...
...

Туршилтын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч хөгжлийн Төв (NEDO) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд​ “Эрдэнэс Монгол” ХХК нь Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ нь нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай гүйцэтгэлийн гэрээ юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Уул уурхайн сайд Р.Жигжид, Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын гүйцэтгэх захирал Мүнэхико Цүчияа, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яамны Байгалийн нөөц эрчим хүчний агентлагийн Нүүрсийн бодлогын хэлтсийн дарга Хироюуки Цукада нар оролцохоор хүрэлцэн ирэв.

Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Таван Толгой” ХК (ЭТТ) болон Японы “Нагата Инженеринг” ХХК нарын хооронд 2013 оны 8-р сарын 13-нд санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн дагуу талууд судалгаа, шинжилгээ, туршилтын ажлууд хийсэн бөгөөд тэдгээрийн үр дүнд үндэслэн туршилтын үйлдвэр байгуулах боломжтой гэж дүгнэсэн.

Үүний дагуу төслийн дараагийн үе шат болох туршилтын үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах тухай “Санамж бичиг”-ийг Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын хооронд өнөөдөр буюу гал бичин жилийн хаврын эхэн сарын шинийн есний билэгт сайн өдөр байгуулж байна.

Ашиглалтад орох хугацаа: 2018 оны эхний улирал

Туршилтын үйлдвэрийн давуу тал: Жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай туршилтын үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” /FBS/ төхөөрөмжөөр, 0.5-10 мм ширхэглэглэлтэй нүүрсийг “Air table” /АТ/ төхөөрөмжөөр баяжуулах юм.

 

  • Байгальд ээлтэй

 

  • Экспортод гаргахад шаардлагатай чанар, стандартыг хангах боломжтой

 

  • Хямд үнээр нүүрсийг баяжуулах

 

  • Ус биш элсийг ашиглан нүүрсийг баяжуулах

Япон талаас төхөөрөмжийн хангамж, зураг төсөл хариуцах, Монгол талаас мэргэжилтэн бэлтгэх, гааль татварын асуудал, байршуулах байр, орчин, дэд бүтэц зэргийг хариуцаж ажиллахаар болжээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ