Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа”компани хууль зөрчөөгүй
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн. Тус байгууллага нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт хууль зөрчин ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэж Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж, хоёр шаардлага тавьсан. Уг шаардлагын хариуд өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид тайлбар мэдээлэл хийлээ.
Тайлбар хийхдээ нэгд, “Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг, Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав газар, Ойн сав бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа” хэмээх компанид алт олборлуулахаар тусгай зөвшөөрөл өгсөн” гэсэн мэдээллийг онцоллоо.
Тэдний тайлбарласнаас дурдвал, “Манай яамны зүгээс энэ асуудалд өмнө нь энэхүү хэвлэлийн хурлаараа дамжуулж тайлбар хийж байсныг Та бүхэн мэдэж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гутайн даваа” ХХК нь Монгол-Канадын хамтарсан аж ахуйн нэгж юм. Монголын тал 51%-ийг, Канадын тал 49%-ийг эзэмшдэг.Уг компани нь 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авч улмаар хайгуул хийн Гутайн алтны үндсэн ордыг нээсэн. Нөөцийн тайланг Эрдэс баялаг, эрчим хүчний яам /хуучнаар/-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2012 оны долдугаар сарын 05-ны өдөр хэлэлцсэн юм. Гэтэл тэр үед “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлийн бүс Ойн сан бүхий газартай давхцалтай байсан” гэж мэдэгдлээ.
Улсын Их Хурлын чуулганаар 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” батлагдан гарчээ. Уг хуулийн дагуу 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдөр “Журам, гэрээний загвар батлах тухай Засгийн газрын 120 дугаар тогтоол батлагдсан байна. Энэхүү хууль, журмын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “...далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” тухай лавлагааг гарган өгч ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх үүссэн байна.
Ашигт малтмалын газраас тус компаний өргөдлийг хуулийн дагуу хянан шалгажээ. Шалгалтаар 2015 оны найдугаар сарын 13-ны өдөр “Гутайн даваа” ХХК-д MV-019023 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон нь тодорхой байжээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тухайн ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2015 оны 11-р сард батлуулсан байна. Уг техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар таван жилийн хугацаанд 1.3 тн алт олборлон 84.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 200 гаруй хүнийг ажлын байраар хангах юм. Үүнээс гадна 22.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөл гэж үзэж баталжээ. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум төгрөг, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 212 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан байна.
Одоохондоо тус компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг “Дэлгэрэх-Ач” ХХК-иар хийлгэж байна. Энэ компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогдсон мэргэжлийн эрх бүхий байгууллага аж. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйл, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн А-03 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Иргэдийн нийтийн хурлыг 2015 оны 11-12-р саруудад хоёр удаа хуралдуулжээ. Энэ үеэр төслийн талаар танилцуулж, оролцогчдоос санал авахад төслийн үйл ажиллагааг 67%-ийн саналаар дэмжсэн байна. Уг төслийн үйл ажиллагааны явцад Байгаль орчинд /хөрс, ус, экосистем/ хэрхэн нөлөөлөх, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай асуудал нарийвчлан тусгагдана. Гэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэний дараа эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Хонгконгийн компани бусад талбайг буцааж өгөх үүрэгтэй
Хоёр дахь маргаантай асуудал бол “Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамрах хэмжээний буюу 19724.28 км талбайд Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг олгосон” гэж шүүмжилж байгаа. Уг зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчсөн гэдэг. Энэ талаар Уул уурхайн яам ямар хариулт өгч байгааг сонирхуулъя.
Олон улсад нээлттэй зарласан газрын тосны хайгуулын Увс I талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (цаашид “БХГ” гэх) байгуулах сонгон шалгаруулалтад Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Гладвилл” ХХК шалгарчээ. Энэ шалгаруулалт Эрдэс баялаг эрчим хүчний сайд (хуучин нэрээр)-ын 2011 оны 175 дугаар тушаалаар болсон.
“Монгол гладвилл увс петролиум” ХХК нь Увс I талбайд хайгуулын найман жилийн хугацаанд хайгуулын ажилд 827 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байсан. Төслийн хүрээнд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул, 160 тууш км 2 хэмжээст, 160 кв.км талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуул, үнэлгээний 453 цооног өрөмдөх юм байна. Мөн дээрээс нь нэмж хэлэхэд, Газрын тосны тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлын доод хэмжээг дахин төлөвлөж, 257.57 сая ам.долларыг зарцуулах юм.
Засгийн газрын 2015 оны 4-р сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын “Увс-I” талбайд Газрын тосны газар, “Монгол гладвилл увс петролиум” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулж байна. Энэ үйл ажиллагааны талаар Газрын тосны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заажээ.
Увс-I талбай нь Увс аймгийн 13 сум буюу Сагил, Түргэн, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Малчин, Завхан, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруун-туруун, Давст сумдыг хамардаг. Үүнээс тусгай хамгаалалттай газруудыг хасч нийт 19613 км2 газар нутгийг хамарч байгаа. Хайгуулын ажлын үр дүнд гэрээний дагуу жил бүр талбайн буцаалт хийгдэж, хэрэв тос илэрсэн тохиолдолд ашиглалтанд шилждэг. Өмнөх жишгээс харахад нийт талбайн хоёроос найман хувь нь ашиглалтад шилждэг гэж онцлон ярьсан.
Тодруулж хэлбэл, БХГ-ний 6.1.1-д хайгуулын эхний үе шат буюу гурван жилийн дараа нийт талбайн 25-аас доошгүй хувийг, мөн хайгуулын хоёрдугаар үе шат буюу зургаан жилийн дараа үлдсэн талбайн 25-аас доошгүй хувийг буцаан өгөхөөр тохиролцжээ. Нэмж хэлэхэд, хайгуулын гуравдугаар үе шат буюу хайгуулын хугацаа дуусахад ашиглалтын талбайгаас бусад талбайг буцааж өгөх үүрэгтэй гэж талууд гэрээндээ тусгасан байна.
Нийтлэл Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn