Өнгөрсөн жилийн он солигдох өдрүүдээр бэйкэринүүдийн гадна уртаас урт дараалал үүсэж байлаа. Учир нь шинэ жилийн баяр хаяанд ирсэн тул айл бүр баярын ширээгээ чимэх амтат бялууны эрэлд гарч байв. Дугаарлаж зогссоор бялуугүй харьсан нь ч цөөнгүй. Учир нь хил хаалттайн улмаас үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүйд хүрч, нийлүүлэлт буурснаар хомсдол үүсэж байсан билээ. Тэр үед бэйкэринүүд нэг хүнд нэг л бялуу худалдаалах лимит хүртэл тогтоож байлаа.
Энэ жил энэ түүхийг давтахгүйн тулд хүмүүс одооноос захиалгаа өгч эхэлжээ. Тэр битгий хэл зарим нэг албан байгууллагууд ажилчдадаа шинэ жилийн бэлэг болгон баярын бялууг нь нэгдсэн байдлаар захиалж өгч байгаа нь хамгийн зөв сонголт болж байна. Түрүүчээсээ зарим үйлдвэрлэгчид захиалгаа хааж, зарим нь ачаалал их байгаа тул хамт олны захиалгыг ойрын өдрүүдэд авахаа мэдэгдсэн байгаа харагдав.
Бялуу дунджаар хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа, эрэлт хэр байгаа талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Одоогийн байдлаар дэлгүүрийн лангуун дээр бялуунууд дараах үнээр худалдаалж байна.
- "Монбэйкэри": 31.900 - 65.900 төгрөг
- "Талх чихэр" - "Хотол" бялуу: 26.000 - 51.000 төгрөг
- "Жүр үр": 23.500 - 65.900 төгрөг
- "Милая": 3.900 - 50.000 төгрөг
- "Батбайгаль": 30.000 -.145.000 төгрөг
Баярын өмнөх өдөр лангуун дээр үлдсэн цөөн хэдэн бялуунаас сонголт хийх, эсхүл бүр олохгүй хайх эрсдлээс сэргийлэх нэг арга бий. Тэр нь урьдчилж захиалга өгөх юм.
Үйлдвэрүүд баярын бялууны урьдчилсан захиалгаа хэдийн авч эхэлсэн бол зарим бэйкэри бүр захиалгаа хаажээ.
Тухайлбал, "Жүр үр" бэйкэри баярын захиалгаа арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн авч, өнөөдөр хаасан байна. "Тү лэ жүр" бэйкэри ч мөн адил захиалгаа хаажээ.
Харин "Талх чихэр" ХК-ийн бялууны урьдчилсан захиалга хараахан дуусаагүй байна. Арванхоёрдугаар сарын 6-наас захиалга авч эхэлсэн бөгөөд хоёр өдрийн дараа буюу арванхоёрдугаар сарын 24-нд захиалга хаагдана гэлээ.
"Хотол" бялуу хэмжээ, төрлөөсөө хамаарч 26.000 - 51.000 төгрөгийн үнэтэй бөгөөд байгууллагын фэйсбүүк хуудас болон лавлах утсаар захиалга авах юм байна. Мөн захиалсан бялууг үнэгүй хүргэж өгөх үйлчилгээг "Талх чихэр"-ийнхэн үзүүлж байгаа аж.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250