Өнөөдөр болсон “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэгтэй холбогдуулж Уул уурхайн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.
-“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн гол зорилгыг та тодорхойлж хэлнэ үү. Хэчнээн асуудал хэлэлцэв?
- Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн хувь нэмрийг оруулах үүднээс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөртэй хамтарч явууллаа. Манай салбарт хайгуулын тусгай звөшөөрлийг шинээр олгож эхлэх үед орон нутгаас заавал дэмжих саналыг авдаг. Нийт саналын гуравны нэг нь дэмжихгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт дэмжлэгийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэдэг асуудал өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөр яригдсан. Үүнийг бид судалж үзээд Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар уул уурхайн салбараас орж байгаа орлогын тодорхой хувийг тухайн аймаг сумын хөгжилд оруулахаар баталсан. Ингэсний үр дүнд геологи, хайгуул, уул уурхайн ашиглалтын компанийн тусгай зөвшөөрлийн нийт төлж байгаа төлбөрийн 50 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт цуглардаг хувийн 30 хувийг аймаг сумдад Орон нутгийн хөгжлийн сангаас өгөх болсон. Хууль энэ оны нэг сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тодруулж хэлбэл, тухайн аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа татвар нь аймаг, сумдад бодитой нэмэгдэж, дэмжлэг үзүүлж байгаа юм.
-Орон нутгийн хөгжлийн сангаас тухайн аймагт бүтээн байгуулалт хийх үү?
-Орон нутгийн хөгжлийн сан уул уурхайн салбараас орж байгаа орлогын таван хувиар нэгдсэн сан байгуулагдсан. Эндээс нийслэл, дүүрэг, 22 аймаг, 360 сум дүүрэгт илтгэлцүүрээр мөнгө олгодог. Үүнийг тухайн орон нутаг иргэдийн хурлаараа дамжуулан ямар хөрөнгө оруулалт, ямар бүтээн байгуулалт хийхээ шийдвэрлэнэ. Энэ хуулийн зохицуулалтаар уул уурхайн салбараас орж байгаа орлого нэмэгдэнэ гэсэн үг. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа явуулдаг аймаг, орон нутгуудад нэмэгдэл ашиг хүртэнэ.
-Нэмэгдэл орлого өгөхөд аймгуудын захиргаатай гэрээ байгуулна гэсэн үг үү?
-Үгүй. Гэрээ нь тусдаа. Энэ нэмэгдэл орлого нь Төсвийн тухай хуулийн хүрээнд санд нь шууд орно. Орон нутагтай ажиллах гэрээний загварыг Засгийн газраар батлуулахаар бид ажиллаж байгаа. Энэ гэрээний дагуу орон нутгуудын захиргаа аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, нийгмийн болон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, ажлын байр бий болгох зорилгоор ажиллах юм. Тухайн аж ахуйн үйл ажиллагааг орон нутгийн засаг дарга дэмжиж ажиллана.
-Монголын эрдэс баялгаас олж байгаа ашгийг монголын ард түмэнд хүртээмжтэй хуваарилах, мөн амьдрах нөхцөл, соёл боловсролд ашигтай нөлөөлж, дээшлүүлэхэд танай яам ямар бодлого баримтлаж байгаа вэ?
-Монголын уул уурхайн салбарын эдийн засагт нөлөөлж байгаа нөлөө өндөр байгаа. Ерөөсөө дотоодын нийт бүтээгдэхүүний 16,1 хувь, төсвийн орлогын 20,7 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна. Олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг. Энэ төлбөрийг төсвийн тухай хуулиар гурав хувааж зарцуулдаг. Үүнээс 70 хувийг Хүний хөгжил санд төвлөрүүлж, Монголын 18 хүртэлх насны хүүхдийн мөнгө, оюутнуудад цалин өгөх зэрэг мөнгийг олгож байгаа. Тэгэхээр энэ нь нийт ард түмэн уул уурхайгаас ашгаа хүртэж байна гэсэн үг юм.
-Одоо тэгвэл Монголын эдийн засаг сэргэж эхлэх үү?
-Ер нь уул уурхайн салбарын өндөр циклийн үе буурсан байгаа. 2011, 2012 оны үед дэлхийн зах зээл, Өмнөд хөршийн зах зээлд ашигт малтмалын үнэ их өндөр байлаа шүү дээ. Тиймээс циклийн үе хэдий буурсан ч олборлолт, экспорт үргэлжилж байна. Мөнгөн дүнгээр буурсан хэдий ч Монгол Улсын эдийн засагт өндөр нөлөөлж байна. Үүнийг бид хэрхэн нэмэгдүүлэх талаар олон чиглэлээр анхаарч ажиллаж байна. Шийдлийн Засгийн газрын үед тусгайлан Аж үйлдвэрийн яам байгуулагдсан. Энэ яам түүхий эдийн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн хийхээр ажиллаж байна. Ерөнхийдөө ашигт малтмалын олборлолт, экспортын өнгөрсөн жилийн дүнг харахаар жонш, нүүрс цөөхөн төрөлд бага зэрэг буурсан байсан. Бусад төрлүүдэд өсөлттэй байгаа. Дэлхийн зах зээлийн үнэ нь буурсан учраас орж ирдэг мөнгөн дүн доошилсон дүнтэй байна. Цаашид үүнийг тэр түвшинд байлгах, үнийн уналтыг эргэж сэргэтэл зөв бодлого явуулан ажиллаж байна.
-Цаашид Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх магадлал хэр өндөр байна вэ?
-Оюутолгой, Гачууртын ордын асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. 2017-2018 он гэхэд гадаадын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэх байх аа.
Ярилцсан Б.БАЯРМАА
Эх сурвалж: www.breakingnews.mn