...
...

Монголын "хамгийн үнэтэй, ховор" хөөрөгний эзэд

Сар шинийн баяр дөхөөд ирэхээр монгол эрчүүдийн ганц гангараа хөөрөгний тухай ярихгүй өнгөрвөл алдас болох биз. Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болжээ. Хөөрөг нь манай улсын хөгжлийн явцад эрчүүдийн зэрэг, зиндааг тодорхойлдог чухал эд хэрэгсэл болсон юм. Тийм ч учраас монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөргийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг гэнэ. Тиймээс Монголын тэргүүн баячуудын хөөрөгний цуглуулгаас та бүхэнд сонирхуулж байна.

МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨӨРГИЙГ “МОН-УРАН”- Ы Б.НАРАНХҮҮ БАРЬДАГ

Монголын тэргүүн баячуудын жагсаалтад байнга дээгүүрт нэр нь бичигддэг "Мон-Уран"-ы Б.Наранхүү гэх эрхэм бий. Тэрбээр Монголын хамгийн өндөр үнэ өртөгтэй, эртний хөөргийг гартаа барьдаг гэнэ. Түүний хөөрөг 16-р зууны үеийн эртний эдлэл бөгөөд 380 сая төгрөгөөр үнэ хаялцуулан худалдан авсан гэдэг.

МАНЗУШИР ХУТАГТЫН ХӨӨРГӨӨР Б.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН ГАНГАРДАГ
“Би Монголынхоо уламжлалт гар урлал, дархчуудын ур ухаан, шингэсэн бүтээлүүдийг сонирхдог. Заримыг нь цуглуулдаг. Өөрөө ч бас эдэлж хэрэглэдэг. Ер нь монголчуудын урлаж бүтээсэн зүйлд монгол хүний дотоод сэтгэл, ур ухаан, хүсэл тэмүүлэл шингэсэн байдгаас гадна ур хийц нь дахин давтагдашгүй” байдаг гэж ярьдаг УИХ-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ эртний эдлэл, үнэтэй чамин зүйлд гар татдаггүй нэгэн. Тэрбээр хэд хэдэн сайхан хөөрөгтэй. Тэднээс хамгийн алдартай нь Манзушир хутагтын барьж байсан хөөрөг гэнэ. Олон хутагтын гар дамжиж, аймаг сум дамжин зарагдаж явсаар энэ хөөрөг 1990 оны эхээр Дархан аваргын гар дээр иржээ. Мөнгө хатуу байх үед энэ хөөргийг Б.Бат-Эрдэнэ гишүүн чамлахааргүй өндөр үнэ төлж авсан гэдэг. Энэ хөөрөг түүний гарт ирснээр олз омог, алдар, нэр, бас санасан хүсэл бүхнийг нь биелүүлсэн гэж ихэд бэлэгшээдэг учраас Б.Бат-Эрдэнэ гишүүн хөөргөө төдийлөн олон хүнд харуулаад байдаггүй. Жилдээ хоёр гурван удаа л гаргаж барьдаг юм гэнэ лээ.
 АСАШЁРЮҮ Д.ДАГВАДОРЖ МАНЛАЙ ВАН Ж.ДАМДИНСҮРЭНГИЙН ХӨӨРГӨӨР ГАНГАРАГЧ

Монголын түүхэнд Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, эрдэнэ дайчин, манлай баатар чин ван Ж.Дамдинсүрэн гэдэг нэр тун тодоор үлдсэн нь бий. Тэгвэл Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн харлаг манан хөөрөг өнөөдөр Их аварга Д.Дагвадоржид хадгалагдаж байна. Эртний түүхтэй, бас дайчин вангийн эдлэж хэрэглэж байсан эд гэдгээрээ зартай энэ хөөргийг тэрбээр олон жил үе дамжуулан хадгалсан нэгэн буурлаас чамлахааргүй өндөр үнэ төлж байж худалдаж авсан гэнэ.

ДИЛАВ ХУТАГТЫН ХӨӨРӨГ “ЭРЭЛ”-ИЙН ЭРДЭНЭБАТАД БИЙ 
Монгол түмний их шүтээн болсон, тамгатай 13 хутагтын нэг Дилав хутагт Баашлуугийн Жамсранжавын нандигнаж явсан хөөрөг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад уламжлагдан ирж хадгалагдсан гэнэ. 1990 оны сүүлчээр Гандагтэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Америкт Нью-Жерси мужид байх Дилав хутагтын хийдэд очиж мөргөжээ. Дилав хутагтын шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтан Чойжамц ламтанг хүлээн авч Дилав хутагтын хоёр хөөргийг түүний багш Очирдарь ламын барьж байсан даалингийн хамт өгч “Энэ хоёр хөөрөг даалинтайгаа бүтэн нэг зууны дараа эх нутаг Монголдоо эргэн очих цаг нь болсон байжээ” гэж онцлон хэлж байжээ. Энэ хоёр хөөрөг, даалин Монгол эх орондоо очоод буцаад хилийн дээс давах учиргүйг сануулсан гэдэг. Ингээд Д.Чойжамц хамбыг нутагтаа ирэхэд уг хөөргийг дуулсан томоохон хөрөнгөтнүүд авахаар үнэ хаяж байсан ч тэрбээр Б.Эрдэнэбатад өгсөн юм гэнэлээ.


ХАМГИЙН ЧАМИН ХӨӨРӨГТЭЙ Г.АЛТАН ХАТАГТАЙ
Монголын өнөө цагийн баячуудын нэг “Алтжин”-гийн гэх тодотголтой Г.Алтангийн хөөрөгний цуглуулганы талаар хүмүүс тэр бүр мэддэггүй биз ээ. Тэрбээр үнэт чулуугаар хийсэн, уран чамин хийцтэй, юм мэддэг хүний харцыг булааж, шуналыг хөдөлгөсөн нэлээд хэдэн хөөрөгтэй. Түүний энэхүү цуглуулгад XVII, XVIII зууны үеэс уламжлагдаж ирсэн хоёр шүрэн хөөрөг бий. Асар нарийн хийцтэй, эртний хөөрөгний нэгийг нь цуглуулагчид “Хатагтай” хэмээн нэрийддэг байна. Харин нөгөө нь XVIII зууны үеийн түүх соёлын дурсгалд хамаарагдах бөгөөд цул шүрийг ухаж, давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр чимэглэсэн нандин хийцтэй хөөрөг аж. Зоосон тамгатай, эртний хээ угалзан чимэглэлтэй пийсүү хөөрөг ч мөн түүний цуглуулгад үнэтэй байр суурь эзэлдэг. Түүний цуглуулгад ихэвчлэн уран дархчуулын гар болоод оюуны ур шингэсэн, эртний хөөрөгнүүд байдаг. Тухайлбал, дундад зууны үеэс уламжлагдан ирсэн, бухын дүрстэй мана хөөрөг түүний нандин цуглуулгын бас нэгэн чамин чимэг болдог аж.



ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ЧИН ГАРТААМ, БОГД ХААНЫ ШҮРЭН ХӨӨРГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ЦЭНГЭЛ БАРЬДАГ

Богд хааны хэрэглэж байсан гэх шүрэн хөөрөг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлд байдаг аж. Түүнд Далайчойнхор вангийн хэрэглэж байсан шүрэн тоногтой эмээл байдаг. Тэрээр шүрэн эдлэлийг эдэд тооцож түүнийг цуглуулан нэг ёсондоо кайф авдаг хүн гэнэ. Эртний чамин эдлэл хэрэглэл, хурдан моринд хоббитой Ц.Цэнгэлд Чинван Ханддоржийн чин гартаам хөөрөг хадгалагдаж байдаг гэсэн шүү.



БОГДЫН ХАТАН ДОНДОГДУЛАМЫН ХӨӨРГИЙГ ДЭД САЙД О.ЧУЛУУНБАТ ЭХНЭРТЭЭ БЭЛЭГЛЭЖЭЭ

Дилав хутагт Жамсранжав болон Дондогдулам хатны барьж явсан олон зуун сая төгрөгийн үнэтэй чулуун хөөрөгний байвал зохих ёстой газар нь Улсын түүхийн музей юм уу эсвэл Монгол улсын эрдэнэсийн сан л баймаар юм шиг санагддаг билээ. Гэвч удах тусам улам үнэд ордог эдгээр үнэт эдлэлүүд эдүгээ нэгэн цагт  Монгол банкны захирал байсан О.Чулуунбатад хадгалагдаж байна. Тэрбээр Монголын сүүлчийн хатан Дондогдуламын улаан шүрэн хөөргийг эхнэртээ бэлэглэж, багагүй дуулиан тарьж байсныг уншигчид санаж байгаа нь лавтай.

Дэд сайд  асан Ж.Цолмонд Дондогдулам хатны сувдан цагаан хөөрөг бий
Үндэсний өв соёлоо хадгалж, монгол хувцасаараа гангарах дуртай Эрүүл Мэндийн Дэд сайд Цолмонд VIII Богд Жавзандамба хутагтын төрийн их хатан Дондогдуламын сувдан цагаан хөөрөг хадгалагддаг. 1979 онд Гүрдаваа Ринбүүчи “ энэ бол монголын өмч, монгол хүн эдлэх ёстой юм шүү” гэж дэд сайдын ээжид өөрийн гараар өвлүүлэн үлдээсэн нь өнөөдөр дэд сайд Ж.Цолмонд хадгалагдаж байна. Хөдөө гадаа төдийгүй өдөр тутмынхаа ажилд дээл өмсөх дуртай дэд сайд төрийн их хатан Дондогдуламын эдэлж хэрэглэж явсан сувдан цагаан хөөргөө үргэлж биедээ авч явдаг аж. Төрийн эрдэнэсийн сан хөмрөг хийгээд үндэсний түүхийн музейд үнэт өвд тооцогдох Дондогдулам хатны сувдан цагаан хөөргийг түүх судлаачид ч үнэлж чадахгүй байгаа юм. Улсын эх дагина Цагаан дара хатан Дондогдулам сэцэн хан нэрээр түүхэнд үлдсэн энэ хүний эдлэж хэрэглэж явсан зүйлүүдээс цөөнгүй нь хувь хүмүүсийн гар дээр хадгалагдаж байдаг аж.



Иточү корпорацийн экс босс Т.Энхбат Сайн ноён хан Намнансүрэнгийн пийсүү хөөргөөр гангардаг

Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж байсан улс төрийн зүтгэлтний нэг нь Богд хаант Монгол улсын ерөнхий сайд агсан сайн ноён хан Т.Намнансүрэн юм. Т.Намнансүрэн 1878 оны шар барс жил боржгид овгийн язгууртан Төгс-Очирын хоёрдугаар хүү болж төрсөн. Монголын эртний язгууртан энэ эрийн тухай түүхийн баримт бичигт багагүй дурьдаж үлдээсэн нь бий. Тэгвэл түүний барьж байсан пийсүү хөөрөг өдгөө Иточү корпорацийн экс босс Т.Энхбатад хадгалагдаж байна. Пийсүү нь ногоон, цагаан, шар өнгөтэй байх агаад ногоон нь гэхэд 12 өнгөтэй байдаг гэнэ.Ногоон өнгөтэй, шил мэт тунгалаг энэ үнэтэй хөөргийг Д.Энхбат захирлаас авах гэсэн нэгэн баян эр 150 мянган ам доллар амлаад ч худалдаж авч чадаагүй юм гэнэлээ.

 

ХАМГИЙН ҮНЭТЭЙ ҮЕ ДАМЖСАН ХӨӨРӨГ ХӨВСГӨЛД БИЙ 
Эрдэнэт хотод Шилдэг хөөрөгний уралдаан зарлаж, энэ уралдаанд нийтдээ 100 гаруй хөөрөг өрсөлдсөн. Баячууд өөрсдийнхөө хөөргийг туслахуудынхаа нэрээр үзэсгэлэнд тавьж, хэл амнаас далдхан уулзаж, хөөрөгний том наймаа хийсэн гэсэн мэдээлэл тухайн үед чих дэлсэж байлаа. Тэгвэл энэ уралдаанд “Шилдгийн шилдэг хөөрөг”-өөр шалгарсан хөөрөг өнөөдөр Хөвсгөл аймагт хадгалагдаж байна.  Харуул овогт Цэндсүрэнгийн Эрдэнэдаваагийн шанага долоон од хэлбэртэй, шүрэн толгойтой, давхар оюу гуулин нуухтай, зааны ясан халбагатай их гарын Чүнчигноров хөөрөг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Даян дээрхийн голоос гаралтай бөгөөд өвөг эцгээс нь уламжлагдан ирсэн үнэт өв ажээ.

БАЯЧУУД ХАШААР ГОЁДОГ
Үе үеийн баячууд ихэвчлэн цагаан өнгийн хөөрөг барьдаг байж. Энэ хаш хөөрөг бусад чулуунаас хатуулгаараа нэгдүгээрт ордог. Мөн түүнийг байгаль дээрээс тэр бүр томоор нь олборлох нь ховор байдаг. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь маш ховор. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэд хүрдэг байжээ. Хаш эдэлж хэрэглэдэг хүний яс бэртэж хугардаггүй гэж ярьдаг. Мөн байгаа өнгөтэйгээ адилхан маш сайхан гэгээлэг зүйлийг амьдралд дагуулж ирдэг гэж бэлэгшээдэг аж. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн хаш хөөрөг гарал үүсэл нь тодорхойгүй ч “Халхын 10 цагаан” нэртэй 10 сайхан хөөргийг тэргүүлсэн юм гэнэ лээ.


ХАМГИЙН ОЛОН ХӨӨРӨГНИЙ ЭЗЭН
Сүүлийн үед нам гүм амьдрах болсон Да.Ганболдын хөөрөгний цуглуулга Монголдоо л толгой цохиж байна. Монголын шилдэг 100 хөөрөгний каталогид Да.Ганболдын нэр дээрх хэд хэдэн хөөрөг багтдаг аж. Түүний хөөрөгний цуглуулга эртний түүхтэй. Монголчууд хөөргийг төдийлөн ойшоож үздэггүй  байсан 1950-иад оны үеэс түүний аав Ц.Даваадорж хөөрөг цуглуудаг байсан бөгөөд нэртэй, алдартай хүмүүсийн эдлэж явсан, үнэтэй чамин хөөргүүдийн энэ цуглуулгыг  Да.Ганболд 10-р ангиа төгсөөд л ааваасаа өвлөж авсан гэнэ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ