...
...

Алдартнууд УКРАИНЫ АСУУДЛААР...

ОХУ өчигдөр /2022.02.24/ Украин руу дайралт хийж эхэлсэн билээ.

ОХУ болон Беларусын цэргийнхэн Украин руу томоохон дайралт хийж байна гэж Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Киев, Харьков, Одесс, Мариуполь, Днепр болон бусад олон хотод дэлбэрэлтийн дуу сонсогдсоор байгаа аж.

Дэлхийн улс орнууд машид түгшиж буйгаа илэрхийлсээр байна. Энэ үед дэлхийн урлаг соёлын алдартнууд ч Украины цаашдын хувь заяаны талаар үзэл бодлоо илэрхийллээ.


Милла Йовович: Энгийн хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийх болно

Киевт төрсөн Холливудын жүжигчин Милла Йовович өөрийгөө украин бас орос хүн гэж үздэг. Жүжигчин бүсгүй “Facebook” хуудсандаа украин ахан дүүсээ дэмжсэн пост оруулсан юм. Милла Майданд болж буй үйл явдлын талаар уншаад эхэр татан уйлжээ. Жүжигчин бүсгүй олон нийтийг Киевт болж буй үйл явдалд анхаарлаа хандуулж, хохирол амссан хүмүүст мөнгөн тусламж үзүүлэхийг уриалсан юм. Милла бичвэрээ “Slava Ukraina!!! Geroyam slava!!!” хэмээн төгсгөжээ.

Милла Йовович “Украины ард түмэндээ би өөр яаж тусалж чадах билээ? Украинд очлоо гээд энэ бол гарц биш. Ялангуяа юу зөв, юу буруу гэдгийг ойлгоход хэцүү байгаа үед. Би яарсан дүгнэлт хийхийг хүсэхгүй байна. Эрх мэдлийн төлөөх тэмцэлд үргэлж харанхуй талууд байдаг. Миний дэмжиж байгаа цорын ганц зүйл бол энэ тэмцэлд нэрвэгдсэн ээжүүд, хүүхдүүд, хөгшдөд туслахаар хичээж байгаа хүмүүс юм. Би улс төрд эрх мэдэлтэй хүн биш ч энгийн хүмүүст чадлынхаа хэрээр туслахын тулд бүгдийг хийх болно” гэсэн юм.

Вера Фармига: Нэг аюултай алхам дэлхийг өөрчилнө
 


Жүжигчин Вера Фармига украин гаралтайгаараа бахархдагаа хэлээд видеогоор дамжуулан

“Энэ нөхцөл байдлыг алсаас харж байгаа ч энэ нь тийм биш юм. Энэ тоглоомын гол тоглогчдын нэг нь л гэнэтхэн аюултай алхам хийж чадна. Энэ нь бидний амьдардаг дэлхийг өөрчилнө”гэжээ.

Жорж Клуни: Улс төрийн хоригдлууд байгаа цагт ардчилал оршин тогтнохгүй
 


Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин украинчуудад хандан видеогоор “Улс төрийн хоригдлууд /ялангуяа Тимошенко/ байгаа цагт ардчилал оршин тогтнохгүй. Иймээс украинчууд та бүхэнд Баруун тийш харахад тань бид маш бахархсан харцаар харна гэдгийг мэдэж байгаасай гэдгийг хэлье.

Та бүхэндээ хүссэн эрх чөлөөндөө хүрэхийг ерөөе. Үүнийхээ төлөө тэмцэх хүчийг хүсье”хэмээн мэдэгджээ.

Жорж Клуни ах, дүү Кличкотой кино уран бүтээлийн үеэр танилцсан, эртний найзууд юм. Жүжигчин, найруулагч Клуни нэгдүгээр сард киноны хэвлэлийн хуралд Юлия Тимошенкогийн зурагтай хувцастай ирсэн билээ. Берлиний кино наадмын үеэр Евромайданыг дэмжин дахин үг хэлэхийг үүргээ хэмээсэн юм.

Дэвид Духовны: Би өөрийгөө орос гэж бодож өссөн, гэхдээ одоо украин хүн


Клунитэй адил украинчуудыг дэмжсэн байр сууриа “Scorpions” хамтлаг болон домогт продюсер Куинси Жонс, жүжигчин Дэвид Духовны нар илэрхийллээ.

Дэвид “Twitter” хуудсандаа “Би өөрийгөө орос гэж бодож өссөн. Гэхдээ одоо л украин хүн гэдгээ ойлголоо. Өөрчлөгдөхөд хэзээ ч оройтдоггүй” хэмээн бичжээ.


Арнольд Шварценеггер: Украинд энх тайвныг хүсье, Тэсээрэй
 


Украины мэргэжлийн боксчин ах, дүү Кличкогийн бас нэгэн найз Арнольд Шварценеггер Виктор Януковичийг зугтсаны дараа жагсагчдад ялсанд нь баяр хүргэсэн билээ. Жүжигчин, тамирчин, Калифорнийн амбан захирагч асан Шварценеггер алдарт “I’ll be back” гэсэн үгтэй Крымийн дүрстэй футболк өмсөхөө ч мартаагүй.

Тэрбээр“Украинд энх тайвныг хүсье. Тэсээрэй. Би өөрийн карьераараа боломжгүй зүйл гэж байдаггүйг батлан харуулсан. Миний хувьд дэлхий дахинд ийм олон шүтэн бишрэгчтэй байх нь нэр төрийн хэрэг”гэжээ.

Майк Тайсон: Оросууд Украинаас зайл!
 


Боксчин Майк Тайсон дээрх алдартнууд шиг дипломат байдлаар байр сууриа илэрхийлж чадаагүй.

Тэрбээр Нью-Йоркт кино наадамд оролцох үеэрээ Оросын сэтгүүлчдэд хандан

“Украинаас зайл!” гэж чангаар хэлээд улаан хивсийг орхин одсон байна.

Жаред Лето: Украин, Венесуэл дэх эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд үгээ зориулъя
 


Жүжигчин Жаред Лето Оскарын шагнал гардан авах үеэрээ тайзан дээр хэлэх үгээ Украин болон Венесуэл дэх эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд зориулсан юм.


“Thirty Seconds to Mars” хамтлаг Украины далбаагаар мэндчилэв
 


“Thirty Seconds to Mars” хамтлаг ОХУ дайралтаа эхлээгүй байхад Киевт тоглолтоо хийж, тайзан дээрээс хөх-шартай далбаагаар даллаж, маргааш нь Майданд биечлэн очжээ.


Мадонна: Ямар новш нь вэ, Түүх давтагдаж байна!
 


Нийгмийн асуудалд анхаарал хандуулахдаа идэвхтэй дуучин Мадонна Украины асуудлаар нэг бус удаа байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр Виктор Януковичийн засаглалын хэлбэрийг Орос, Венесуэл дэх фашизмтай зүйрлэж, “Kyiv Ukraine” гэсэн бичигтэй даашинзтай гарч ирж, хүний эрхийн төлөө тэмцэгчдэд зориулсан “Art for Freedom” гэх томоохон төсөл эхлүүлсэн.

“Ямар новш нь вэ? Украинд болж буй үйл явдалд бид анхаарал хандуулахгүй байгаа гэж үү? Түүх давтагдаж байна! Энэ бол аймшигтай цаг үе! Би хувьсгал эхлүүлэхийг хүсэж байна! ХАЙР! Та бүхэн надтай хамт байна уу? Мадонна.

Мөн украинчуудыг дэмжиж байгаагаа жүжигчин Тим Рот, Шерон Стоун, зохиолч Пауло Коэльо, “Depeche Mod” хамтлагийн гишүүн Мартин Гор, дижей Саша Грей нар илэрхийлжээ.


Дарья Билодид: Бид айж байна, зогсооч Орос!
 


Дэлхийн хоёр удаагийн аварга, олимпын хүрэл медальт жүдоч Дарья Билодид Фэйсбүүк хуудсандаа ОХУ болон Беларус улсыг дайралтаа зогсоохыг уриалсан пост оруулсан.  

Дарья “Өнөө өглөө би 06:00 цагт Киевт буун дуунаар сэрлээ. Хэлэх үг алга. Би маш их айж байна. Ойр дотныхон болон эх орныхоо төлөө залбирч байна. Орос биднийг бөмбөгдөж эхэллээ. Дайн эхэллээ.

Ийм зүйл болно гэдэгт эцсээ хүртэл итгээгүй явлаа. Яах гэж? Яах гэж хүмүүсийн амьдралыг сүйтгэнэ гэж? Орос болон Беларус зогсооч! Бид энх тайвныг хүсэж байна. Бид амьдрахыг хүсэж байна”

хэмээн бичсэн юм.

Гарри Каспаров: Путины үг олон улсын Гаагийн шүүхээр шийтгүүлэхэд нь нотлох баримт болно
 


Шатрын дэлхийн аварга Гарри Каспаров 2013 онд Владимир Путинтэй “дайн зарлаж”, ОХУ-аас явсан билээ.

Тэрбээр Украины нөхцөл байдлын талаар

“Путины өнөөдөр өглөө ард түмэндээ хандаж хэлсэн үгийг сонслоо. Энэ үг, илтгэл түүнийг хэзээ нэгэн цагт олон улсын Гаагийн шүүхээр шийтгүүлэхэд нь нотлох баримт болно гэж найдаж байна. Дарангуйлагч этгээд Европын хэсгийг ингээд л авчихаж болохгүй” гэлээ.

Виталий Кличко: Өөрсдийгөө энхийг сахиулагч гэж нэрлэсэн зэрлэгүүд дайралтаа эхэллээ
 


Мэргэжлийн боксын дэлхийн аварга, улстөрч, Киев хотын дарга Виталий Кличко “Анд найзууд аа! ОХУ-ын Засгийн газрын байр байдлаас харахад Орос манай улсад дайн зарлажээ. Донецк, Луганскт Оросын цэрэг шөнөжингөө нууцаар орж ирсэн. Ингээд Путиныг мэдэгдэл хийнгүүт өөрсдийгөө энхийг сахиулагч гэж нэрлэсэн зэрлэгүүд дайралтаа эхэллээ. Ийм харгис энхийг сахиулагчид гэж байдаггүй юм.

Украин улс явах замаа, ирээдүйгээ хэдийнээ сонгосон. Бидний ирээдүй Орос гүрэнд биш соёлтой, ардчилсан улсуудын нийгэмлэгт байгаа. Энэ сонголтынхоо төлөө манай улс өндөр золиос төлсөн. Оросын түрэмгийллийг бид найман жил няцааж байна. Бид айхгүй байна, цаашдаа ч тэмцэнэ. Бид Зэвсэгт хүчиндээ итгэж байна.

Украинчууд улс төрийн үзэл бодлоосоо үл хамааран нэгдэж байна. Би эрэлхэг зоригт киевчууд, украинчуудаараа бахархдаг. Бид өөрийн гэртээ байна. Энэ бол бидний даван туулах бас нэгэн сорилт. Улс орноо хамгаалахын төлөө бүгд нэгдэцгээе. Хэн хүчтэй нь биш эрэлхэг зоригтой нь ялдаг. Украинчууд нэг бус удаа ингэж ялж байсан. Украин мандтугай” гэж бичжээ.


Андрей Шевченко: Эв нэгдэлтэй байхад бид ялна
 


Украины хөлбөмбөгийн од Андрей Шевченко Оросын цэргийн түрэмгийлэл эхэлж, байдал хурцдаж байгаа энэ үед ард түмнээ эв нэгдэлтэй байхыг уриаллаа.

Андрей Шевченко Инстаграм хуудсандаа “Украин бол миний эх орон. Би үргэлж улс орон, ард түмнээрээ бахархдаг. Сүүлийн 30 жилд бид олон хэцүү зүйлийг даван гарч, улс орон, үндэстэн гэдгээ батлан харуулсан. Үнэнч шударга, хөдөлмөрч, эрх чөлөөнд дуртай ард түмэн. Энэ бол манай гол ололт, хөрөнгө. Өнөөдөр бид бүхний хувьд хэцүү үе ирээд байгаа ч бид нэгдэх ёстой. Эв нэгдэлтэй байхад бид ялна. Украин мандтугай” гэсэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ