...
...

Н.Энхболд: Австрали хүмүүсийн зан ааш, амьдралын хэв загвар монголтой их төстэй

Австралийн Холбооны Улсын элчин сайдын яам Монголд албан ёсны нээлтээ хийсэн юм. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэхдээ “ Монгол Улс шинэ нийгмийн тогтолцоонд шилжих үед Австралийн Засгийн газар шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, шинэ нийгмийн боловсрол, мэдлэг, онол, практикт туслалцаа үзүүлсэн нь Монголын хөгжилд хувь нэмэр оруулсан. Австралид сурсан монголчууд  маань Монголдоо ирсний дараа Австрали-Монголын холбоо байгуулсан. Олон жилийн турш бид Австралийн байгууллагатай ажиллаж ирлээ.  Өнөөдөр тус улс Элчин сайдын яамаа байгуулж, нээлтээ хийж  байгаа нь Австралид сурсан монголчуудын оруулсан хувь нэмэр юм.“ гэсэн юм. Үг хэлсний дараа Н.Энхболд гишүүнтэй ярилцлаа.

-Монгол-Австралийн харилцааны түүх анх хэзээ үүссэн юм бэ?

-Монгол-Австрали хоёр орны хооронд дипломат харилцаа 1972 онд байгуулсан. Ялангуяа  1990-ээд оны дунд үеэс  монголчуудыг сургаж эхэлснээс хойш хоёр орны харилцаа идэвхжсэн. Өмнө нь үзэл суртлын ялгаанаас болж дипломат харилцаатай байсан ч өргөн цар хүрээтэй байгаагүй. Гэхдээ одоо боломж нээгдлээ.

-Хоёр орны ард түмэнд ижил төстэй зүйлүүд байдаг уу. Аль салбарт түлхүү хамтын ажиллагаатай байсан бэ?

-Манай хоёр орны хувьд ижил, төстэй зүйл их бий. Австрали Улс өргөн уудам газар нутагтай, эдийн засгийн бүтцийн хувьд уул уурхай зонхилсон. Мөн Австрали хүмүүсийн зан ааш, амьдралын хэв загвар монголтой их төстэй. Энэ төстэй зүйлээ хоёр орны хөгжилдөө ашиглаж, Австралитай холбоотой байя гэж төгсөгчид маань жилийн жилд хүсэлт тавьдаг байлаа. Бидний үеийн болон хойших үеийн монголчууд маань Австралид сурч, мэдлэг, туршлага хуримтлуулж ирсэн. Бидний үед Австралийн Засгийн газрын тэтгэмжээр тав, зургаан  монгол хүн сурдаг байсан. Тэнд төгсөөд ирсэн мэргэжилтнүүд одоо төрийн болон  хувийн компани, бүх салбарт амжилттай ажилладаг. Гадаадын хэрэгжүүлсэн хөтөлбөр дотроос Австралийн Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр хамгийн амжилттай нь байж магадгүй гэж бодож байна. Харин бид Австралийн Засгийн газарт танайд сурч ирсэн монголчууд эх орондоо ирээд их амжилттай ажилладаг болсон тухай олон удаа санал тавьж, ярьсан. Үүний хүчинд  жилд 24, аажмаар 36  монголчууд Австралид сурдаг болсон шүү дээ. Одоо сүүлийн үед Австралийн  санхүү хүнд байгаа учир тэтгэлгээр сурах хүний тоогоо хассан.

-Одоо Австралийн элчин сайдын яам нээгдэж байна. Хоёр орны харилцаанд ямар шинэ боломжууд бий болох бол?

-Австралийн элчин сайдын яам нээгдэж байгаа нь маш чухал юм. Баяртай байна. Манай хамтрагч түнш, нөгөө талаар өрсөлдөгч орон юм. Австрали Улс уул уурхайн том орон. Нүүрсний салбарт том байр суурьтай, Хятадын том ханган нийлүүлэгч. Тиймээс бид зах зээлийн маягаар, эсвэл зэрлэг маягаар өрсөлдөх ёстой юм уу, нэг бол бие биенээ таньж, мэддэг, хэлхээ холбоо сайтай байдгийн хувьд  бие биеэ дэмжин, хамтран ажиллах уу гэдгээ сонгох юм. Монголчууд хоёр улсын харилцаанд хувь нэмэр оруулах ёстой. Австралиудаас сурах зүйл ч их байна. Хүн хоорондын харилцаа, боловсролын харилцаа их сайн байгаа. Австрали Улс руу явах сонирхолтой монгол хүн Өмнөд Солонгосоос визээ авч явах боломжтой болж байгаа юм.

-Уул уурхайгаас гадна өөр ямар салбарт илүү хамтарч ажиллах вэ?

-Австрали Улсад мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар нь илүү их хөгжсөн. Одоогоор манай улстай уул уурхай, боловсролын салбарт гүнзгий харилцаатай явж байгаа. Бусад салбаруудтай сүрхий хэлхээ холбоо байхгүй, харилцаа тогтоож амжаагүй байсан. Одоо Элчин сайдын яам нээгдэж байгаа болохоор мэдээж, бүх салбар луу илүү идэвхтэй ажиллах боломж гарна. Хөдөө аж ахуйн салбартаа Австрали Улс дэлхийн том экспортлогч орнуудын нэг. Энэ салбарт хамтрах боломж бий.

 

Ярилцсан Б.Баярмаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ