"Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэрийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Наранбаатар өнөөдөр /2022.12.22/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар "Хөтөлийн Цемент шохой" төрийн өмчит компани Хөгжлийн банктай шүүхдэлцэж байна. "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн "Хөтөл" ХХК 2015 онд 61 сая ам.долларыг "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр рүү хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Үүнийг манайхаас нэхээд байгаа юм. Үнэн хэрэгтээ "Хөтөл" ХХК болон "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр хоёр тусдаа компани. "Хөтөл" ХХК бол "Бэйзмент" гэдэг сахал Д.Эрдэнэбилэгийн компанитай хамааралтай.
Угтаа Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын өр валютын ханш, зээлийн хүү зэргийг тооцохоор 343 тэрбум төгрөг болж байна гэсэн. Ийм хэмжээний мөнгийг "Хөтөлийн Цемент шохой" төрийн өмчит компаниас нэхээд байгаа. Одоо та бүхэн "Хөтөл" ХХК-ийг "Бэйзмент" гэдэг Д.Эрдэнэбилэгийн компани гэж ойлгох хэрэгтэй.
"Цемент шохой" төрийн өмчит хувьцаат компани бол 40 жилийн түүхтэй, 820 гаруй ажилтантай, хоёр шохойн уурхайтай, ДЦС-тай, чулуунцарын үйлдвэртэй, цементийн үйлдвэртэй, төмөр замын вагон бүхий цогцолбор үйлдвэр. Энэ бол төрийн өмч юм. "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэр Хөгжлийн банканд ямар ч өр зээл байхгүй.
Манай удирдлагын баг ажлаа авснаас хойш есөн сарын хугацаа өнгөрч байна. Олон бодит баримтыг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т гаргаж өгсөн. Зарим газарт эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа.
Д.Эрдэнэбилэг "Хөтөлийн Цемент шохой" үйлдвэрийг 375 тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан. Ингэхдээ,
- Цементийг хөнгөлөлттэй үнээр болон хөрөнгө оруулалтын гэрээгээр борлуулсан гэдгээр 88 тэрбумын алдагдалд оруулсан.
- Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, манай "Цемент шохой" үйлдвэрээр дамжуулан "Хөтөл" ХХК руу 70 тэрбум төгрөг оруулсан.
- Цэвэр ашиг бууруулсан 45 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлгэсэн.
- Татвар төлөөгүй 27 тэрбум төгрөг хохирол учруулсан.
- Гадаад валютын алдагдал 69 тэрбум төгрөг болсон. Худалдаа хөгжлийн банкны зээлийн хүү 44 тэрбум төгрөг болсон.
- Борлуулалтын орлогоос "Хөтөл" ХХК руу шилжүүлсэн 27 тэрбум төгрөгийн асуудал байна.
- Манай компаниас 4 тэрбум төгрөг авч, өөрсдөө барилга барьж, тансагласан.
Бид энэ бүх хохирлоо луйварчдаас нэхэмжилж байна. Бид "Цементийн хулгайч"-аа олчихлоо. АТГ-т нотлох баримтаар өгсөн, үр дүнд хүрэхэд ойрхон байна.
Энэ үйлдвэрийг хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болго гэж өгсөн байхад "сахал" Д.Эрдэнэбилэг Монголын ард түмнийг хуурч мэхэлсэн.
Хаана байна, Д.Эрдэнэбилэг ээ. 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ гэсэн амлалт чинь... Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж өгнө гэсэн амлалтаа тэр биелүүлээгүй. Алдагдсан боломжийг тооцоолбол, 200 орчим тэрбум төгрөгийн татвар улсад төлөх боломжоо алдсан байна. Улсын шинжтэй зам бүтээн байгуулалтын ажил, барилга байгууламжийн хугацаа хойшилсон байна.
Өнөөдөр 13:30 цагаас шүүх хурал болно. Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг "Цемент шохой" үйлдвэр төлөхгүй. Энэ хүн 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг ч хөдлөхгүй хэдэн юм бий. Хөгжлийн банкнаас авсан зээлээ цааш нь дамжуулаад зогсохгүй манай орлогыг авч, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэж харж байгаа.
Манай хөтөлчүүд "сахал" Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг төлөхгүй.
Бидэнд айж ухрах зам байхгүй. Надад ална шулна гэсэн дарамт асар их ирдэг. Үйлдвэрийг Л.Наранбаатар аваад эвдсэн мэтээр тайлбарлаж байгаа хүмүүс ч бий" гэлээ.
Хэвлэлийн хурлын дараа тэрбээр дараах мэдээллийг баримт болгон, хэвлэлийнхэнд танилцуулсан юм.