...
...

Ч.УНДРАМЫГ УНАГААД, С.БАЯРЦОГТЫГ ЗАЛАХ “ПЕНТХАУС” Солонгосын савангийн дуурь Монголын амьдралд

Солонгосын олон ангит “Пентхаус” киног бодит амьдралд тэр чигээр нь хуулбарласан дуулиан шуугиан Монголд өрнөж байна. Гэмгүй төрх гарган, өнгө мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй Жү Данте, гэнэдэж хохирсон ч сөрж зогсдог Шим Сур Ёон. “Пентхаус”-ын соргог үзэгчид Жү Дантетай Б.Наранцацралт, Шим Сур Ёонтой УИХ-ын гишүүн Ч.Ундрам царай зүс, зан төрх нь ч их төстэйг  анзаарснаа сошиал сүлжээнд илэрхийлж эхлэв. Монгол “Пентхаус” зохиож Ч.Ундрамыг унагаад, Сэлэнгэд нөхөн сонгууль явуулж, С.Баярцогтын оронд нь суулгах улс төрийн хорон төлөвлөгөөний талаар эрэн сурвалжлагч, эрх мэдэлтнүүдийн “эрлэг” сэтгүүлч сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгч Бат инженер нарын зэрэг учир мэдэх хүмүүс зарлаад байна. С.Баярцогт улс төрд эргэн ирэхээ зарлаж, эх орончийн эрэмбэнд өөрийгөө дэвшүүлсэнтэй Ч.Ундрамын дуулиан яаж холбогддог вэ? Ерөөсөө С.Баярцогтод АН-ын тамга, УИХ-ын гишүүний үнэмлэх авч өгөх зохиолын нэг хэсэг нь яагаад Ч.Ундрам болсон бэ?

“Цогт эх оронч” С.Баярцогт улс төрд эргэн ирсэн нь буюу “Пентхаус”-ын 1-р бүлэг

Монгол Улсын гурван шатны шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдож, 10 жилийн хорих ял авсан С.Баярцогт энэ оны 5 дугаар сард гэнэтхэн л “ардын баатар” боллоо. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” хэмээх халуун амь, бүлээн цусаараа тусгаар тогтнол, эрх чөлөөг хойч үедээ үлдээсэн М.Ханддорж, Б.Намнансүрэн, Д.Сүхбаатар, С.Данзан, А.Амар нарын зэрэг эх орончдын эрэмбэ зиндаанд өөрийгөө дэвшүүлэхээсээ ичсэнгүй. Швейцарын прокурорын бичгийг Нийслэлийн прокурорын газарт сэтгүүлчдийн өмнө гардууллаа. Нийслэлийн прокурор саяхны С.Баярцогтын өгсөн бичгийг байшингийнхаа гадаа гарч ирэн, алга дэлгэн хүлээн авч, угтах үйлчилгээний шинэ жишиг үзүүлэв. Тусгаар тогтносон, эрх зүйт төр, шүүх засаглалтай улс ингэтлээ жижгэрч, ялзарснаа илчлэх хүртэлх ямар хүчтэй ид шид байсан бэ? Монголчуудыг 2,9 тэрбум долларын өрөнд оруулж, ирээдүйд 22 тэрбумын өрөнд бариулах Оюутолгойн гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цуцлуулаагүй бол энэ том ХОГ /Хөрөнгө оруулалтын гэрээ/ биднийг хэдэн үеэр нь хохироох байсан. Монголын хуулийнхан 6 жил шалгаж, гэм бурууг нь эцэслэн тогтоосон атлаа УДШ-ийн хоёр шүүгч нууцаар тусгай санал гэгчийг гарган мөрдөн байцаалтанд буцаагаад, улмаар хэрэгсэхгүй болгосон. С.Баярцогт ямар ч буруугүй гэдгээ юугаар нотолж, эх орончдын эгнээнд дэвшихдээ хүрснийг олон нийт одоо хүртэл мэдээгүй нууц. Дөрвөн гэмт хэргийн эхнийх нь албан тушаалын давуу байдлаа ашигласан хэрэг. УИХ-ын гишүүн, Сэлэнгэд төмрийн хүдрийн ордтой Б.Дэлгэрсайхан үл мэдэгдэх хятад иргэнээс 45 сая доллар орж ирсний 8,2 сая долларыг нь С.Баярцогтын “Кредит Свис” банкин дахь дансанд шилжсэн. Энэ мөнгөө оффшорт байршуулан, гэрээнд өөрөө гарын үсэг зурсных нь дараа үнэ нь суга өсөх “Айвенхоу Майнз”-ийн 150 мянган ширхэг хувьцааг авч ашиг олсон. Эх орноо санаатай санаагүй андуурч, Хятадын иргэн гэж бүртгүүлж, сая доллар дансандаа  мартаж байсныг энд сануулъя.

Хоёр дахь хэрэг нь эхнэр Ч.Нарантуяа нь 50 хувийг нь эзэмшдэг, багын найз М.Есөнмөнхийнх нь “Номадс” компани Оюутолгойд хоол ханган нийлүүлэгчээр шалгарч, 63 тэрбумын ашиг олсон. Мөнгө угааж, “Ийстерн Метал” компанийн Голомт банкин дахь дансаар хүлээн авсан нь гурав дахь гэмт хэрэг нь. Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа ямар орлогоор Нүхтэд хаус, Зайсангийн “Белла Виста” хотхонд хоёр пенхтаус ямар орлогоор авснаа баримтаар нотолж чадаагүй, Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нуусан хэрэг. Албан тушаалаа ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, далд хэлбэрээр авлига авсан дөрвөн хэрэгт гэм буруугүйгээ яаж нотолсон нь тодорхойгүй ч энхийн тагтаа, эх оронч болсон, С.Баярцогт АН-ыг худалдан авах төлөвлөгөөний эхний хэсэг биелсэн. Иргэн С.Баярцогт 2024 оны сонгуулиас өмнө гишүүн болж, АН-ын тамгыг атгаж орох хэрэгтэй. Нэр хүнд гэж авах юм байхгүй. Сэлэнгээс өөр газарт ямар ч горьдлого байхгүй. Ингэхийн тулд замыг нь нээж, суудал онгойлгож өгөх ёстой. С.Эрдэнийн ашиглалтын хугацаа дууссан, Женко нүүрсний хэрэгтэй, тэгэхээр нэр хүнд муутай С.Баярцогтод АН-ыг авч өгөх хэрэгтэй. АН-ын дарга нь энгийн иргэн биш Их хурлын гишүүн болох шаардлагатай.  

Ч.Ундрамыг унагах бичлэгүүд буюу “Пентхаус”-ын 2-р бүлэг 

Нөхрийг нь ашиглан, Ч.Ундрамыг сошл шүүхээр оруулж, олны хэл аманд хаяж өгөөд сандлынх нь хөлийг хөрөөднө. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нарыг ялсан МАН-ын гурваас яагаад Ч.Ундрамыг сонгож авсан бэ?

Яг дэргэд нь, бүр гэрт нь бөмбөг тэслэх боломжтой. Нөхөр Б.Наранцацралт нь 2 үеэрээ АН-ын гишүүн. 2012 онд Хан-Уул дүүрэгт АН-аас Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, 2016 онд ялагдсан. Эхнэр нь их хурлын гишүүн болсон байхад өөрөө дүүргийн ИТХ-д ялагддаг. Атаархмаар ялгаа.  15 жил хамт амьдрахдаа 3 дахь удаагаа салж байгаа гэр бүл. “Миний бие Б.Наранцацралт нь 2021 оны 4-р сарын 25-ны өдөр эхнэрээ байж боломгүй муухай үгээр доромжилж, мөн цагдаагийн газарт эсрэг мэдүүлэг өгсөндөө харамсахын дээдээр харамсаж байна. Энэ үйлдэл нь архидан согтуурсан байх үедээ гаргасан байх тул үлдсэн амьдралдаа архи дарсны зүйл амсахгүй байхаар амалж байна. Мөн өөрийгөө хөгжүүлж, ажил үйлс дээрээ амжилт үзүүлж, зөвхөн хоёр хүүхэд эхнэрийнхээ төлөө бүх хүч оюун ухаанаа дайлчан ажиллахаа амалж байна. Хэрэв дээрх амлалтууддаа хүрч чадахгүй бол эр нөхөр, эцэг байх хууль ёсны эрхээс түдгэлзүүлж, эсвэл өөрөө түдгэлзэж, хариуцлагаа хүлээх болно” \https://fb.watch/hnAi-gNWrQ/?mibextid=v7YzmG үзнэ үү.\ гэж цагдаад өргөдөл гаргаж байсан өөрийнхөө “но”-той баримтыг ч үл тоон, нууц камерууд байрлуулан, бичлэг хийх эр зоригтой байна. Эхнэртээ хутга гарган, эд зүйлээ эвдэж, хоригдох ялтай хэрэг удаа дараа өдүүлсэн ноцтой үйлдлүүдээ ч үл тоон бичлэг хийн ноцох ар талтай байна. Монгол Жү Данте босч очоод салгахгүй, маш тайван сууж байгаа нь бичлэг хийж авах л зорилготойг нь илтгэнэ. Хүүхэддээ хайртай аав ийм юм болж байхад бичлэг хийгээд тайван сууж байх уу? Үсэрч очоод салгахгүй, олзоо тайван хараад сууж байгаа л хүний үйлдэл. Ээж болчимгүй, өөрийгөө хянаж чадахгүй байгаа бол аав өдөөн хатгагч. Хүүхдүүдээ сургуулийн орчинд, сошл сүлжээнд, нийгмийн амьдралд ялгаварлан гадуурхагдана, ад шоо болно гэж хайрлахгүйгээр бичлэг хийж байна. Тэр хүүхдүүддээ хайртай юу, хүүхдүүдээ ашиглаж, арга хэрэгсэл болгож байна уу? Бичлэгээс нь болж, хүүхдүүд нь сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөнө, ирээдүй нь шархалж гэмтэх нь огт хамаагүй. Хүний эрхийн өмгөөлөгчид, сэтгэл зүйчид ингэж дүгнэж байна. Мэдээж бичлэг бүтэн биш. Ийм “дайн” болтол өдөөсөн өмнөх үйл явдал нь байхгүй. Дуу нь цэвэрхэн, үг хэллэгийг бичвэрээр харуулж, хэн хэн болохыг танилцуулж, Ч.Ундрамын зургийг байрлуулсан гэх зэргээс үзвэл мэргэжлийн багийн ажиллагаа нэвт шувт мэдрэгдэнэ. Ч.Ундрамыг сошл сүлжээнд барьж идэж байгаа гурван үгтэй хэсэг бол бүр супер. Найз нөхдийнх нь сошл сүлжээнд илэрхийлж байгаагаар бол яг тэр хэсгийг хэлж байгаа дуу хоолой Ч.Ундрамынх биш юм байна.

Гурван бичлэг цувуулан цацсаны араас УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах гарын үсэг цуглуулъя, Ч.Ундрам өөрөө санал гаргажээ гэсэн мэдээ, постууд тарааж, яарсандаа нууц төлөвлөгөөнийхөө цаад зорилгыг улс төр уншдаг хүмүүст гэрэл цохиулчихсан. Б.Наранцацралт “НВЦ”-ийн Ц.Баатарбилэгтэй “Эм Си Си Пи” компанийг хамтран эзэмшдэг. Ц.Баатарбилэг Төв аймгийн Баянчандмань суманд өндөгний аж ахуй эрхэлнэ гэж Хөгжлийн банкнаас 2017 онд 21 сая долларын зээл авсан ч өнөөдрийн байдлаар 59 тэрбум 840 сая төгрөгийн өртэй, https://www.dbm.mn/loanpf/paymentDetail зориулалтын бусаар зарцуулж, алт ухах, мөрийтэй тоглоомонд ашигласан байж болзошгүй хэргээрээ цагдан хоригдож, мөрдөгдөн шалгагдаж байна. Өчигдрийн нөхөр, өнөөдрийн дайсан болсон Б.Наранцацралтын холбоо хамааралтай “НВЦ” компанийн хэрэгт ч Ч.Ундрам УИХ-ын гишүүн учраас өмнөөс нь цоллогдон буруудсан.   

Өрөнд орсон, хадмынхаа компанийг удирдаж байхдаа мөнгө төгрөгний асуудал үүсгэсэн, хилийн хориг тавиулсан Б.Наранцацралт Ч.Ундрамыг хэл амны бай болгоод, хүүхдүүдээ салгачихвал гэр бүлийн өмч хөрөнгөний 75 хувийг авна. Өрхийн 4 гишүүний 3-т нь өмч хөрөнгийн 75 хувь оногдоно. Эхнэрээ араар нь өөрөө тавьсан, хадмынхаа компаниас идсэн, өрөнд орсон, Ч.Ундрамд бизнес, улс төр аль ч талаараа ялагдсан өс хонзонгоо авч, өмч хөрөнгө, улс төрийн давхар ашиг олно. Ч.Ундрам гэдэг төлөвлөгөөний  юу ч болсон, яаж ч муудсан хүүхдүүдээ ашиглахгүй, арга хэрэгсэл болгохгүй байя гэж экс нөхрөөсөө гуйсны хариу нь ийм байна. Хууль бусаар тагнаж чагнасан гэмт хэрэг гэдэг нь тодорхой ч Б.Наранцацралтын арыг дааж байна гэсэн үг.

“Пенхтаус” кино зохиогдох бусад шалтгаанууд

С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяа,  Ч.Ундрам хоёр МУИС-ийн багш, хоёулаа эдийн засагч. МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаас Ч.Нарантуяа чөлөөлөгдөж, Ч.Ундрам 2017 онд томилогдож байсан эртний тооцоо бий. МУИС доторх өс хонзон энэ дуулианд байнга чимэглэж хавчуулагдсаар байгаа нь ийм учиртай. Ч.Нарантуяа Оюутолгойд ханган нийлүүлэгч, С.Баярцогтын найз М.Есөнмөнхийн компанийн 50 хувийг эзэмшдэг. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь рейтинг муутай байгаа, Хөгжлийн банкны тонуул нүүрсний хулгайг эсэргүүцсэн нийгмийн бухимдал гаарсан, тэр дундаа эмэгтэй улс төрчид ар араасаа паакталж байгаа далимыг ашиглах ёстой. Ч.Ундрамын аавынх нь компани Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлэн төлсөн нь энд хамаагүй. Нүүрсний хулгайч 18 хүний нэрийг жагсагчдаар зарлуулахдаа Ч.Ундрамын зургийг эхэнд нь оруулсан. Нөхөртэйгээ таарч тохирохгүй, салж сарниж байгаа, гэнэн болчимгүй Ч.Ундрамыг Сэлэнгэд унагах хувьсгалын тохироог ингэж бүрдүүлээд, энэ хаврын чуулганд багтаан эрхийг нь хасч,  ирэх онд нөхөн сонгууль явуулна. Олон нийт харж байгаа зүйлдээ итгэж, уурлаж бухимдаж байгаа дээр нь Ч.Ундрамыг унагаад, С.Баярцогтыг гаргаж ирнэ. МАНАН, хамтарсан Засгийн газруудыг байгуулах бүх хор, хуйвалдааны гол найруулагч нь С.Баярцогт байсан. Эх орноо андуурдаг болохоос биш элдэв хуйвалдаанд тэр авьяастай найруулагч. Ч.Ундрамын үйлдлүүд, С.Баярцогтын хэргүүдийн аль нь Монголд илүү хортой вэ? Ч.Ундрамыг барьж идээд, цогт эх оронч С.Баярцогтыг хүлээж авах юм уу?

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ