...
...

Зөвшөөрөлгүй байрлуулсан 269 самбарыг буулгахад 90 сая төгрөг зарцуулна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал өчигдөр /2016.05.04/ хуралдаж, нийслэлийн хэмжээнд гудамж талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарыг долоо  хоногийн дотор буулгах шийдвэр гаргажээ. Энэ тухай мэдээллийг нийслэлийн ЗАА-ны тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга Т.Батбаяр мэдээлэл хийлээ.

Нийслэл хотын хэмжээнд нийт 760 орчим томоохон сурталчилгааны самбар байгаагаас 269 нь самбар зөвшөөрөлгүй байсан байна. Эдгээрээс 69 нь том хэмжээний, 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн самбар юм байна. 

  • Эдгээрийг буулгахад 90 сая төгрөг шаардлагатай ажээ.

Зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар буцаан төлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү ажлыг “Улаанбаатар нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг өгчээ.

Нийслэл хотод сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрлийг харьяа дүүргүүдийн Засаг даргын тамгын газар олгож, ашиглалтын гэрээ байгуулан төлбөр төвлөрүүлдэг байна. Өнгөрсөн гурван жилд сурталчилгааны самбарын орлого жил бүр тогтмол 600-700 сая төгрөг байжээ.

Сурталчилгааны самбарыг тухайн дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл аваагүй, дур мэдэн байрлуулсан, өнгө үзэмж муутай зэрэг шалтгаанаар буулгах гэнэ.  

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ