...
...

Инфляц сүүлийн есөн жилийн ХАМГИЙН ӨНДӨР үзүүлэлтэд хүрэв

Дэлхийн улс орнууд цар тахлын улмаас инфляцын хохирогч болсон. Сүүлийн хоёр жилд агшсан эдийн засаг энэ жилээс дэлхий даяар тэлэх хандлагатай байгаа юм. Манай улсын инфляцын түвшин сүүлийн есөн жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд ирлээ.

Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар инфляцын түвшин 13.4 хувьтай байсан юм. Гэвч Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 14.6 хувьд хүрсэн хэмээн мэдэгдэв. Манай улсад инфляцын түвшин аравдугаар сард хоёр оронтой тоо руу орох үеэр эдийн засгийн төлөв байдлын төсөөллөө Монголбанкнаас тайлбарласан.

Энэ үеэр “Инфляц 10.5 хувь байгаа нь оргил үзүүлэлт биш. 2022 оны эхний хагас жилд 12 орчим хувьд хүрээд гуравдугаар улирлаас буцаж буурна. Жилийн эцэс гэхэд долоо орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа” хэмээсэн. Бодит байдалд Монголбанкны эдийн засгийн төсөөлөл нь зөрсөн юм.

Инфляц нэмэгдэхэд шатахуун, мах, тээврийн зардал болон хүнсний бүтээгдэхүүн голчлон нөлөөлсөн хэмээн үзэж байгаа. Тодруулбал, Өнгөрсөн оны наймдугаар сард 2050 төгрөгийн ханштай байсан АИ-92 шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 2290 төгрөгөөр борлогдож байна. Дотооддоо 40 орчим хувиар нэмэгдсэн шатахууны үнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг жишиг манайд тогтоод удсан.

Гэсэн ч шатахууны үнийг барих эсвэл буулгавал өргөн хэрэглээний барааны үнэ буурдаггүй хачин ч юм шиг гаж ч юм шиг тогтолцоо оршсоор л байгаа. Зөвхөн шатахууны үнээс улбаалж өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна уу хэмээн ажвал үгүй юм. Хил гаалийн саатлын улмаас дотоодод барааны үнэ огцом нэмэгдсэн.

Товчхондоо өнгөрсөн оны сүүлийн сараас 26 хувиар нэмэгдсэн үнээр хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа гэсэн үг юм. Шатахуун болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс гадна махны үнэ урьд хожид байгаагүйгээр нэмэгдсэн явдал хамгийн их эдийн засгийн шокыг бий болгосон.

Махны үнэ нь улирлын чанартайгаар нэмэгддэг байсан бол цар тахлын жилүүдэд улирал хамаарахгүй нэмэгдсэн нь инфляцын өсөлтийг “галзууруулахад” хүргэж байв. Үхрийн махны нэг кг тутмын үнэ нэг жилийн дотор гурван мянган төгрөгөөр нэмэгдсэн бол хонины мах кг тутамд 2500 төгрөгөөр нэмэгдсэн юм. Өмнөх жилд худалдан авч байсан нэг кг махыг 27-33 хувиар өссөн үнээр өнөөдөр худалдан авч буй нь өнөөх инфляц гэгчийн уршиг. Үүн дээр нэмээд боомтоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний тээврийн зардал нэмэгдсэн гэх мэт асуудлуудыг дурдвал дуусахгүй.

Зөвхөн өндөр үнээр аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэх асуудал тулгараад байгаа юм биш. Инфляцын өсөлт нь нийгмийн макро эдийн засагт ихээхэн хүндрэл учруулдаг. Төгрөгийн үнэгүйдэл, ядуурал нэмэгдэх, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээ буурах, валютын тогтворгүй байдал гэх мэт нийгмийн бүхий л асуудалд нөлөө үзүүлнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 900 гаруй мянган ядуу иргэн бий гэх тоон үзүүлэлт байдаг. Нэг сая хүрэхгүй ядуу иргэн оршин байна гэхээр гурван хүн тутмын нэг нь ядуу болж таарах нээ. Үүнээс гадна өнгөрсөн оны IV улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг бол зарлага нь 1.5 сая төгрөг хэмээн тооцоолжээ.

Энэхүү тооцоолол нь үнэн ч бай, худал ч бай бид өнөөдрийн нийгэмд яаж ч орлого олсон үнийн хэт хөөрөгдөл бүхий бараа бүтээгдэхүүний өмнө халаас хоосон хоцрох юм. Тогтвортой хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, 10 их наядын хөтөлбөр гэх мэт эдийн засгийн олон гарц, бодлого, шийдэл ярьснаа одоо л ажил хэрэг болгох цаг. Шат дараатайгаар эдийн засгаа босгох ажил хэргээ эхлүүлэхгүй бол инфляцаа төсөөлөлд уягдаад байх вий.

Н.АННА
 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ