...
...

Ж.Өлзийбодьжав: Бизнесийн гол зарчим мөнгө олох биш. Бизнес хийнэ гэдэг зөв хүн байх, холч ухааныг л хэлнэ

“Баялаг-Өлзий” ХХК нь 100 хувь сарлагийн хөөврөөр “Bodio’s of Mongolia” брэндийг бий болгож торомны ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлээд өдгөө найм дахь жилтэйгээ золгож байна. “Bodio’s of Mongolia” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Өлзийбодьжав нь малчдыг орлоготой, монгол хүнийг ажлын байртай байртай болгохын төлөө амьдралынхаа ихэнх хугацааг зориулжээ. Ингээд түүнийг “Breakfast time” ярилцлагынхаа буланд урилаа.

-Сарлагийн хөөврөөр хувцас  үйлдвэрлэдэг “Bodio’s of Mongolia ” брэндийг санаачлагч Ж.Өлзийбодьжав гэдгээр хэрэглэгчид таныг андахгүй болов уу. “Bodio of Mongolia ” брэндийг  яагаад үүсгэн байгуулах болов, бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлж байв.  Энэ тухай хоёулаа яриагаа эхлүүлье.

-Бизнесийн салбарт сүүлийн 25 гаруй жилийн турш ажиллаж байна. 1990-ээд оны нийгмийн ороо бусгаа  байсан тэр үед л бизнесийн гараагаа  Баянхонгор  аймгийн Баянговь сумаас  эхлүүлж байлаа. Тухайн үеийн залуус бүгд л өөр өөрсдийнхөө чаддаг зүйлийг хийхээс  аргагүй байдалд орсон л доо.  Би энэ бизнесээ анх эхлүүлэхдээ бизнесийн нүдээр хараагүй.  Хэдий бизнес ч гэлээ үйл хэрэг нь сайхан мөртэй,  нэр цэвэр, бусдад хэрэгтэй зүйл хийчих юмсан гэдгийг л чухалчилсан. Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж дэлхийн зах зээл дээр гаргана гэдэг нь өөрөө монголчуудын зайлшгүй хийх ёстой бизнесийн нэг. Малчид нь  үйлдвэрлээд байдаг үүнийг нь хэн нэгэн нь боловсруулж дэлхийн зах  зээл дээр гаргахгүй л юм бол хятадуудын түүхий эд болж хувирна. Иймээс  өөрсдөө л түүхий эдээ ашиглах ёстой гэдэг үүднээс бизнесээ эхлүүлсэн. Эхэндээ малчдаас түүхий эд авч, дотоодын үйлдвэрүүд, Хятад, Европын зах зээлд нийлүүлдэг байлаа. Энэ туршлага дээрээ тулгуурлаж нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж шийдсэн. Тэгээд л энэ брэндийг үүсгэн байгуулсан.

-Чухамхүү яагаад ноолуур биш сарлагын хөөврийг сонгосон юм бэ?

-Биднийг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээс өмнө монголчууд сарлагийн хөөврийг эсгийнд л хийж ашигладаг байсан. Тиймээс сарлагийн  хөөврийг хяргаж хайчлалгүй тусгайлан самнаж аваад брэнд болгон гаргаж ирье гэдэг бодол төрсөн юм. Монгол улс 8 мянган тонн ямааны ноолуурыг гаргаж байхад үүний нэг мянга хүрэхгүй тонныг нь дотоодын компаниуд боловсруулж байна. Мэдээж энэ салбарт амжилттай явж байгаа Монголын олон компани бий. Тиймээс арай өөр сегментийг сонгож аваад малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллабал боломжтой юм байна гэдгийг олж харсан. 2009 он гэхэд л Монголчууд сарлагийн хөөврөө хэрэглэдэггүй хаягддаг  бүтээгдэхүүн байсан. Тэгвэл  одоо малчид маань  жилд 80 орчим тонн сарлагийн хөөврөө самнаж үйлдвэрүүдэд нийлүүлж байна. Үүнийг нь бид бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргаж байна гэсэн үг л дээ. Манай компаний хувьд дээрх тонны сарлагийн хөөврийн тал хувийг нь бүтээгдэхүүн болгодог. Нийт 100 гаруй ажилчидтай, жилд нэг сая орчим долларын борлуулалттай. Нийт борлуулалтын 85-аас дээш хувь нь гадаадын зах зээл дээр борлуулагдаж байна. Үүний маань цаад зорилго Монголын цэвэр брэндийг бий болгох, малчдаа дэмжих бодлого л явж байгаа хэрэг. Герман, Франц, Америк улсуудад зохион байгуулагддаг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үзэсгэлэнгүүдэд олон удаа оролцсон. Сүүлийн дөрвөн жилд манай брэндийг хэрэглэгчид маань мэддэг болж байна. Гадны захиалгачид ихээр нэмэгдэж байна.  

Эдийн засаг  хямралтай байгаа ч гэлээ манай компаний хувьд бүтээгдэхүүнийхээ тоог олшруулах, ажиллах хүчин, тоног төхөөрөмжөө нэмэх зэрэг хямралыг сөрж ажиллалаа. Нөгөө талд дэлхийн зах зээл натурал бүтээгдэхүүнийг сонирходог  үе нь ид таарч байна. Энэ нь бидний бүтээгдэхүүний борлуулалтад эерэгээр нөлөөлж байна гэсэн үг. Манай борлуулалт жилд дунджаар 20 орчим хувийн өсөлттэй байгаа.

 

-Шилжилтийн нийгмийн үед бизнес эхлүүлнэ гэдэг мэдээж амаргүй,  эрсдэл өндөр. Энэ бүхнийг хэрхэн тооцоолж байв, яаж даван туулав?

-Тиймээ. Мэдээж амаргүй байсан. 90-ээд оны дундуур зээлийн хүү одоогийнх шиг мөн л өндөр байсан. Ийм орчинд бизнес хийнэ гэдэг амархан ажил биш. Гэхдээ зээл авах гэхээсээ илүүтэй байгаа нөхцөл боломжоо зөв ашиглах нь хамгийн чухал байсан. Жишээ нь хятадуудын тухайд төр нь бизнес эрхлэгчиддээ хүүгүй мөнгө өгөөд энэ салбараа маш богино хугацаанд сэргээж болж байгаа юм. Гэтэл манайд  төр нь нөгөөгөөрөө солигдоход л өмнөх нь өөрчлөгддөг шүү дээ. Эсвэл бизнес нь амжилттай байх юм бол намууд сонирхож эхэлдэг. Ер нь бизнес улс төрөөс ангид байж л илүү явна гэж би хувьдаа боддог.

Одоогийн залуусыг хараад байхад төр рүү орохоо эхлээд урьтал болгодог болж. Өөрийн гэсэн үзэл бодолгүй атлаа л дарга нарыг дагаж амьдрахыг илүүд үзсэн залуус төр рүү орж байна. Ийм залуус төрийн бодлогыг авч явж байгаа нь цаашид хортой үр дагавар авчрах өндөр магадлалтай. Өөрийн гэсэн үзэл бодлоороо бизнесээ авч явж байгаа олон залуус Монголд олон бий. Энэ хүмүүс төр рүү мэдээж орохгүй.

-Төр, бизнес хоёр тусдаа байх ёстой гэж та хэлж байна. Одоогийн төрд байгаа бизнесменчүүдийг жинхэнэ улс төрчид  биш гэж ойлгох уу?

-Мэдээж тухайн хүнийхээ ухамсраас л хамаарах асуудал. Мэдээж мөнгөгүй хүн төрд орно гэж байхгүй шүү дээ. Өөрийнхөө санхүүгийн асуудлыг тодорхой хэмжээгээр  шийдэж чадаагүй байж төрд гарлаа гэхэд төрийн төлөө шууд зүтгэх үү. Үүнийг бодох л хэрэгтэй асуудал байгаа биз. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийн утга л энд явж байгаа юм. “Ухамсар” гэдэг  ойлголт нь өөрөө нийгмийг авч явдаг гэж би боддог.

 

-“Сайн бизнес нь сайн бизнес санаанаас эхэлдэг” гэдэг. Таны хувьд бизнес гэдэг ойлголтыг хэрхэн тайлбарлах вэ?

-Тодорхой цаг хугацаанд  төлөвлөгөөний дагуу олон хүмүүсийг зөв ажиллуулах ухаан юм. Түүнээс биш нэгээс нь аваад нөгөөд зарахыг бизнес гэхгүй.

-Нуулгүй хэлэхэд,  энэ нүдээр л хүмүүс бизнесийг хардаг шүү дээ.

-Тиймээ. Энэ хандлагыг нь бид л өөрсдөө өөрчлөхгүй бол хэвээр л байх болно. Бизнес гэдэг төлөвлөгөөтэй байхаас гадна  нийгмийн  болоод ажилчдынхаа өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан байж л оршин тогтоно.

-“Bodio’s of Mongolia ” брэнд гадаадын зах зээл дээр хэдийнээ байр сууриа олжээ. Жилд хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Бид жилд дунджаар 26 орчим мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2016 оны хувьд 32 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Энэ 2017 онд 45 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 200-300 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэжээ. Дээр хэлсэнчлэн гадаад зах зээл рүү бүтээгдэхүүнээ илүүтэй гаргасан байна. Оросын зах зээлд манай бүтээгдэхүүн хэдийнээ танигдсан. Мөн Герман, Англи, Франц, Канад Япон, Солонгос зэрэг улсуудад бүтээгдэхүүн маань танигдсаар л байна.

 

-Сарлагийн  хөөвөр нь ноолуураас юугаараа ялгаатай вэ?

-Сарлаг өндөрт амьдардаг амьтан учраас "Дулаан хадгалах чадвар нь ноолуураас 17 хувиар илүү байдаг" гэдгийг Америкийн судалгааны байгууллагаас тогтоосон байдаг юм. Сарлагийн бух өвлийн дэн хүйтнээр ч гэсэн өндөр уулын орой дээр хэвтэж  байдаг нь ч үүнтэй холбоотой байх нь. Нөгөө талаас сарлагийн хөөвөр ховор бүтээгдэхүүн. Ноолуурын тухайд Монгол улсад гэхэд   жилд 8 мянган тонн дэлхийн хэмжээнд 20 гаруй тонн ноолуур гардаг. Гэтэл сарлаг Монгол, Төвд, Киргиз, Казак гэсэн энэ цөөн хэдэн оронд л  байдаг. Киргиз, Казакууд сарлагаа самнахыг огт мэддэггүй. Хятадад л гэхэд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн гэж байдаггүй.  Хятадууд  сарлагийн хөөврөө ноолууртайгаа холиод явуулчихдаг учраас Хятадын сарлагийн хөөврийн бүтээгдэхүүн гэж тусдаа бараг байдаггүй.

Өөрөөр хэлбэл, Тэд манайх шиг сарлагийн хөөврөн брэнд бүтээгдэхүүн хийх боломжгүй гэдгийг ам бардам хэлж чадна. Учир энэ түүхийн эд, үйлдвэрлэлийн арга технологи, брэнд нь зөвхөн бидэнд л байна. Тэгэхээр манай улсын сарлагийн бүтээгдэхүүн дэлхийд маш сонин содон бүтээгдэхүүн болж байгаа юм л даа. Ноолууртай харьцуулбал бөөгнөрөх нь бага, угаасны дараа ч гэсэн хэлбэрээ алддаггүй, арчлахад хялбар, үнийн хувьд ч харьцангүй хямд гэдгээрээ онцлогтой.

 

-Гадны хэрэглэгчид танай бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Сарлаг гэх сүрлэг амьтны бүтээгдэхүүн юм чинь “ширүүн байх” гэж эхэндээ боддог байсан юм билээ. Гэтэл барьж үзээд л ямар зөөлхөн, дулаахан юм гэдэг. Өвөл сарлагийн хөөврөөр хийсэн оймс, дотуур өмд өмссөн хүн дахин өөр оймс, өмд бараг л өмсөхгүй дээ.  Энэ жилээс  УИХ-ын гишүүд манай бүтээгдэхүүнийг  өмсөж  мөн бусдад бэлэглэж байгаа. Манай компани 540 гаруй замын цагдаа нарт шинэ оны босгон дээр  сарлагийн  хөөврийн оймсоо бэлэглэлээ.

-Нийгмийн хариуцлагаа тун сайн биелүүлжээ. Түүнчлэн та  2000 оны зудад малаа алдсан Баянхонгор аймгийн малчдад малжуулах төсөл эхлүүлж байсныг би мэднэ л дээ. Энэ тухай хоёулаа яриагаа үргэлжлүүлбэл?

-Тиймээ. Нутагтаа “Тэмээ өсгөх” аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Яагаад үүнийг хийх болсон гэхээр 1975 онд Монголын тэмээ 800 мянга, 2003 он гэхэд 200 мянга болтлоо буурсан  Тэмээг уналагад биш хүнсэндээ хэрэглэх болсон нь  ийн тоо буурахад нөлөөлсөн байдаг. Энэ төслөө эхлүүлэх үед буюу 2003 онд Баянхонгор аймгийн нийт тэмээ 22 мянга байсан бол өнгөрсөн оны тооллогоор 44 мянгад хүрсэн. Тэмээгээ хамгийн их тоогоор өсгөсөн малчдыг шагнаж урамшуулдаг байсан нь тэмээний тоо толгойг өсгөх өрсөлдөөнийг бий  болгосон гэж хэлж болно. 200 тэмээтэй байсан хүн мянган тэмээтэй болсон зэрэг маш  үр дүнгээ өгсөн аян байсан.

Ингээд урамшаад “Говийн сэргэлт сан” ТББ-ыг  байгуулж зудны үеэр малаа алдсан малчдыг малжуулах төслийг эхлүүлсэн. Манай Баянговь сум л гэхэд 120 мянган малнаас хоёрхон жилийн зуданд 100 мянган толгой малаа алдсан байдаг. Малгүй болсон малчдын амьдрал нь мэдээж шууд ядуурна. Ингээд төслийн хүрээнд 40 айлд  тус бүр 40 орчим мал өгсөн. Энэ 40 айл маань хоёр жил ноолуураа өгөөд малаа өөрсдийн болгосон. Авсан ноолуурын мөнгөөр нь  мал худалдаж аваад  дараагийн  айлд  нь дахин мал өгдөг байсан. Үүн дундаас мянгат малчин хүртэл төрсөнд маш баярлаж явдаг юм.

-Сарлагийн  хөөврөө ихэвчлэн хаанаас авах уу?

-Бид Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран ажилладаг. “Ногоон алт” төслийн байгуулсан хоршоодоос  сарлагын хөөврөө авдаг. Хоршоолол нь  Архангай, Баянхонгор, Завхан, Ховд зэрэг аймгуудад байдаг. Түүнээс биш бид малчдын гараас шууд авдаггүй дээрх хоршоодоор нь дамжуулж авдаг гэсэн үг. Ингэснээр хаа хаана хариуцлагатай байдаг юм.

 

-Манай улсад сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд цөөнгүй бий. Тэднээс танай бүтээгдэхүүн юугаараа онцлог ялгаатай вэ?

-Манайх гадаад худалдааныхаа салбарт тодорхой хэмжээний хөрөнгө  гаргаж ажилладаг учраас амжилтад илүүтэй хүрсэн. Нөгөө талаар “Bodio’s of Mongolia ” брэндийн бүтээгдэхүүн маш зөөлөн байдаг. Үүнийг үйлчлүүлэгчид маань ч хэлдэг. Бид бүтээгдэхүүнээ хүмүүсийн сэтгэлд хүртэл нь хийж байна аа гэсэн үг. “Bodio’s” гэж  өөрийн нэрээрээ брэндээ нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой юм.  “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг шиг хуурамч, чанаргүй зүйлд хүн  нэрээ өгөхгүй шүү дээ. /Инээв/

-Тухайлбал, танай бүтээгдэхүүний хэрэглэгч дунд дэлхийн хэмжээний олны танил хүн гэвэл?

-Жүжигчин Стивен Сигал эхнэрийн хамт манайхыг зорин ирж хэд хэдэн бүтээгдэхүүнээс маань худалдан авсан. Мөн Англи улсын алдартай телевизийн хөтлөгч Селина Скотт өөрийн зурагчин болон багийнхантайгаа Монголд ирж манай үйл ажиллагаатай танилцаад явсан. Тэгээд тус улсын алдартай “HELLO” хэмээх 4 сая хувь хэвлэгддэг сэтгүүлд манай сарлагийн хөөврийн бүтээгдэхүүний талаар нийтлэгдсэн байдаг. Түүнчлэн Германы үндэсний “АRD” телевизээр манай компаний малчдад тусласан мөн малчдаас бүтээгдэхүүн худалдан авч байгаа тухай нэвтрүүлэг нэг бус удаа гарч түүнийг үзсэн Германчууд бидэнд хандан захилага өгч байсан тохиолдол цөөнгүй бий.

 

-Манай ярилцлагын булан  “Өглөөний цайны цаг” нэртэй учир зочдоосоо асуудаг тогтмол нэг асуулт байдаг юм. Таны өглөө хэдэн цагт эхэлдэг вэ?

-Өглөө  8 цагт ажил эхэлдэг болохоор 7 цагт  босохоос л амьдралын нэг өдөр маань эхэлдэг дээ.

-Хамгийн сүүлд юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Бүтээгдэхүүнүүдээ нэмэгдүүлэхийн тулд шинээр цехүүдээ нэмж байна. Ирэх намрын борлуулалтаа одооноос хийж эхэлж байна.

Таниас мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл хэр их байна вэ?

-Мэдээж их зүйл байна. МАН-ынхан өнгөрсөн сонгуулиар намайг "Нэр дэвшээч" гэдэг санал тавихад нь "Миний бодол ахардаж, боловсрол нимгэдэх байх аа" гэж би хэлж байсан юм. Эх орон ч хүн байна гэдэг өөрийнхөө чадах зүйлийг л улсдаа хийх ёстой. Түүнээс биш хүн бүр улс төрч болсноор эх орныхоо төлөө ихийг хийнэ гэсэн ойлголт биш. Дөрвөн жилийн турш юу ч хийдэггүй хүмүүс үүн дунд байж л байна. Тэгэхээр эх орон ч байна гэдэг олон хүнийг ажилтай байлгах олон малчинд тус болохыг хэлнэ гэж бодож байна.

 

-Бизнесээс олж авсан хамгийн том ухаарал нь юу байв?

-Бизнесийг гоё хийвэл гоё ажил. Морь зурдаг хүнийг  зураг зурах авъяастай хүн гэдэг шиг бизнесийг зөв хийх юм бусдад хэрэгтэй ажил. Муугаар хийвэл тэр хэрээрээ олон хүнд хор хохирол учруулах ажил. Бизнесээс олж авсан  хамгийн том ухаарал нь энэ юм даа.

-Бизнесээ эхлүүлэх гэж байгаа залууст хандан зөвлөгөө өгвөл?

-Юуны түрүүнд сургуульд нь сурсан байгаасай гэж хэлмээр байна. Тэр тусмаа гадны сургууль байвал бүр сайн. Бизнес хийнэ гэдэг тодорхой хэмжээгээр авъяас шаардах ч гэлээ бизнесийн  дүрмүүд гэж байдаг.  Үүний дагуу л явах ёстой гэж боддог. Ер нь улс орныг  улс төрчид бус бизнесменүүд л авч явж байна гэж хэлбэл үнэнд ойртох болов уу. Бизнесменүүд нь зөв сэтгэлтэйгээс  гадна зөвийг харах ухаантай байх юм бол улс орон аяандаа хөгжинө. Би “МСS” группыг харицлагатай дээр нь  бизнесийн үлгэр жишээ болсон компани гэж боддог.  

-Таныг англи хэл сурахын тулд гадагшаа явж байсан гэж сонссон л доо. Тэгэхээр бизнест заавал номыг нь сурсан байхаас гадна хэл сурах шаардлагатай гэдэг ойлголт  ч хүртэл хамт явж байна гэсэн үг үү?

-Нэг талаар  тийм. Нөгөө талаар орчуулагчаар дамжуулж бизнес ярина гэж огт байдаггүй юм билээ. Хоёр хүн уулзаад үзэл бодол нь зөрчилдөнө,  би тэгмээргүй байна гээд нэлээд ундууцан хэллээ гэхэд,  тэр сэтгэл хөдлөлийг орчуулагч бүрэн  төгс илэрхийлж чадахгүй. Тийм болохоор өөрийгөө илэрхийлэх  хэмжээнд гадаад хэлийг хэмжээнд сурч байж л бизнес илүүтэй урагшилна гэдгийг ойлгосон.

-Таны ажил, амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?

-Зөв хүн байх  л юм уу даа.  Бизнесийн зарчим  мөнгө олох  биш. Бизнес хийнэ гэдэг зөв хүн байх, холч ухааныг л хэлнэ.

 

-Төрийн зүгээс бизнес эрхлэгчдэд үзүүлэх нөлөөлөл болоод зайлшгүй үзүүлэх дэмжлэг гэвэл?

Монголд бизнес хийх эрхзүйн орчин харьцангүй хөгжсөн. Татварын орчин нөхцөл ч таатай бүрдсэн. Харин нийгмийн даатгалын тогтолцоог нь л гайхдаг юм. Ний нуулгүй хэлэхэд, бизнесийн байгууллагууд ухамсараараа  л нийгмийн даатгал төлж байна.

-Амжилттай яваа эр хүний ард сайн гэрийн эзэгтэй байдаг гэдэг. Өнөөдрийг хүртлэх бизнесийн энэ замналд  гэр бүлийн хүн тань салшгүй холбоотой болов уу.

-Тэгэлгүй яахав. Манай эхнэр ОХУ-д  сургууль төссөн. Орос, Англи хэлийг маш сайн эзэмшсэн учир ажилд маань  нэмэр тус  их болдог. Манай компаний “Гадаад харилцааны албыг  маш олон хүнтэй, мундаг  хамт олон юм аа” гэж   хүмүүс ихэд гайхдаг юм. Энэ бүхэнд эхнэрийн маань оролцоо өндөр байсаар ирсэн.

-“Зан чанарыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл” гэдэг юм билээ. Таны хувьд залуусыг ажилд авахдаа юуг урьтал болгодог вэ?

-Би боловсролын дипломыг нь  бараг хардаггүй. Хэдэн үг солиод л зөв хүн эсэхийг нь мэдчихдэг. Зөв хүн байх л хамгийн чухал.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагынхаа сүүлчийн асуултыг  нээлттэй үлдээе.

-Баярлалаа. Би нэг зүйлд маш эмзэглэдэг юм. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  гэгээлэг, зөв үйл хэргийг зоосны нүхээр харалгүйгээр  мэдээллэх үүргээ гүйцэтгэмээр байгаа юм л даа. Гэтэл осол аваар, гэмт хэрэг гарлаа гэхээр  бүгд гүйж очоод л мэдээлдэг. Нийгэмд муу мэдээллийг ихээр өгөх тусам сөрөг асуудал их л гарна. Гэтэл хаа нэгтээ шинэ бүтээгдэхүүн гарлаа, энд нэг монгол хүн амжилттай явж байна гэвэл үнэ төлбөр авч байж л мэдээлнэ. Уг нь эерэг мэдээ, мэдээлэл хэдий их гарна тэр хэмжээгээр ард түмэн цэнэглэгдэж улмаар хийж бүтээх урам зориг орно шүү дээ. Аливааг улс төр эсвэл бизнесийн нүдээр хардагаа  болих хэрэгтэй л гэж хэлмээр байна даа.

 

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)

Онцлох мэдээ