Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Зэс хайлуулах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, дамжуулах хоолой барих Техникийн зөвлөлдөх уулзалт болж байгаа. Аж үйлдвэрийн яам Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Мөн үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын бэлтгэлийг хангаад байгаа гэнэ.
Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа. Ингэхдээ жил бүр 1 тэрбум гаруй ам.долларыг зарцуулж байна. 2011 онд 1.05 сая тонн, 2012 о.д 1.3 сая тонн, 2013 онд 1.4 сая тонн, 2014 онд 1.3 сая тонн, 2015 онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Цаашлаад газрын тосны хэрэглээ 2020 он гэхэд 1.8-2 сая тонн, 2025 онд 2.5 сая тонн болж өсөх магадлалтайг мэргэжилтнүүд хэлдэг. Иймд манай улс өөрсдөө бүтээгдэхүүнээ олборлож, боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Иймд салбарын яамны зүгээс боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад барих талаар судалжээ. Эцэст нь хамгийн зөв байршил бол Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг гэж үзсэн байна. Үйлдвэрээс гадна газрын тос дамжуулах хоолой барих учиртай. Түүхий тос дамжуулах хоолойн урт түүхий тосны ордоос Бор-Өндөр хүртэл 544 км бөгөөд 4 өргөлтийн станцтай байхаар төлөвлөж байгаа юм байна. Хоолойн нийт хөрөнгө оруулалт 264.5 сая ам.доллар. Газрын тос дамжуулах хоолойн хөрөнгө оруулалтын зардлыг түүхий тосны тээврийн хөлс, үйлчилгээний төлбөрөөс жилд олох 60 сая ам.долларын орлогоос нөхөх юм байна.
Ашиглалтын зардалд 26.4 сая ам.доллар зарцуулж, хөрөнгө оруулалтаа 8 жилд нөхөхөөр тооцоолжээ. Харин боловсруулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар байх юм. Үүнээс үйлдвэр барих 1.3 тэрбум ам.доллар, дамжуулах хоолой 264.5 сая ам.доллар, жилд 1.55 сая ам.долларын борлуулалт хийх, жилийн цэвэр ашиг 160 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 8 жилийн дотор нөхөх боломжтой гэнэ.
Д.Өөдөө
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250