1996 онд 6 настайдаа нас барсан бяцхан мисс ЖонБенет Рамсэйн үхэл одоо ч олны анхаарлыг татсаар байгаа юм.
Найман цагийн турш алга болоод байсан охиныг аав нь гэрийнхээ зоориноос олжээ. Охины толгой руу цохиж, боомилсон бөгөөд эл хэрэг одоо хэр нь шийдэгдээгүй байгаа аж.
20 жилийн турш яригдаж байгаа аймшигт хэргийн талаар өнгөрөгч 12-ны өдөр Др.Филийн шоунд талийгаачийн ах Бурк Рамсей анх удаа “ам ангайсан” юм.
Эмгэнэлт үйл явдал түүнийг зожиг, дуугүй нэгэн болгож орхижээ.
“Ээж миний өрөөнд хар гүйхээрээ орж ирээд “Бурхан минь” гэж солиорсон мэт орилж байсныг хамгийн тод санаж байна” гэж тэрээр ярив.
Охиныг алга болсныг дуулаад аавынх нь хоёр найз туслахаар иржээ.
Угаалгын өрөөнөөс эхлээд хайсан тэд дасгалын өрөө, дарсны агуулах, дараа нь зоорь луу ортол охины цогцсыг цагаан хөнжилд ороосон байсныг олжээ. Амыг нь скочдсон нь толбо үлдээсэн байв.
Задлан шинжилгээгээр охины хоолой нь боогдож, гавлын яс нь цуурснаас нас барсныг илрүүлжээ.
Хохирогч алагдахаасаа хэдхэн цагийн өмнө ханборгоцой идсэн байв. Хэрэг гарсан өдөр цагдаагийнхны авсан зураг дээр гал тогооны өрөөнд ханборгоцойтой аяга, халбаганых нь зураг дарагдсан байлаа.
Харин ах Бурк нь дүүгээ зэрлэгээр хөнөөгдөхөд 9 настай байв. АНУ-ын Колорадо муж улсын амар тайван Булдер хотод орших тэдний гэр лүү цагдаагийнхан болоод хэвлэлийнхэн шавж, амар заяа үзүүлэхээ болив.
Энэ тухай Бурк “Хүмүүс намайг эсвэл аав ээжийг энэ аллагыг үйлдсэн гэж бодож байгаа гэдгийг би мэдэж байна. Удаан хугацаанд хэвлэлийнхэн амьдралыг минь там болгосон доо. Хашааны маань урдуур эгнэсэн мэдээллийн агентлагуудын том оврын машинууд бас камерын хажуугаар өнгөрөх үнэхээр хэцүү байсан. Бид хааяа дэлгүүр явах үед миний зурагтай шар сонин, эсвэл дүүгийн минь зургийг ярайтал өрчихдөг байв. Эсвэл сэтгүүлчид шууд л араас дагадаг байсан.

Хар дарсан шиг зүүд шиг амьдрал дунд хүүхэд насаа өнгөрөөсөн болохоор хэвлэл мэдээлэлд үл итгэгч болж төлөвшсөн төдийгүй энэ байдал намайг ганцаардмал нэгэн болгож хувиргасан” хэмээн ярьжээ.
Тухайн үед Булдер хотын хууль сахиулагчид охины эцэг эх болон ах Буркийг нь ч сэжиглэж байв. Гэвч 2008 онд, хохирогчийн хувцаснаас ДНК-гийн шинжилгээ авснаар гэр бүлийнх нь нэр цэвэр үлдсэн юм.
2009 оны 2-р сард Булдерийн цагдаагийн газар дүүргээс хэргийг буцаан шилжүүлж мөрдөн байцаах ажиллагааг дахин эхлүүлэв. Хэдийгээр ДНК-ийн шинжилгээгээр гэм буруугүй нь батлагдсан ч эл гэр бүлийнхэн тэр орой охиныг гэрт ганцааранг нь орхисондоо сэжиглэгдэж байсан юм.
У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn