...
...

Өмнөговь аймгийн шинэ удирдлагууд сонгогдлоо

Өмнөговь  аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр 09 цагт эхлэх ёстой байсан хэдий ч тус аймгийн сонгуулийн хорооноос Цогтцэций сумаас сонгогдсон дөрвөн нэр дэвшигчтэй холбоотой хуралдаантай давхцсан учир цагаасаа хоцорч эхэлжээ.

Үдээс өмнө болсон аймгийн сонгуулийн хорооны тус хуралдаанаар АИТХ-д Цогтцэций сумаас  сонгогдсон дөрвөн төлөөлөгчийг нэр дэвшигчээс хассан хууль бус тогтоолоо хүчингүй болгосон юм. Ингэснээр сонгуульд ялалт байгуулсан дөрвөн нэр дэвшигчийн бүрэн эрх баталгаажих боломж бүрджээ.

Үүний дараа аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан  албан ёсоор эхэлж аймгийн удирдлагуудаа сонгосны зэрэгцээ Цогтцэций сумын дөрвөн төлөөлөгчдөд түр үнэмлэхийг мөн гардуулсан байна. Анхдугаар хуралдаанд МАН-ын 19 төлөөлөгч оролцсон бөгөөд АН-ын  төлөөлөгчдийг иргэд, сонгогчдоо хүндэлж хуралдаандаа  оролцохыг удаа дараа хүсэлт тавьсан боловч оролцоогүй байна.

Ийнхүү анхдугаар хуралдаан 57,6 хувийн ирцтэйгээр хуралдаж аймгийн удирдлагуудаа сонгожээ. Аймгийн ИТХ-ын даргаар Хүүхэндүүгийн Сугир сонгогдсон бол Өмнөговь аймгийн Засаг даргад Нанзадын Наранбаатарын нэрийг аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас дэвшүүлэн Монгол улсын Ерөнхий сайдад уламжилжээ.

Аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон Х.Сугир нь 1963 онд төрсөн. Манлай суманд багийн засаг даргаар гурван удаа, сумын засаг даргаар гурван удаа мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн удаа тус тус сонгогдон ажиллаж байсан орон нутгийн туршлагатай шилдэг удирдагчдын нэг юм.

Тэгвэл аймгийн засаг даргад нэр дэвшсэн Н.Наранбаатар нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1974 онд төрсөн. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. 1996-1998 онд ЦИС-ийн Ар тал-Эдийн засгийн тэнхимд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, 2004-2009 онд “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ын дарга, 2015 оноос Өмнөговь аймгийн МАН хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай, чадварлаг залуу боловсон хүчин юм.

Түүнчлэн хурлаар Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тоог 11 байхаар баталж, түүн дотроо МАН-аас найм, АН-аас гурван төлөөллийг сонгожээ. Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид хуралдаа оролцоогүй тул тэргүүлэгчдийн нэрсийг дараагийн хуралдаанаар оруулахаар болсон аж. Тэргүүлэгчдээр Х.Сугир, Л.Батбаатар, О.Баттогтох, Т.Буян-Өлзий, В.Мөнхбат, Т.Алтансүх, Б.Баярбилэг, Д.Батзориг нар сонгогджээ.

 Үүний зэрэгцээ Өмнөговь аймгийн хоёр ч  тойрогт дахин сонгууль явагдах нь тодорхой болоод байгаа юм. Тодруулбал, Аймгийн ИТХ-ын сонгуульд Өмнөговь аймгийн МАН-аас АИТХ-ын Номгон сумын 8 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн С.Цэрэнбаяр, Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Б.Батаа нарыг аймгийн сонгуулийн хороо нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан байдаг. Тус шийдвэрийг хууль бус гэдгийг захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тогтоогоод байгаа юм. Тиймээс “тус хоёр тойрогт дахин сонгууль болох товыг 30 хоногийн дотор зарлана” гэдгийг аймгийн Сонгуулийн хороо мэдэгдлээ.

Ийнхүү сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан  Өмнөговь аймгийн  МАН-ын хороо шинэ удирдлагуудаа албан ёсоор томилж эхэллээ.

 

АЛТЖИН

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)

Онцлох мэдээ