Манай улсын хамгийн том татвар төлөгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК сүүлийн 3 жилийнхээ үйл ажиллагааны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, худалдаа, хөгжлийн болон нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагнасан байна.
Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагын 2013-2015 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг орлогч захирлууд видео бичлэг болон илтгэл хэлбэрээр танилцуулжээ. Сүүлийн 3 жилд Эрдэнэт үйлдвэр улсын төвлөрсөн төсөвт 1,1 их наяд төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 92,5 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 123 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн байна.
2013-2015 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж эдийн засаг, санхүүгийн байдал тогтворгүй болсонтой холбогдуулан хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр нийт 127,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 131,6 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн гэнэ.
Мөн тус үйлдвэр 2013-2015 онд ахмад настнуудын тусламж дэмжлэгт зориулан 9,4 тэрбум төгрөг, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтнуудад эмчилгээ, тусламж, нөхөн төлбөрт 6,3 тэрбум төгрөг, ажилтнуудын буцалтгүй тусламжид зориулж 18,3 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Үйлдвэрийн 1302 өрх айлыг гэр, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж нийт 9 тэрбум, 752 сая төгрөгийн тусламж үзүүлснийг тайлангийн хурлаар онцоллоо.
Д.Өөдөө
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250