...
...

Х.Сугир: Өмнөговь аймгийн АН ялагдлаа хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй

Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо Монгол Ардын Намын хорооноос аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчээс Номгон сумын 8-р тойрог С.Цэрэнбаяр, Булган сумын 3-р тойрог Б.Батаа нарыг Сонгуулийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл уг асуудлын талаар тус аймгийн ИТХ-ын дарга Х.Сугираас тодрууллаа.

-Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо хоёр ч сумдын нэр дэвшигчийг  хууль бусаар хассан тухай мэдээлэл тухайн үед гарч байсан. Энэ асуудал одоо юу болж байна. Хэрхэн шийдэгдэв?

-Манай аймгийн ИХ-д 33 төлөөлөгч сонгогдох ёстой. МАН-аас Номгон, Булган сумдад нэр дэвшсэн хоёр хүнийг тухайн үеийн сонгуулийн хороо ямар ч үндэслэлгүйгээр нэр дэвшигчийн жагсаалтаас хассан. Улмаар хоёр ч шатны шүүх  “сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан  байна” гэж  үзэн МАН-ын хоёр нэр дэвшигчийн талд шийдвэр нь гарсан. Одоо 19нд буюу орон нутгийн сонгуультай хамт дээрх хоёр тойрогт дахин сонгууль болно. Хоёрдугаарт, Ардчилсан намын засаглалын  үед хэлтсийн дарга нараар сонгогдсон хүмүүсээр аймгийн сонгуулийн хороог бүрдүүлсэн учраас сонгуулийн хорооныхон хэтэрхий нэг талыг барьж ажилласан. Аймгийн Иргэдийн хурлын анхдугаар хуралдаанд 29 хүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх саналыг  Сонгуулийн хороо оруулж ирсэн. Бид  үүнээс  27 хүний бүрэн эрхийг нь баталгаажуулсан. Номгон, Булган сумдын тухайд хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан учраас бүрэн эрхийг нь зөвшөөрөөгүй. Гэтэл Сонгуулийн хороо Цогтцэций сумаас сонгогдсон дөрвөн хүний бүрэн эрхийг  оруулж ирээгүй.

-Яагаад тэр вэ?

Ардчилсан намын нөхөд ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүйгээр Цогтцэций сумын дөрвөн нэр дэвшигчийг ямар ч үндэслэлгүйгээр хууль зөрчсөн гэж шүүхдсэн. Тус асуудалтай холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Манай дөрвөн нэр дэвшигчийн эсрэг талд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл шүүх хуралд суусан манай хохирогч нар яагаад  буруутгагдсанаа ч ойлголгүй шүүх хурлаас гарч ирсэн байгаа юм. Гэтэл тус сумын Ардчилсан намын хороо анхан шатны шүүхийн шийдвэрийг ялсан мэтээр ойлгож “Манайх шүүх дээр ялчихлаа. Одоо МАН-ын дөрвөн хүний нэр татагдаж оронд нь АН-ын дөрвөн хүн аймгийн ИХ-ын төлөөлөгч болохоор боллоо” гэх худал мэдээлэл иргэдэд тарааж эхэллээ. Энэ үйлдэл нь орон нутгийн сонгуульд санал авах гэсэн увайгүй оролдлогын илрэл юм л даа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр л эцсийн шийдвэр болно шүү дээ. Мөн хоёр намын алиных нь ч талд давж заалдах шатны шүүхээс шийдвэр гарсан бай энэ дөрвөн тойрогт хуулиараа дахин сонгууль болно. Түүнээс биш шууд орж ирэх ямар ч  хуулийн заалт байхгүй. МАН-ын дөрвөн нэр дэвшигч хийсэн гэмгүй атал зохиомол гүтгэлэгт ороод байна. 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.m

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ