2008 оны 5-р сард эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан М.Оюун-Амгалан нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
М.Оюун-Амгалан нар нь нийт 34 удаагийн үйлдлээр иргэдийг залилан мэхэлж, 700 сая гаруй төгрөгний хохирол учруулсан залилангийн хэрэгт шалгагджээ. 2008 оноос хойш дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлж байсан боловч, анхан болон давж заалдах шатны шүүхээс "хохирлын хэмжээг дахин тогтоолгох" гэх шалтгааны улмаас хэргийг шийдвэрлэхгүй, прокурорт удаа дараа буцааж байсан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 31–ний өдөр М.Оюун-Амгалан нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч М.Оюун-Амгаланд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 10 жил 1 сар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх, шүүгдэгч Б.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэн, 5 жил 1 сар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар ялыг өршөөн хэлтрүүлэх, шүүгдэгч Г.Бадамцоо, Л.Бямбабаяр, Ч.Эрдэнэчимэг, Г.Болормаа, О.Баттулга нарыг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгож, хохирлыг шүүгдэгч тус бүрт прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар хувь тэнцүүлэн гаргаж төлүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250