...
...

Э.Сэвжидмаа: Орой болгон “Эмч нарт хэдэн төгрөг өгөх үү? Та нар хэдийг бэлдсэн бэ? Хэзээ өгөх үү? Багадах болов уу? гэсэн ээжүүдийн яриа өрнөдөг байлаа

Facebook by: JU NE /copied/

Намайг Э.Сэвжидмаа гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй шинэхэн ээж. Одоогоос 6сар гарны өмнө Эх нялхсын эрүүл мэндийн төвд төрж хөөрхөн охиноо өлгийдөж авсан. Анхны төрөлт учраас мэдээж сайтар гам барьж, хяналтын эмчийн бичиж зөвлөсөн бүх л эм танг ууж, сэтгэл санаагаа бэлтгэж төрөх хугацаа хүртлээ мөн ч их тэвчээр заасан даа, мэдээж ээж бүр л ингэдэг. Төрөхөөс 2 гарны  өмнөөс нэг л өглөө босоход 2 гар илт бандайж хавагнаад, өглөө босоход гар утас байтугай аягатай цайгаа барьж чадахгүй болов. Нэг үгээр бол 2 гар маань огт атгагдахаа больчихсон. Цаашлаад аажмаар нүүр, 2 хөл илт хавагнаад хүн харахад хөөсөн мантуу шиг л харагдаж байлаа. Шөнө заавал 2 гар, хөл татаж сэрнэ. Тэр болгондоо шүдээ зуугаад л өнгөрнө. Нэг ч удаа өвчин намдаах эм уугаагүй. Хяналтын эмчдээ үзүүлтэл үзмийн шүүс сайн уугаарай л гэж байна. 3 удаа хаван хөөх өөр төрлийн эмчилгээнүүд бичүүллээ, ямар ч ахиц гарсангүй. Хүнтэй таван үг солих гэхээр амьсгаа давхцаад улам л төвөгтэй болсоор байв. За ингээд сүүлдээ хяналтын эмч маань эмнэлэгт хэвтэх маягт бичиж өглөө. Хэвтэж эмчлүүлээд төрөхөөс өөр аргагүй гэнэ. Ингээд төрөхөөсөө 9 хоногийн өмнө охиныхоо аавтай хамт гадуур явж өлгий, даавуугаа зэхэж бэлдчихээд 2022 оны гуравдугаар сарын 21ний орой хэвтэх бичиг, эмнэлэгт хэвтэх 2 цүнхтэй юмаа бэлдээд ээжтэйгээ, нөхөртэйгөө хамт Эх нялхас руу явлаа. Хүлээн авах дээр очоод баахан л бичиг цаас бөглөлөө, даралт үзүүллээ. Даралт маш өндөр байна гээд 3 удаагийн давтамжтай даралтын эм хэлэн доороо тавиуллаа, даралт хэвийн болох нь бүү хэл улам нэмэгдээд байсанд хүлээн авахын эмч нар ч гайхаж байлаа. Манайд ор байхгүй ээ, гэртээ байж байгаад төрөх дөхөхөөр өөрөө хүрээд ир гээд болдоггүй. Би ч гүрийчихсэн. Энэ хүртэл ирчихсэн юм чинь заавал хэвтэж эмчлүүлээд хүүхдээ эрүүл саруул тээж төрүүлнэ гээд шийдчихсэн явж байгаа хүнд тэдний үгэнд орж гэр рүүгээ буцах сонирхол огт байсангүй. “Хэрвээ өнөөдөр хэвтвэл коридорт хононо штээ” л гэж байна. Өө би бол хаана ч хоносон хамаагүй гээд л гүрийлээ. Гэртээ буцаад хариад шөнө өдөргүй хөл гараа татах үед өөрөө ч арга хэмжээ авч чадахгүй бэмбэгэнэж байснаас эмнэлэг бараадвал ээлтэй л гэж бодсон хэрэг лдээ. Үнэхээр л коридорт хонож хүүхдийнхээ зүрхний цохилтыг төхөөрөмжөөр сонсонгоо дотроо бол үнэхээр баярлаж байгаа юм чинь. Маргааш өглөө нь ашгүй нэг өрөөнд ор суларч нар гарав. За энэ мөчөөс л эхлээд тэр эмнэлгээс гарч иртэл ёстой хүнд өдрүүд эхэлсэн дээ. Эмнэлгийн платанд орой бүр л төрөх нь дөхсөн ээжүүд “эмчдээ хэдэн төгрөг өгөх?”, “хэдийг өгвөл яаж ханддаг?”, “таньдаг эмчдээ мөнгө өгөөд кесар хагалгаанаас гарсны дараа төлбөртэй өрөөнд хэвтэх ор захисан байгаагаа”, “өмнөх төрөлтүүд дээр ямар ямар эмчид хэд хэдэн төгрөг өгч байснаа”, “хэдээс хэдэн төгрөгийн хооронд мөнгө өгвөл хэр нааштай хандаж анхааралдаа авдаг талаар” ярьсаар оройг дуусгацгаана. Зарим ээжүүд эмнэлгийн булан тохойд очиж гэр рүүгээ мөнгө захиж хэлж санаашрана. Ард нь ямар амьдрал байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө л би яг энэ асуудлыг сонсоод сэтгэл зүйн айдастай болчихсон байсан. Танил тал, найз нөхөд утсаар ярихдаа “за тэр эмчид нь тэдийг өгдөг шүү, сувилагч нарт, жижүүр эмчид, эх барьж авсан эмчид” гээд л тус тусдаа үнэлгээ хэлж байлаа. Бурхан минь, тэр үнийн дүнгүүдийг сонсоод дуртай хувийн эмнэлэгтээ хөл гараа бариулж асруулж байгаад төрөхөд ч болохоор үнийн дүн сонсогдож байгаа юм чинь. Ээж, эмээ маань бас аль хэдийн л тэр мөнгөний асуудлыг олоод сонсчхож. Хүний л эх болсон хүмүүс юм болохоор гандан орж ном уншуулаад гартаа хэд хэдэн дугтуйнд зэхээд бэлдчихсэн тэгш тоотой мөнгөнүүд барьж ирээд надад эргэлтийн хаалган дээр сэмээрхэн өгч байна “мөнгө өгөхгүй л бол хүн шиг харьцдаггүй гэж байна шүү, заавал өгөөрэй” гэнэ. Би ч дуугүй л авлаа, гэхдээ хэзээ ч өгөхгүй гэсэн бодол надад анхнаасаа байсан болохоор цүнхэндээ хийгээд хадгалчихсан. Бүхэл бүтэн 9 хоног эмчилгээ хийлгээд байхад шээсээрээ уураг алдаад, даралт өндөр хэвээрээ, хөл гарын хаван буух нь битгий хэл бүр усан хаван гүйж арьс махны нугалам хэсгээр хорсож өвдөөд эмнэлгийн коридороор явахад байтугай эргэлтийн цонхоор харсан хүмүүс хүртэл гайхсан харцаар харж халаглаж, өрөвдөж байлаа. Хөл, гарын хуруунуудын завсраар усан хаван нэмэгдэж хорсоод, арьс түлэгдэж байгаа юм шиг өвдөөд, аягатай цайгаа гараа нугалаад барьж чадахгүй хэвээрээ. Бурхан минь, утас дуугарахад гараа нугалаад ярихад төвөгтэй байсан болохоор утас дуугарах бүрд авахаас ч төвөгшөөж хүний хөлөөс зайдуу очиж суугаад хэвлий дэх үрээ илэнгээ өөрийнхөө байдалд гутарч өчнөөн орой суув. Хүн бүхэн л таньж мэддэг хүнээрээ яриулж, өөрсдийгөө захиулдаг юм байна. Ээж маань өөрийнхөө танил нөлөө бүхий хуурай эгчээр өмнө нь тухайн эмнэлгийн дарга байж байгаад одоо зөвлөх эмч болсон эрэгтэй эмчид “жирэмсний хожуу үеийн хүнд хордлоготой хүүхэд байгаа юм аа, анхны төрөлт нь болохоор санаа зовоод байна” гээд үг дайлгасан юм байна. Мөнгө өгөөгүй лдээ, хамгийн гол зүйл мөнгө гэдгийг, мөнгө л бүхнийг шийддэг гэдэгт бид анхаарлаа сайтар хандуулаагүй байсан. Ер нь яаж төсөөлхөв дээ, улсын эмнэлэгтээ төрж байж, цалин хангамж авч байгаа эмч нарт давхар мөнгө бэлддэг гэдгийг төрөх дөхөөд л мэдэж авч байгаа юм чинь. Заа, ингээд өнөөх хэлүүлсэн зөвлөх эмч маань миний хэвтэж байгаа тасгийн эмч болох М-д  намайг захиж хэлжээ. Тасгийн эмч маань их л дурамжхан хүлээж авч байна, арга ч үгүй чиз. Хүнээр дам дамаа захиж хэлүүлчхээд хоосон гартай, гэдсээ тэврээд зогсож байгааг маань хараад хялав татав хийгээд л явчихлаа. Үнэндээ сэтгэлийн дарамт надад нэмсэн. Юм асуухаар учиргүй уурлаж загнаад, “яагаад жирэмсний хожуу үеийн хордлоготой хүнд эртхэн арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Ямар нэг алдаа эндэгдэл гараад бие нь бүр дордвол та нар хариуцлага хүлээх үү?” гэж асуух гээд эргэлтийн хаалган дээр хүлээж байсан нөхөрт маань ирээд бас л хяламхийж харж, над руу буруу зүйл хийсэн хүүхдээ загнаж байгаа аятай дээрээс доошоо харж, бусад эмч нарын хажууд төрөх үйл явц, эмчилгээний үр дүн гарахгүй улам дордоод байгаа талаар тайлбарлахыг хүсэхгүй байгаа хэлэмжээ үзүүлж хажууд байсан эмч нартаа “ёооё энэ одоо ойлгохгүй байхын, энэнд нэг хэлээд өгчөөч” гэж над руу харах ч үгүй хэлээд доог тохуу болгож байсныг нь бодохоор одоо ч уйлмаар болдог. 35 размерын углааш өмсдөг хүн чинь хоёр хөл эмчилгээ хийлгэснээс хойш улам усан хаван нэмэгдээд бараг 38 размер өмсдөг болж 9 хоногийн хугацаанд 3 удаа шинэ углааш авчруулж сольж өмссөн гээд бод доо. Ээ, бурхан минь. Коридороор явахдаа углаашинд хөл маань бүтэн орохгүй болохоор дандаа тал дээр нь гишгэж явна, заримдаа углааш маань сугараад ард хоцорчихно. Тэр болгонд тонгойж чадахгүй. Хаван гүйгээд судас харагдахаа больчихсон болохоор хатгасан газар болгонд судас хагараад сүүлдээ тариа хүлээж авахаа болиод яг зодуулсан юм шиг алаг эрээн биетэй болов. Уян зүү хийх гэж нэг удаагийн оролдлогоор 7,8 удаа хатгасан ч уян зүү хүлээж авсангүй. Мөнгө өгсөн ээжүүдтэй ямар ч гоё харьцдаг юм, “миний охин яаж байна, миний охин яаж байна” гээд л хавагнах байтугай толгой нь ч өвдөөгүй хүмүүс дээр “мөнгөний эмч нар нь байнга орж ирээстэй. Намайг бол хүн гэж тоосонгүй ээ. Гэрээс бэлдэж ирсэн дугтуйтай мөнгийг гаргаад өгчихсөн бол намайг бараг хатан хаан шиг эмнэлгийнхээ хойморт залах байсан лдаа. Алхах гишгэх бүрд минь хүмүүс шивнэлдэж халаглаад тэр эмнэлэгт нэг л мэдэхэд нүдний бай, ярианы сэдэв болчихсон байсан. Тэгэх болгондоо урт коридорын төгсгөл хэсэгт очоод хүмүүсийг унтсан хойгуур гэдсээ илж суугаад хүүхэдтэйгээ ярилцаж өгнө “ээж нь хичээнэ ээ, хүмүүс ингэж л байг, хоёулаа заавал эсэн мэнд уулзана” гээд л ярьж өгнө. Охин маань сүүлдээ хөдлөх нь багасаад айж эхэллээ. Сувилагчаас эхлээд хэлж болох бүхий л эмнэлгийн хувцастай хүнд өөрийнхөө байдлыг уйлан барин хэлж үзлээ, тоож байгаа ч юм алга. Учир нь би тэдний халаасанд мөнгө хийгээгүй учир. 

Савны амсар огт нээгддэггүй. Хүчээр сэдээлт өгч өөрөөр чинь төрүүлнэ гэнэ. Өнөөх тасгийн эрхлэгч эмч маань энэ шийдвэрийг гаргасан гэнэ. Мэдээж мөнгө өгсөн бол аль хэзээ надад илүү сайн арга хэмжээ авах байсан нь тодорхой. “Эмч ээ би гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж болох уу” гэсний минь хариуд “Чи юугаа зөвлөлддөг юм” гэж ихэд ёжлонгуй инээгээд хэлж билээ. “Яагаад энэ хүүхдийг өөрөөр нь төрүүлэх гээд байгаа юм бол, энэ охиныг өс санасан юм шиг ямар аймар зовоож байна аа, ийм биетэй хүн төрөлтийн үед улам хүндрээд үхэж ч болдог гэсэн” гээд л бусад ээжүүд шивэр авир хийнэ. Эмч нар шийдвэрээ хэзээ ч өөрчилсөнгүй, яаж байна гэж асуусангүй. Тэнд байгаа ээжүүдээс хамгийн хүнд байдалтай нь би л байлаа. Төрөхөөс нэг өдрийн өмнө хувцсыг маань бэлдүүлж, клизм тавиулаад дээшээ 4 давхар руу төрөх тасаг руу шилжүүллээ. Надтай хамт миний үеийн гэмээр нэг охин бас сэдээлт өгүүлэхээр хамт явав. Намайг бодвол тэр охины савны амсар 4,5 хуруу нээгдсэн байсан. Хумсны толионд ч хүрэхгүй эмийн хэлтэрхий 3 сарын 29ны оройн 18 цагт хийлгээд тийчилж өглөө. Нийтдээ 6 цагийн давтамжтайгаар 3 удааг сэдээлт өгөх эм хийлгэсэн боловч савны амсар маань дөнгөж нэг хуруу нээгдлээ. Тэсэхийн аргагүй өвдөж, ургийн ус маань доошоо гарч нэг л мэдэхэд хэвлий дэх хүүхдийнхээ биений ясыг гэдэснийхээ гаднаас барьчихсан зогсож байгаад шоконд ороод ухаан алдах гээд толгой эргээд унаад өгсөн. Өмнөх өдрөөс нь хоолоо сой гэсэн болохоор хоолоо сойгоод эхэлчихсэн байлаа. Сууж , хэвтэж, зогсож чадахгүй аймар хүчтэй өвдөлт мэдрээд ухаан орж гараад уусан усаараа эргэж бөөлжөөд, толгой өөрийн эрхгүй сажлаад эрүү ам салж унах гэж байгаа аймар мэдрэмжин дунд байв. Ингээд 3 сарын 30ны өглөө болж коридороор эмч нарын дуу хадаж эхлэхэд би өрөөндөө ганцаараа амнаас дуу гарч чадахгүй орон дээр тэрийж хэвтээд бараг л зомби шиг тийчгэнэж байхдаа өрөөнд орж ирсэн сувилагчид “би яг үхэх нь, надад ямар ч хамаагүй эмч дуудаад өгөөч” гэлээ. Би яг хүүхдээ алдах гээд байгаа мэдрэмж надад цаанаасаа л төрөөд байсан. Хүүхэд маань гарч баригдаад, тээр доор тулж ирчихсэн байж савны амсар нээгдэхгүй байхад ямар ч эмч, сувилагч намайг “яаж байна” гэж хүний урманд нэг ч удаа асуусангүй. Харин хажуу талын орон дээр хэвтэж байсан охиныг хоёр гурваараа байн байн эргэж орж ирээд “миний охин яаж байна, төрсний чинь дараа төлбөртэй өрөө бэлдчихсэн байгаа шүү” гээд л байх юм. Сонсохнээ мөнгө л өгч. Би бүр ядаад “би би, намайг нэг үзээд өгөөч” гэтэл “за чи яах вээ” гээд гараад явчхаж байгаа юм чинь. Ёстой гомдох, гутрах цаашаа. Гэхдээ би огт уйлаагүй, энэ аймар газар өөрөө хүчтэй байхгүй бол болохгүй юм байна гэж бодоод шүдээ зуугаад өвдөлтөө мэдэрсээр байсан. Хальт ухаан балартаад нэг сэрэхнээ 4,5 эмч зогсчихсон гар хөл бариад байж байна. Тэр дунд төрөх тасгийн эрхлэгч гэж ахимаг насны эмэгтэй зогсож байснаа юу гэсэн гээч “Чи битгий жүжиглэ, хүмүүс 3 хоног өвдөж байж төрдөг юм. Чи дахиж өвдөнө, яагаа ч үгүй байна, хүчээр ухаан алдаад нтр”.. Ээ бурхан багшийн сахиус, лам гурван эрдэнэ минь. Би нээрээ энэ аймар газар юу үзээд байна аа гэж бодох зуурт л юу л бол юу л болог би энд л төрөхгүй, гараад зугтаагаад замдаа өөрөөрөө ч болтугай таарсан газартаа төрчихөе гэсэн бодол хүртэл зурсхийж орж ирж байгаа юм чинь.  
Тэгсэн нөгөө төрөх тасгийн эрхлэгч “3 удаа сэдээлт өгөөд байхад нэг хуруу нээгдсэн хэвээрээ байна гэж юу байсан юм, одоо би үзээд нэг хуруунаас илүү нээгдсэн байвал үргэлжлүүлж дахин сэдээлт өгөөд хэд хоног өвдсөн ч хамаагүй төрнө шүү, мэдэв үү” гээд л сүрдүүлж байна. “Танай тасгийн эмч рүү сая би ярилаа, чамайг зүв зүгээр хүн гэж байна даа” гэвэл яах уу, өнөөх намайг нүд шүдэндээ зуусан тасгийн эмч маань хамгийн хүнд байдалтай, бүтэн биеийн хаванг маань 9 хоногийн турш буулгаж арга хэмжээ авч чадаагүй байж “наадах чиэ зүүүүв зүгээр хүн” гээд хэлжээ. Юу ярих юм бэ, нээрээ… Миний өвчтөний хуудсыг харж зогссон нэг эмч нь хажуугаас нь эрхлэгч эмчид “энэ чинь сэтгүүлч юм байна шт” гэнэ. Тэгсэн эрхлэгч эмч “чиний сэтгүүлч нтр огт хамаагүй шүү” гэж зандрангуй өнгө нэмлээ. Уучлаарай, миний мэргэжил намайг төрөхөд яг ямар хамаатай байсан бэ? Эмэгтэй хүн орчлонгийн жамаараа ээж болох гэж байхад юу гэж ирваатаад байна аа гээд хашгирчмаар санагдаж байснаа нуухгүй ээ. Цагаа тулахад үнэндээ ганц үг дуугарах тэнхэл байсангүй. Тэр эрхлэгч эмч ч хуруугаа хийж үзсэнээ “нэг хуруу нээлттэй хэвээрээ байна, болохгүй юм байна аа, шууд эхний кесарт бэлдээд оруул” гэж байна. Байдал бишдсэнийг өөрсдөө дотроо бол мэдээд тийм шийдвэр гаргаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нэг залуухан сувилагч бололтой эмэгтэй намайг тэргэн дээр өргөж арайхийн суулгаад хагалгааны өрөө рүү түрээд жийлгэлээ. Гэтэл тэр өдөр эмч нарын баяр байж лдээ. Үүдээр дүүрэн цэцэг, шоколад барьж бие биеэ үнсэж тэвэрч зураг даруулсан хүмүүс. Эмчийн пост дээр дуу хуур эгшиглээд л чухам л найр наадам гээч нь болж байна аа. Би яг тэдний дундуур хагалгааны өрөө явах гээд байдаг. Зургаа даруулж дуусахыг нь хүлээлээ, тэр хооронд асар их өвдөлт мэдэрч байгаа хүн чинь ёолно штээ. Гэтэл өнөөх мундаг төрөх тасгийн эрхлэгч юу гэсэн гээч “Өө, Сэвжидмаа чи чинь ямар ядаргаатай юм бээ. Дуугүй байгаач дээ, ёолж ёгшоод зүгээр” гэнэ. Эргэн тойрны хамаг хүмүүс, зураг хөргөө даруулж цэцэг жимс барьсан эмч нар намайг төвөгшөөсөн байдлаар хараастай. Гэтэл өнөөх түрж явсан сувилагч маань буцаж эргэж түрж яваад намайг хоосон, цэл хүйтэн плита болсон өрөөнд оруулаад “за та түр энд байж байгаарай за” гэж хэлээд ганцааранг маань орхиод хаашаа ч юм яваад өглөө, хөөрхий. Ядаж байхад тэр өрөө ямар аймар зэвхий даасан, хүйтэн мэдрэмж төрүүлэв ээ. Тасгийн эрхлэгчээ уурлуулахгүй гэсэндээ намайг аргацааж замаа буруулж байгаа нь тэр шүү дээ. За төд удалгүй эмнэлгийнхний зураг авалт дууссан бололтой сувилагч маань ирээд л хагалгааны хаалга руу түрээд явлаа. Нугасандаа мэдээ алдуулах тариа хийлгээд л дээшээ харж хэвтэх үед л би арай тайвширсан. Өөрөөрөө төрнө гээд омголон явсан хүн ёстой юм юм үзэж, эцэст нь дээшээ хараад гэдсээ хагалуулаад хэвтэхдээ юу эсийг бодож амжих вээ “Хүүхэд маань зүгээр байгаа, би чинь өөрөөрөө төрж чадсангүй ямар муу ээж вэ” гээд өөрийгөө буруутган буруутгасаар гэдсээ зүсүүлсэн дээ. Төд удалгүй хүүхдийн минь дуу аяархан хадаж уйлах үед л би өөрийн мэдэлгүй шууд уйлаад эхэлсэн. Би төрөх хүртлээ ёстой юм юм үзэхдээ ганц удаа дусал ч нулимс ч унагалгүй тэвчсэн. 

Хагалгаанаас гараад 2 цаг хүүхэдтэйгээ хамт хяналтад байж байгаад тасагт хэвтэхээр 2 сувилагчаар зөөлгөтөл нэг сувилагч ухаангүй халамжилж ирээд л “өрөөг нь бэлдчихсэн байгаа шүү эгч ээ” гээд л инээд алдаж байна. Би ч гайхаад “юун өрөө билээ?” гэтэл “өө чи чинь ……… эмчийн хүн биш байсан юм уу” гэж ирээд л ТА гэж хүндэлж байсан харилцаа нь таг гацав аа, хөөрхий. Би чинь сэтгэл санааны шокоосоо гарч чаддаггүй, балга ус уусан ч бөөлжөөд, гэртээ гарч ирсэн ч 7 хоногийн турш хоол идэж чадахгүй, амьсгалсан ч бөөлжөөд, тамир тэнхээгээ барж өглөө. Эх нялхаст өнгөрүүлсэн 9 хоног намайг сэтгэл зүй, бие махбодын хувьд үнэхээр үхдэл болгож чадсан байсан. Гарч ирээд дугтуйтай мөнгөө гэрийнхэндээ өгсөн. Үнэндээ надад эмээ, ээжийнхээ сүүний мөнгийг тэр хүн чанарын хэлтэрхий үнэртээгүй хүйтэн цэвдэг, өдөр бүр өчнөөн шинэ ээжүүдээс мөнгө, чихэр жимс авч, тэр байдалдаа туйлчихсан, өгсөн мөнгөнийх нь хэмжээгээр үзэл суртал тогтоож харьцдаг, эх хүүхдийн амь нас, энэ хорвоод хүн болох заяаг олсон бяцхан амьтдыг хоолны мөнгө, брэндийн сүрчгээр үнэлдэг, хүүхдийн амь насаар бизнес хийгээд түнтийчихсэн хэдэн авгай нарт өгөх ухаан бодол огт байгаагүй. Тэр эмнэлэгт хэвтэж байхдаа гэрээс нь эргэлт ирэхгүй өлдөөд ухаан алдаж унах гэж байсан ээжид би ёотон өгч үнэртүүлж байхдаа мөнгөний шуналд идэгдсэн цагаан халаадтай эмч нарыг хараад ой той минь гутаж, өөрөөсөө илүү тэр ээжид санаа зовж билээ. Дотроо ялзарчихсан. Цалингаас гадна нэмэлт орлогоо орой ажлаа тарахдаа, ээлжээсээ буухдаа аваад явдаг, эх хүн болох гэж байгаа эмэгтэйчүүдийг барьсан утас, зүүсэн ээмэг бөгжөөр нь үнэлж асар их ялгаварлал үзүүлдэг, арилсан дотортой эмч нарыг хэзээ ч, хэн ч, ямар ч сайд даргын үед болиулж чадахгүй байгаа нь үнэн гомдмоор. Орой болгон “Эмч нарт хэдэн төгрөг өгөх үү? Та нар хэдийг бэлдсэн бэ? Хэзээ өгөх үү? Багадах болов уу? Мөнгө өгөхгүй бол аятайхан төрүүлэхгүй араандаа зуучихдаг гэсэн, зээлээд ч хамаагүй олж өгье” гэсэн яриа сонссоор байгаад унтдаг байсан шүү. Бараг энэ ярианд бүүвэйлэгдэж унтаад бүтэн нойроо хугасалдаг байсан. Нэг өдөрт хэчнээн эх төрж байгаа вэ? Тэр болгоны дор хаяж хэд нь эмч нарт мөнгө, бэлгийн зүйлс өгч байгаа вэ? Та нар зүгээр л хар ухаанаар бодоод үзээрэй. Эмч нарт цалин сонин биш, бүгд мэдэж байгаа. Өнөөдөр мөнгө авч үзээгүй сувилагч ч ховор шүү. Эсрэгээрээ мөнгө хардаггүй, авдаггүй мэргэжилдээ үнэнч, алтан гартай, арвин сайхан түүхтэй эмч нар ч байгаа биз. Мөнгөний шуналд дийлдсэн мөгөөрсөн толгойтой, ёс суртахууны доройтолд идэгдсэн эмч нарт хандаж хэлэхэд “Мөнгө олмоор байгаа бол зах дээр гарч наймаа хийж өл залгуулбал хэдхэн цааснаас болж хэчнээн хүүхдийн амь нас хохироосон үйлийн үр чинь буцаж ирэхдээ арай хөнгөн ирэх байх шүү”... Нээрээ намайг нүд шүд, нүх сүвэндээ зуугаад байсан тасгийн эмч маань эмнэлгээс гарсны маань дараа жирэмсэн хүнийг мэдэлгүй хүүхдийнх нь амь насыг нь хохироочихсон гээд баахан асуудалд ороод сошиал, хэвэлээр нэг юм болж Эх нялхас дээр сайт, телевизүүд оччихсон хохирогчдын хамт тодруулга хийж байхад нөгөөх эмч маанл хамраа ч цухуйлгаагүй нуугдаж харагдана лээ. Тэгсэн дарга, удирдлага нь өмөөрөөд бөөн юм болж байсан даг. Өөрсдөө харин битгий жүжээд байгаарай, булайнууд ааа. 
Тэр эмнэлгээс гарч ирэхдээ намайг кесар хагалгаагаар эх барьж авсан 2 эмч, мэдээ алдуулалтын эмч, тэр өрөөнд байсан сувилагч нарт л би үнэхээр их баярласан. Тэд л намайг хүүхэдтэй минь эсэн мэнд уулзуулж өгсөн ачтанууд. Хамгийн аймар мэдээ гэвэл охин минь бүтэлт өгөөд эхэлчихсэн байсан, дахиж жаахан удсан бол цагаан бүтэлт өгөөд амьгүй болох байсан гэсэн. Сэдээлт хийсэн тэр олон цагийн хугацаанд бүтэлт өгч хүй нь хүзүүгээ ороогоод царай нь хөв хөх гарч ирсэн дээ, жаахан үр минь. 
Эцэст нь хэлэхэд кесар хагалгааг амар гэж боддог, зовохгүй төрдөг гэж хаанаас ч юм сонсож байсан үеийг минь бурхан өршөөг. Төрсний дараа л өвдөлт, зовиур, бусдаас хараат байдал эхэлдэг юм билээ. Хэвлийгээ хэчнээн давхар зүсүүлж байж үр хүүхэдтэйгээ уулздаг тавилан олон ээжүүдэд бий. Гэвч, энэ хэцүү цаг үед халаас нимгэн ээжүүдийн минь сэтгэлийн дарамт болсон “эмч нарт барих мөнгө”-ний асуудал ар араасаа хөндөгдөж байгаа учраас өөрт тохиолдсон зүйлээ нээлттэйгээр бичлээ. Эрүүл мэндийн салбарын эрүүл бус асуудлыг та нар ч бас битгий өөгшүүл, битгий тэдэнд мөнгө бэлд. Битгий бэлэг сэлт барьж гүй, наад хүмүүс чинь бид эх хүн болоод байгалийн жамаараа төрж байгаатай адил эзэмшиж сонгосон мэргэжлийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Ядаж өөрсдийгөө өчүүхэн ч гэсэн хүндэлдэг бол нэг ээжийн ард нь дахин хэчнээн хүүхэд байгаа вэ? Тэдний хоолны мөнгөнөөс, шинэ төрөх хүүхдийнх нь живхний мөнгөнөөс би яагаад хороох ёстой гэж? Гэж бодоод нэг үзээрэй, эрхэм эмч нар минь.

Онцлох мэдээ