Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банк, төмөр замын гэх мэт олон хэрэгт татагдаж магадгүй болж, хуучин дурсамжаа сэргээн Сингапур явсан гэх сураг бий. Буянт-Ухаагийн онгоцны буудлаас гаргаж өгөөгүй болохоор хаашаа явсныг нь мэдэхгүй юм. Гагцхүү энэ бол “Женко”-гийн хуучны танил маршрут. Тэрбээр 1997 онд Монгол Улсын хилээр 17 чингэлэг, 340 тонн спирт оруулж ирсэн нь тогтоогдон, эрүүгийн хэрэгт татагдсан шалгагдаж байгаад Сингапур руу оргон зайлсан. Ийнхүү хилийн чанадаас 17 чингэлэг спиртыг ус болгож, ямар ч ял зэмгүй Монголд буцаж ирсэн түүх өчигдөрхөн мэт халуунаараа аж. Магадгүй хорь гаруй жилийн өмнөх тэр л дурсамжит замаараа Сингапур явсан ч байж болох юм.
Юуны өмнө түүнд холбогдох “Төмөр замын хэрэг” бэлэн байгаа. Мөрдөн байцаах газар, АТГ, Прокурор ч юм уу, аль нэг газрын сейфэнд байгаа. Тодотгож хэлбэл мөрдөж шалгаад бэлэн болчихсон хэрэг эзнээ хүлээж байгаа учраас тэр “дотоод тагнуулын мэдээ” аваад гадагшаа гарчихсан байх магадлалтай л юм. Нэгэнт шүүх хүчний байгууллагаас мөрдлөг шалгалт явуулаад цэгцэлчихсэн хавтаст хэргийг Ерөнхийлөгч байсан ч бүр мөсөн устгуулж чадаагүй байх. Ёстой л эзнээ хүлээж байгаа нь ойлгомжтой. “Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэдэг дээ.
Сүүлийн үед олон нийтийн хандлага ч ноцтой хэрэг өдүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яагаад шалгаж мөрдөхгүй байгаа юм гэх хүлээлт үүсжээ. Төмөр зам барих нэрээр 280 сая ам.доллар “алга болгосон” нөхрийг зүгээр өнгөрөөнө гэж үгүй. Монголын шүүх, цагдаа өчигдөр шалгаж, нотолж байсан бодит зүйлээ өнөөдөр үгүйсгэхгүй нь ойлгомжтой гэх. Нам төрийн өндөр дээд албан тушаалтнууд баримт дэлгэн ярьж байсан зүйлээсээ өнөөдөр буцахгүй. Улсад асар их хэмжээний хохирол учруулсан төмөр замын гэх гэмт хэргийг шалгахгүй байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ гэх зэргээр олон нийт буруутгаж байна.
Нөгөө талаар хэдэн жилийн өмнө шударга үнэний дүрд хувирсан нөхдүүд хөхөө өвлийн хүйтэнд жанжны талбайд галзуураад байсан, яасан бэ. Бүгдээрээ албан тушаалд очоод чимээ сураг тасрав уу. Өнөөх шүүхийн шинэчлэл хаана байна. АТГ-ынхан ч ажлаа хийхгүй байгаагийн нэгэн жишээ энэ. Эсвэл өнөөгийн Засгийн газарт ах дүү, төрөл төрөгсөдөөр дамжсан шинээр МАНАН үүссэн юм биш биз гэх зэрэг хардлага ч явах болов. Тэр тусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын өдүүлсэн гэх төмөр замын хэрэг бол маш тодорхой зүйл гэдгийг 2017 онд эрх баригч намын хариуцлагатай албан тушаалтнууд баримт дэлгэн удаа дараа харуулж байсан. Холбогдох байгууллагууд ч мэдээлэл өгч байсан. Уг нь Н.Энхбаярын хэдэн ном улсын зардлаар зөөвөрлөсөн асуудал нь Х.Баттулгын өдүүлсэн хэргийн дэргэд дэндүү өчүүхэн зүйл байж дээ. Аливаа зүйл амархан мартагддаг учраас “Төмөр замын хэрэг”-ийг эргэн санахад илүүдэх юун.
Өнгөрөгч 2015 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх нарын хүмүүст албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдгийг хүн бүр санах байх.
Энэ үеэр Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн түүхтэй. Х.Баттулгын эзэмшил бүхий Баянгол зочид буудалд гэнэтийн шалгалт хийн, Х.Баттулга өөрийг жудочдоор хамгаалуулж байв. Тухайн үед чухам ямар шалтгаанаар Х.Баттулгыг баривчлан шалгаагүй юм. Монголын цагдаа, тусгай хүчнийнхэн хэдэн жудочдоос айна гэж байхгүй. Тэгэхээр үүний цаана ямар нэгэн тохиролцоо явсан байхыг үгүйсгэхгүй.
Тэгвэл тэд “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн байдаг бөгөөд үүнд одоогийн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр байдаг.
Энэхүү хэрэг шалгагдаж байх үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болж, уг сонгуульд Х.Баттулга амиараа дэнчин тавьж ороод ялалт байгуулсан. Юу юугүй “Дээлээ нөмрөх” гэж байсан нөхөр ийнхүү ард түмний өндөр их итгэл дор ялаас мултарч байв. Эрх мэдлийн өндөр индэрт заларсан учраас түүнд холбогдох хэргийг 2017 оны есдүгээр сард хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулсан. Удалгүй Зам, тээврийн хөгжлийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, интерполоор эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Уг нь 280 сая ам.долларыг төмөр зам барих нэрээр аваад далан шороо босгосон хүн.
Одоогийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр зам, Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын ажлууд явагдаж байна. Бүгдээрээ хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн гацаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тэгвэл хөрөнгөндөө хахаж цацсан Х.Баттулгаас 280 сая ам.доллараа гаргуулж, төмөр ажилд зарцуулах хэрэгтэй. Өнөөдрийн ханшаар бараг нэг их наяд төгрөгөөр чамгүй ажил нугалж таарна. Нөгөө талаар Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар тус ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр өөрийн эзэмшил бүхий компаниудад ихээхэн хэмжээний мөнгө татсан байдаг. Үүнийг ч шалгах хэрэгтэй. Мөн өдгөө ид дуулиан болж байгаа Хөгжлийн банкны асуудлаас тэр яагаад ч тойрох хүн биш.
Хаа хөрөнгө мөнгө байна, тэнд явж байдаг хэмээн Ц.Нямдоржийн хэлсэн үг оргүй зүйл биш. Тэгвэл саяхан болж өндөрлөсөн “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн, шадар туслахаар нь олон жил ажилласан Ц.Ууганбаяр гэж хүн түүгээр дэмжүүлэн, 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй ч шүүх дээр барьцаагаа суллуулсан гэх баримтыг ч дэлгэж байна лээ. Үүнээс гадна өөрийнх нь тэргүүлсэн МоАХ-ны гишүүд “Х.Баттулга Ардчилсан холбооны байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавиад газар авсан өөр зориулалтаар ашигласан. Тэр МоАХ-ны гишүүдэд зориулсан орон сууцны хороолол босгоно гэсэн ч арилжааны чиглэлийн хороолол босгосон. Байр банкны барьцаанд байгаа” гэдгээ хэвлэлээр зарлаад эхэлжээ. Түүнд хөрөнгө мөнгөтэй холбогдох асуудал мөн ч олон байгаа. Ядахад нэгэнт тодорхой эзнээ хүлээж байгаа төмөр замын хавтаст хэргийг шалгах байх гэж найдна.
С.Ууганбаяр
Дандаа өөрийнхөө өмнөөс хэн нэгнийг золиослоод өөрөө уснаас хуурай гардаг. 17 чингэлэг спиртийг дүү Баттуулдаа үүрүүлсэн.