Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” сэдвийн дор сар бүр мэдээлэл хийдэг. Тэр ёсоор өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл хийлээ.
УИХ-ын чуулганаар тус яам хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцүүлж шийдүүлснийг онцлов. Мөн мэдээлэл хийх үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтригтэй уулзахдаа хоёр улсын найрсаг харилцааг уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар, мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Эд Жейгэртэй уулзаж, Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг PDAC-2016 арга хэмжээний бэлтгэл ажил болон хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцсон тухай багц мэдээллээ танилцуулсан юм.
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоов
Тус яам энэ оны хоёрдугаар сарын 4-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.Тогтоолыг хэлэлцэхдээ нэгдүгээр зүйлд, УИХ Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, хоёрдугаар зүйлд УИХ-аас Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна.
Хүний хөгжил сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа
Нэгдүгээр дүгээр сарын 29-ний өдөр Хүний хөгжил сангийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж батлуулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлэх юм байна. Мөн компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болж,“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдана гэж үзжээ. Харин Хүний хөгжил сангийн хөрөнгийн ерөнхий удирдлагыг Сангийн яаманд хариуцах юм байна.

Нүүрсний экспортыг дэмжих цогц арга хэмжээ авч эхэллээ
Засгийн газрын хоёрдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний АМНАТ-ийг гэрээний үнээс тооцож авах тухай” Засгийн газрын тогтоол, “Гаалийн бүрдүүлэлтийн хураамж”-ийг бууруулах тухай Засгийн газрын шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэн батлууллаа. Эдгээр төсөл нь нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
Ингэснээр АМНАТ болон Гаалийн хураамжаас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэх юм байна. Мөн нүүрсний уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэх боломж бүрдэнэ. Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулсан нүүрснийхээ худалдааны гэрээ болон бусад холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлээгүй, буруу мэдээлсэн тохиолдолд АМНАТ-ийг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулахаар болжээ.
Туршилтын үйлдвэр барих санамж бичиг хэрэгжиж эхэлжээ
Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон.
Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Таван Толгой” ХХК болон Японы “Нагата Инженеринг” ХХК нарын хооронд 2013 оны наймдугаар сарын 13-нд санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн дагуу талууд судалгаа, шинжилгээ, туршилтын ажлууд хийсэн байна. Үүний үр дүнд үндэслэн туршилтын үйлдвэр байгуулах боломжтой гэж дүгнэв. Судалгаанд тулгуурласан төслийн дараагийн үе шат болох туршилтын үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах тухай “Санамж бичиг”-ийг Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын хооронд байгууллаа.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК болон “Нагата инженеринг” компани хооронд төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү туршилтын үйлдвэр нь жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай юм.

Хайгуулын 995 тусгай зөвшөөрөл олгоод байна
Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн. Одоогийн байдлаар цахим хэлбэрээр 3915 дугаар олгожээ. Үүнээс дугаар авсан 1580 аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянаж шийдвэрлэсэн байна. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж байна.
Үүнээс: Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн- 995 (5.22 сая гектар буюу 24.9%)
Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт- 664 (3.29 сая гектар буюу 15.74%)
Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан -636
Өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа- 40 өргөдөл байгааг энэ үеэр яамны сайд мэдэгдлээ.
Уул уурхайн салбар 2016 оны нэгдүгээр сард нүүрс 2.0 сая тонн, алт 569 кг, газрын тос 110.7 мянган тонныг тус тус олборложээ. Харин 11.7 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 134.2 мянган тонн зэсийн баяжмал, 23.2 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал 6.2 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна.
Экспортын хувьд 2016 оны нэгдүгээр сард 139.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 475.2 мянган тонныг, алт 700 кг, нүүрс 1.2 сая тонн, газрын тос 106.3 мянган тонныг тус тус экспортлосон байна.
Уул уурхайн сайдын төвлөрүүлсэн орлого
2016 оны нэгдүгээр сард Ашигт малтмалын газар нийт 1.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол Газрын тосны газар нийт 13.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Гэтэл Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 15.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Ердийн хэрэглээний 49 хоногийн нөөцтэй байна
Энэ оны хоёрдугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 50, ТС-1 32 хоногийн нөөцтэй илэрчээ.
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn