...
...

Халгин цалгин урсдаг Туул гол минь хайрга болж байна

Халгин цалгин урсдаг Туул гол маань хайрга болж буйг харлаа. Хараад харамслаа. Хан хэнтийн нуруу, Хагийн хар нуураас эх аван 700 гаруй километр урсахдаа Хэнтий, Төв, Сэлэнгэ улмаар улаанбаатарчуудыг ундалсаар Орхон голын ай савд цутгах тунгалагхан Туулын минь урсгал тун чиг хэцүүхэн харагдана. Урьд өмнө нь “Туулын урсгал тасалдаж байна” гэдэг байсан ч энэ удаагийнх шиг тасарсан удаагүй. Угаасаа Туул голын бохирдол дээд цэгтээ хүрч, Туулын эргийг дагасан “томчууд”-ын барилга байгууламж хэрээсээ хэтэрчээ. Үүний нэг бол “Асем вилла” хотхон.

Гүүрэн гарц барихын тулд Туулын урсгалыг түр хаажээ

“АСЕМ вилла” хотхон дулааны шугамаа тавихын тулд Туулын урсгалыг далангаар хашсан, түүнчлэн  бохироо Туул голд цутгах гэж байна гэсэн мэдээллийн дагуу манай сайт тус газрыг зорьсон юм. Биднийг очиход хотхоны бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа. Төслийн удирдагчтай уулзаж, дээрх мэдээлэл хэр бодитой эсэх талаар тодруулах гэсэн боловч хариулт өгөхөөс татгалзлаа. Үүдний харуул нь”Бид энэ талаар мэдээлэл өгөх шаардлаггүй. Хэвлэлийнхнийг угаасаа ийшээ нэвтрүүлдэггүй” гэснээс өөрөөр тэндээс үг хэлэх ганц хүн олдсонгүй. Иймээс энэ асуудлыг талаар хамгийн сайн мэдэж байх учиртай “Туул голын сав газрын захиргаа”-г зорилоо. Тус газрын “Усны барилга байгууламжийн мэргэжилтэн Д.Батбаяраас дараах тодруулгыг авсан юм.

-“АСЕМ вилла” хотхоны дулааны шугамын ажлыг хийхийн тулд Туул голын урсгалыг хаасан гэсэн мэдээлэл байна. Танай газарт энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Ийм мэдээлэл тархаад байгаа. Бид өчигдөр очиж газар дээр нь ажилласан. Туулын урсгалыг хаасан ямар ч зүйл байхгүй. Харин энэ яригдаад байгаа асуудал бол ийм учиртай. “АСЕМ вилла” хотхон шугам сүлжээнийхээ ажлыг хийхийн тулд Туул голын дээгүүр гүүрэн гарц барихаар болсон. Гүүрэн гарцын 22 тулгуурыг барихын тулд хоёр гурван газар хоолой тавьсан асуудал бий. Тэр хоолой барихын тулд түр хугацаагаар Туул голын урсгалыг хааж, далан барьсан зүйл бий. Түүнээс бус Туулын урсгалыг хаасан юм байхгүй. Одоо бүх зүйл байдгаараа л байгаа.

 

-Бохироо Туул руу урсгах гэж байна гэсэн мэдээлэл бас бий?

--Тийм зүйл огт байхүй. Улаанбаатар хотын бүх бохир Төв цэвэрлэх байгууламж руу яаж явдаг, яг тэгэж л бохирынхоо асуудлыг шийдэж байгаа. Туул руу шууд бохироо хийхгүй гэсэн юм.

 

Мэргэжилтний хэлж буйгаар бол Туулын хөвөөг дагасан барилга байгууламжийн ажлыг хийхэд голын урсацыг түр хааж, нээх нь тийм ч их ноцтой зүйл биш ажээ. Уг нь Туул гол амь гол тасрахад хүргээд буй хамгийн том шалтгаан нь түүний хөвөөг дагасан олон зуун барилга байгууламж. Эдгээр барилга байгууламжийн тоог аль болохоор бууруулж, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг нь багасгах тал дээр ажиллах учиртай хүмүүс бол “Туул голын сав газрын захиргаа”-ныхан байх учиртай. Гэтэл баригдаж буй барилга байгууламж байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлийг харсаар байтал, хараагүй юм шиг, мэдсээр байтал мэдээгүй юм шиг өмгөөлж байгаа нь харамсалтай. Хар ухаанаар бодсон ч хэсэгхэн ч бай, Туулын урсгалын хаана гэдэг тухайн голд хамгийн аюултай зүйл баймаар.  

 

702 иргэн, аж ахуй нэгж Туулыг даган үйл ажиллагаа явуулж байна

Туулын эрэг, Богдхан уулын энгэрээр боссон барилга байгууламж сүүлийн жилүүдэд асар ихээр олширсон. Төрийн хуулиар дархлагдаж, “дархан цаазат газар” хэмээх сүржин нэр зүүсэн ч “томчууд”-ын гар хөлийн үзүүрт үрэгдэж буй энэ ай сав газар үнэндээ гамшгийн хэмжээнд хүрээд байна. Яг одоогийн байдлаар хэчнээн зөвшөөрөл энэ газарт олгогдсон талаар тодруулахаар “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” орлоо. Тус газрынхан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс нэлээд цааргалсны эцэст дараах мэдээллийг өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газарт 702 иргэн, аж ахуй нэгж 1828,68 га газрын ашиглалтын зөвшөөрөл гаргуулан авсан  байна. Эндээс 475 нь аялал жуучлалын зориулалтаар, 227 нь зуслангийн хэрэгцээний зориулалтаар ашиглалтын зөвшөөрөл гаргуулж авчээ. Үүнээс гадна 470 га газрыг иргэдэд олгосон байна. Ашиглалтын зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгодог бөгөөд Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр багтдаг байна. Харин татварын хувьд нэг метр.квадрат нь 1320 төгрөгөөр тооцож авдаг талаар албаныхан хэллээ.

 Долоон зуугаар тоологдох аж ахуй нэгжийн хэдэн мянгаар хэмжигдэх га газрын дархан цаазат байдал яг үнэндээ алдагджээ. Татвар аваад л дархлагдсан газар гэж байгаа бол том эндүүрэл. Юуны төлөө төрийн хуулиар дархлагдсан билээ. Онгон дагшинаар нь, ориг байгалиар нь Богдхан уулаа авч үлдэх нь хамгийн чухал гэдгийг “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ныхан  эрх биш мэдэж байгаа гэдэгт итгэе. Ус нь тунгалаг, урсгал нь арвинаараа Туул гол минь орших учиртай болохоос бус “баригдсан барилгын бохир гол руу орохгүй ээ” хэмээн хээв нэг санаа амар бүү суугаасай “Туул голын сав газрын захиргаан”-ныхан.

Төрийг төлөөлж Туул гол, Богдхан уулаа хамгаалж суугаа дээрх хоёр газар ажлаа хийж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинжаад суухаасаа ичих хэрэгтэй. Хамгийн гол нь Туул гол, Богдхан уул минь мөнхөд орших учиртай билээ.

С.Баяр

Гэрэл зургийг: Ц.Баярбаатар

Эх сурвалж: Breakingnews.mn

"АСЕМ вилла" харуулын гадаа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ