихоод байна. Тэгэхээр ийшээ чинь хэн орох юм бэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн байна. АН-ын бүлгийн дарга нь ирсэн байна. Би асуумаар байна, хэн хулгай хийсэн юм. Та нар л нийлж байгаад хулгай хийгээ биз дээ. Тэр хулгай хийсэн нөхдөд хар тамга дараач ээ. Дахиж битгий улс төрд хөл тавиулаач ээ. Энэ "Хөгжлийн банк"-аас хулгай хийсэн нөхөд ХҮН-д орно гэвэл би хүлээж авахгүй, нэр дэвшүүлэхгүй. Ийм зүйлийг улс төрийн намууд өөрсдөө эхлэх ёстой.

УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсгийн гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Манай Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Ажлын дэд хэсгийг байгуулсан, 25 хүний бүрэлдэхүүнтэй. Удирдамж, чиглэлээ гаргачихсан. Өөрөөр хэлбэл, 13 зүйл заалт бүхий удирдамж, чиглэлээ гаргаад ажиллаж байна. Найдваргүй зээлд орсон зээлдэгчдийн өр, авлагыг барагдуулах ёстой. Төр, ард иргэдийг хохиролгүй болгох ёстой. Энэ үр дүнг нь гаргахын тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй, бид ажиллах ёстой. Ямар ч байсан таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна.

Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг болон миний бие багтсан. Эдгээр хүмүүсийг их үнэлж байна. "Оюутолгой"-н асуудлаас эхлүүлээд тууштай ажиллаж, үгээ хэлдэг гишүүд болохоор тууштай ажиллана гэж харж байна. Тодорхой үр дүнд хүрэх байх гэж итгэж байна. Ямар ч байсан тодорхой асуудлыг жагсаагаад гаргана. УИХ-ын даргын өгсөн захирамжаар бол хаврын чуулган эхлэхийн өмнө шалгалтынхаа дүнг гаргах ёстой.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Өнөөгийн ярьж байгаа бүх асуудлыг бид тухайн үеийн шалгалтаар гаргаж ирсэн. Самурай бондын мөнгө дутуу орж ирсэн байсан. Үүнд тусгайлан аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн ч харамсалтай нь энэ дүгнэлт гаргаагүй. Өнөөдөр ил болсон чанаргүй зээлүүдэд ЗГ, УИХ-ын тогтоолгүй гарсан байдаг. Тухайлбал, Хөтөлийн цемент шохойн өргөтгөл, Яармагийн орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй олгож зөрчил гаргасан байсан.

Хөгжлийн банкны олгосон зээлүүд Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй учир зээлийг зориулалтын бусаар ашиглах, бондын мөнгийг зүй бусаар зарцуулах, бондын хөрөнгийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгох цаашид банкны системийн зээлийн чанарт сөрөг нөлөө үзүүлэх нөхцлийг бий болгох нь гэж дүгнэсэн. Хэрэв Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэж байсан өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан.

Тухайн үед 1.5 тэрбум төгрөгийн Самурай бондыг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банканд байршуулсан байсан. Тухайн үеийн хадгаламжийн хүү нь бусад банкны хадгаламжийн хүүнээс 2.5-3 функетээр бага айршуулсан байсан. Энэ мэт дүгнэлтийг бид шалгалтаар гаргаж тавьсан. Уг тайланг тухайн үед УИХ-аар хэлэлцхээр оруулсан боловч эрх барьж байсан АН авч хэлэлцээгүй учраас МАН-ын цөөнх гишүүд АТГ-т дүгнэлтээ өгч байсан. Ингээд 2016 онд манай нам олонх болоод дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дараа одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахад бидний хийсэн өмнөх шалгалттай адилхан дүгнэлтийг гаргаж байсан.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ