...
...

Г.Мөнхсүлд: Хүн ямар ч хугацаанд хүссэн хэмжээндээ хүртэл турах бүрэн боломжтой

 

Спиннинг буюу эргэлтэт дугуйн спорт нь анх өмнөд Африкаас гаралтай бөгөөд өнөөдөр  дэлхийн хэмжээний спорт болтлоо хөгжжээ.  Харин манай оронд сүүлийн 2 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа юм.  Энэхүү спортоор нэг цаг хичээллэхэд биеийн бүх булчинг жигд  ажлуулж 800-1200 килкалор  шатаадгаараа бусад спортоос ихээхэн онцлогтой.  Тус спортыг  Монголд төдийгүй Азид хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа хүн бол "Монголын эргэлтэт дугуйн холбоо”-г үүсгэн байгуулагч, “Сүлд спиннинг”-ийн захирал Г.Мөнхсүлд юм. Ингээд түүнийг  “Breakfast time” булангийнхаа ээлжит зочноор урилаа.


-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ганзоригийн Мөнхсүлд гэдэг. Говь-Алтай аймгийн харъяат. Монгол эх орондоо Монгол эр хүн болж төрсөндөө  бахархдаг. Хүүхэд нас маань бусдын л  адил морин дэл дээр өсч, хонины бэлчээрт өнгөрсөн. Дунд сургуулиа төгсөөд анх 2007 онд Улаанбаатар хотод орж ирсэн. МУБИС-ийг биеийн тамир, эрүүл мэндийн чиглэлээр 2011 онд төгсөж, 2013 онд магистрын зэрэг хамгаалсан. 2013 оноос ажил, амьдралын маань гараа эхэлсэн түүхтэй. Дөрөв дэх жилдээ мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд фитнесс клубд багшилж байлаа. Ингээд өөрийнхөө  олж авсан туршлага дээрээ тулгуурлаж спиннинг буюу эргэлтэт дугуйн спортыг Монголд хөгжүүлээд өдгөө 1.5 жил болж байна. Энэхүү спортыг  монголчууд одоо тодорхой хэмжээгээр мэддэг болжээ. Тус спортын ашиг тусыг бусдад түгээж байгаадаа баяртай явдаг.

-Орчин цагт фитнессийн маш олон чиг хандлага зэрэгцэн оршиж байна. Үүн дундаас яагаад заавал  спиннинг спортыг оруулж ирэх болов. Манайдаа шинэ спорт байх шүү.

 -Спиннинг спорт нь фитнессээс арай өөр л дөө. Тусдаа спортоос гадна энтэртайнмент чиглэлийн спорт юм. Спиннинг нь дэлхийн улсуудад янз бүрийн байдлаар маш эрчимтэй хөгжиж байна. Монгол Улсын хүн амын 68.2 хувь нь илүүдэл жинтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Энэ бол маш өндөр тоо. Иймээс хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайханд чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийе гэдэг үүднээс энэхүү шинэ  спортыг Монголдоо нэвтрүүлсэн. Анх  2015 оны тавдугаар сард МЭДХ-г /Монголын эргэлтэт дугуйн холбоог/ байгуулж , энэ чиглэлээр багш нар  бэлтгэж улмаар “Сүлд спиннинг” клубээ нээсэн.  Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд таргалалтын асуудалтай 500 гаруй  хүнийг  илүүдэл жингээс нь салгаж баяр баясал бэлэглэжээ. Одоогоор манай “Сүлд спиннинги”-д 700 гаруй хүн хичээллэж байна.


-Спиннинг нь фитнессээс юугаараа онцлог вэ?

-Бусад спортоос гол ялгагдах онцлог нь биеийн бүх хэсгийн булчингуудыг зэрэг ажиллуулахаас гадна маш богино хугацаанд өөхийг  шатааж стрессийг бүрэн тайлж чаддаг. Фитнесс хийхэд дор хаяж хоёр цаг шаарддагаас гадна нэг дор биш хэсэгчилсэн булчингууд руу ачаалал өгөх тодорхой дэс дарааллаар явагддаг учир цаг хугацаа багагүй шаарддаг. Харин эргэлтэт дугуйгаар хичээллэхэд өдөрт 45 минут л хангалттай. Мөн эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн спортоос гадна урлаг энтертаймэнт чиглэл рүү ч хөрвөх чадвартай шинэ цагийн спорт юм. Түүнчлэн тухайн хүнийг бүжгийн эвсэл, сонсгол, хурд, хүч, тэсвэр хатуужилтай болгох зэрэг олон чадварыг  нэг дор суулгаж өгдөг гайхалтай спорт.

-Үр дүн нь богино хугацаанд гэлээ. Яг хэдий хэр хугацаанд өөрчлөлт мэдрэгдэх вэ?

-Мэдээж тухайн хүнийхээ жингээс хамаараад  харилцан адилгүй. Ер нь хүний биед өөрчлөлт орох  стандарт хугацааг 90 хоног буюу гурван сар гэж үздэг. 80 кг жинтэй хүн энэ хугацаанд 20 кг хаях бүрэн боломжтой гэсэн үг л дээ.

 

-Тухайн хүнээс багагүй тэсвэр тэвчээр шаардагдах спорт гэж ойлголоо.

-Тэгэлгүй яахав. Манайхны давуу тал нь энэ чанар шүү дээ. Тэр утгаараа спиннингээр  богино хугацаанд тууштай хичээллэж үр дүнгээ мэдэрч чадаж байна. Нөгөө талаас Монголчуудын төрөлх зан чанар нь  урт хугацааны зүйлд дургүй. Үр дүнгээ өгч эхлээгүй байхад нь дундаас нь буцах, шантрах эсвэл өөр шинэ зүйл сонирхох зэрэг тохиолдол цөөнгүй нь дан спорт гэлтгүй олон зүйлээс харагддаг. Тэгвэл спиннинг нь  Монголчуудын энэ зан чанарт нь зориулагдсан  богино хугацаанд үр дүнгээ өгдөг спорт гэж тодотгон хэлмээр байна.

-Спиннинг нь Ази улс дундаас Солонгост эрчимтэй хөгжиж байгаа спорт байх аа.

-Тиймээ. Гэвч Солонгост энтертайнмэнт чиглэлээр түлхүүтэй хөгжиж байна.  Бид олон улсаас туршлага солилцох зорилгоор энэ сарын сүүлээр АНУ-аас мэргэжлийн спиннингийн холбооны багш урин авчрахаар болсон. Өмнө нь Солонгосоос туршлага солилцож байсан. Цаашид бидний гол зорилго  дэлхийн стандартад нийцсэн улмаар олон улсад Монгол Улсаа таниулах зорилготой ажиллаж байна. Судлаад үзэхэд, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг Азийн томоохон улсад спиннинг одоо л дөнгөж хөгжиж байна. Гэтэл манайд хэдийнээ хөгжлийн замналдаа ороод явж байх жишээний. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань энэ спортыг ихэд сонирхож онлайнаар хичээл авах хүсэлт тавьдаг. Нөгөө талаас орон бүрт спиннинг спорт өөр өөрөөр хөгжих байгаа.  Ерөнхий утга агуулга нь ойролцоо ч заах арга барил, хичээл, элемэнтүүд нь өөр өөр байдгийг туршлага солилцох явцдаа олж харсан. Жишээ нь Америкт хип хоп чиглэлээр хөгжиж байх жишээний.

 

-Хараад байхад,  чийрэгжүүлэх төвүүдийн орчин тухайн хүний сэтгэхүйд их нөлөөлдөг юм шиг санагдсан л даа. Магадгүй илүүдэл жинтэй хүн олны дунд дасгал хийхээс ичих тохиолдол байдаг шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Орчин маш чухал. Чийрэгжүүлэх төвд хичээллэж байгаа хүмүүсийн 80 хувь нь илүүдэл жингээсээ салах зорилготой л  ирдэг. Түүнээс биш тамирчин болох гэж ирэхгүй шүү дээ. Жишээлбэл, 100 кг жинтэй эмэгтэй байя гэж бодъё. Тэгвэл тухайн эмэгтэй цэлийсэн гэрэлтэй танхимд олон хүнтэй зэрэг хичээллэхээс санаа нь зовно биз дээ. Тиймээс  спиннингийн орчин энэ бүхнийг тусгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл клуб шиг орчныг бүрдүүлж  лазерын гэрэл, утаан дунд шоу маягаар хичээллэвэл илүү үр дүнтэй байхаас гадна тухайн хүн дасгал хөдөлгөөнөө чөлөөтэй хийж чаддаг.
 

 

-Чийрэгжүүлэх төвийн багш нар  сайн сэтгэлзүйч байхыг давхар шаарддаг болов уу. Гэтэл зарим фитнессийн багш нарыг хараад байхад үйлчлүүлэгчээ зөнд нь орхичихдог талтай.

-Тухайн хүн илүүдэл жингээсээ салахын тулд  хичнээн гоё тансаг орчинтой, үнэтэй газрыг сонголоо гээд хүссэн үр дүндээ хүрч чадахгүй бол хэцүү биз дээ. Тэгвэл үр дүнд хүрэхэд  нь нөлөөлөх гол хүчин зүйл нь дасгалжуулагч багш.  Тэр хүн тамирчин биш л бол өөрийгөө ялан дийлэх  сэтгэлзүйн чадвар бага байдаг. Тэгвэл үүнийг хөглөх хүн нь ганцхан багш хүн. Өөрөөр хэлбэл сэтгэлзүй, бие бялдартай нь системтэй зөв ажиллах хэрэгтэй. Энэ нь тухайн багшийн ур чадвараас ихээхэн хамаарна л даа.

-Таныг Монголд төдийгүй Азидаа хамгийн олон спиннинг дугуйтай гэж сонссон.

-Анх би аравхан дугуйтай, хүйтэн зааланд хэдхэн шавьтайгаа үйл ажиллагаагаа эхлүүлж байсан сайхан түүхтэй. Удалгүй  30 дугуйтай, дараа нь 50 дугуйтай болсон. 50 дугуйтай байна гэдэг Азидаа дээгүүрт орох тоо. Солонгост  45, Хятадад мөн тооны дугуйтай байдаг юм билээ. Тэд дан ганц спиннингээр биш холимог спортоор үйл ажиллагаа явуулдаг. Манайх цэвэр спиннинг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учир хамгийн олон дугуйтай байгаа юм л даа. Тухайлбал, Солонгосчууд  “Манайхыг хүн ам цөөхөн атлаа олон дугуйтай байна, энэ богино хугацаанд  олон хүн спиннингээр хичээллэж байна аа” гэж гайхдаг юм. Гэхдээ тооноос илүүтэй  сургалтын чанар чухал. Мэдээж үйл ажиллагаа өргөжих хэрээр цар хүрээгээ тэлэх ёстой.

-Үүний нууц юунд байна вэ?

-Шавь нар маань энэ асуултад илүүтэй хариулах болов уу. Яахав, багшийн тууштай хөдөлмөр, ур чадвартай  мэдээж холбоотой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл зүрх бүхий л анхаарлаа энэ спорт руу хандуулж ирсний минь үр дүн.  Би зорилгоо төдийгүй мөрөөдлөө болгон зүтгэсэн. Түүнээс биш азаар эсвэл тохироо нь бүрдсэн зүйл огтхон ч биш.  Аливаа зүйл эхлэхдээ амар хялбар байдаггүй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд олон саад бэрхшээлтэй нүүр тулж ажралгүй даван туулсан.  Нуулгүй ярихад, тухайн үед  халаасандаа автобусны мөнгө ч үгүй үе  надад цөөнгүй байсан. Гэлээ гээд би зорилгоосоо ухраагүй. Тэр хэрээр хүсэл мөрөөдөлдөө хөглөгдсөн хэрэг. Зорилготой амьдрана гэдэг сайхан. Зорилгодоо хүрнэ гэдэг амьдралын хамгийн сайхан амт л гэж хэлнэ дээ. Цаашид хийж бүтээхээр төлөвлөсөн  олон ажлууд надад бий.

-Сургалтынхаа  онцлогийн тухайд яривал?

-Хичээл цагтаа орж, цагтаа дуусна  гэдэг сургалтын бас л чухал хэсэг. Өнөөдөр манайд сард 300 мянган төгрөг төлөөд явж байна. Зах зээлийн э хүнд үед мэдээж үнэтэй. Гэхдээ хүн эрүүл мэнд, бие бялдар илүүдэл жингийнхээ  төлөө  мөнгийг өөрөөсөө харамлах хэрэггүй л гэж би боддог. Үүнээс гадна үр дүн хамгийн чухал шүү дээ. Сарын  300  мянган төгрөгт хэр үйлчилгээ авч чадаж байна гэдэг нь чухал. Үйлчлүүлэгчдээ миний байнга хэлдэг нэг зүйл бол  “Үр дүнгийн 50 хувь нь надаас, үлдсэн 50 хувь нь таниас шалтгаална шүү” гэж хэлдэг юм. Гэтэл тухайн хүн “Багшаа би сарын дотор турах болов уу” гээд ороод ирэхэд нь таниас шалтгаална  гэж ярьж болохгүй шүү дээ. Ингэж хэлэх л юм бол тэр хүний сэтгэл зүйг унтрааж орхидог. Ийм ойлголт хэрхэвч байж болохгүй.  Харин үүний оронд  эхний нэг сарын хугацаанд хоёулаа 10 кг хасъя. Ингэхийн тулд дасгал хөдөлгөөнөө системтэй хийж, нойр, ачааллаа ингэж зохицуулах учиртай” гэдгийг харилцан ярилцах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнийг хоолны дэглэмтэй 40:60 харьцаатайгаар барьж байж л хүссэн хэмжээндээ хүрдэг гэдгийг тухайн хүнд ойлгуулах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн, багш  хүн үйлчлүүлэгчийнхээ  сэтгэл санааг мэдэрдэг байх нь чухал. Нэмж хэлэхэд, би   хүн бүртэйгээ тулж, нэг бүрчилэн зөвлөгөө өгч, ажилладаг маань ч
үүнтэй холбоотой болов уу.


 

-Эргэлтэт дугуйн спортоор хичээллэж байгаад орхисон тохиолдолд буцаад жин нэмэх үү?

-Төгс зүйл гэж байхгүй адил тун цөөхөн тохиолдолд л буцаж таргална. Ингэхдээ тухайн хүний амьдралын хэмнэлээс ихээхэн шалтгаалдаг.100-ны 80 хувь нь илүүдэл жингээсээ салж таргалалтыг ор тас мартаж чадна.

-Төрсний дараах эмэгтэйчүүд хэдэн сарын дараа спининнгээр хичээллэж болох уу?

-Таван сарын дараа хичээллэх боломжтой.

Таргалалт үүсэх  шалтгаан олон төрөл байх. Үүн дундаа удамшлын таргалалтыг турах боломжгүй гэж ярьдаг. Энэ үнэн үү. 

-Таргалалт  үүсэх шалтгаан үндсэндээ дөрвөн төрөл. Төрсний дараах, эрүүл мэндийн шалтгааны улмаас, удамшлын, хөдөлгөөний дутагдлаас үүссэн таргалалт гэж ангилдаг. Үүн дундаас турах боломжгүй төрөл гэж нэг ч байхгүй. Таны хэлснээр, төрөлхийн таргалалттай хүнийг хэзээ ч турдаггүй гэх ойлголт нийгэмд байдаг нь үнэн. Гэвч энэ нь ердөө л явган яриа. Төмрөөр хийсэн биегүй л юм бол яагаад турж болохгүй гэж, тийм биз дээ. Үүнийг би нотлохын тулд одоогоос хоёр жилийн өмнө туршиж үзсэн юм. Төрөлхийн таргалалттай үйлчлүүлэгчийнхээ  шилбэ, гуя хэсэгт нь гурван сар ажиллахад мэдэгдэхүйц нарийсч үр дүнгээ өгч байсан. Манайд нэг сар хичээллээд, шилбээрээ 5 см нарийссан тохиолдлууд ч олон бий.  Хүн  хоногт таван кг турах боломжтой гэдгийг нотлохын тулд би өөр дээрээ мөн туршиж үзэж байлаа. Ингээд шавь нарынхаа нүдэн дээр өглөө 10 цагаас жингээ үзээд, маргааш өглөөний 8 цагт  жингээ үзэхэд 5.9 кг турсан байдаг юм.

-Хэрхэн хассан гэдэг нь сонин байна л даа.

-Тухайн үед фитнессийн багш байсан болохоор найман цаг тасралтгүй дасгал хийж дараа нь 5 цаг орчим саунд бэлтгэл хийж турсан. Маргааш нь  шавь нар маань хараад гайхсан. Би бүр нүднээс гарчихсан байсан. Энэ нь мэдээж эрсдэлтэй. Мэргэжлийн бус  хүн хийх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ туршилтаас хүн  ямар ч хугацаанд  хүссэн хэмжээндээ хүртэл турж чадах бүрэн боломжтой гэдгийг л нотлохыг зорьсон нь тэр.

-Тухайлбал, шавь нар дунд нь  хамгийн богино хугацаанд  хэдэн кг хасаж байв?

-Одоогоос хоёр жилийн өмнө 158 кг жинтэй ирсэн залуу гурван сарын дотор 50 кг хасаж байсан. Мөн саяхан хоёр сарын хугацаанд 30 кг хассан шавь хүртэл бий.  Зарим хүмүүс богино хугацаанд их жин хасах нь  муу гэж ярьдаг л даа. Гэтэл өнөөдрийг хүртэл үүнийг хэн ч нотлоогүй л байна шүү дээ.

-Үсчин хүн гадуур явж байхдаа хүний үсийг хараад явж байдаг гэдэг шиг та  бусдын биеийн жинг хамгийн эхэнд хардаг болов уу?

-Яг үнэн. Мэргэжлийн л онцлог шүү дээ. Жишээ нь 85 кг жинтэй эмэгтэй миний хажуугаар өнгөрөхөд “Энэ бүсгүйг төдий хэр хугацаанд тураачихвал түүний цаана  байгаа тэр гоё дүр төрх гарч ирнэ дээ” гэж шууд төсөөлөх жишээний /Инээв/. Зарим үед шууд очоод өөрт нь хэлмээр санагдах ч үе байна.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Оны босгон дээр танай хамт олон 1000 хүүхэд баяруулсан байсан шүү дээ. Энэ тухай яривал.

-Тиймээ. LIKE ТV-ээс зохион байгуулсан “Эрүүл хүүхэд, эрүүл бэлэг” сайн үйлсийн аянд манай  “Сүлд спиннинг” клуб хамтран ажилласан. Бид бүх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон эмзэг бүлгийн нийт 1000 хүүхдэд  үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн бүхийн гарын бэлгийг гардуулан өгсөн. Цаашид тус аяныг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүүхэд баярлуулна гэдэг хамгийн том буян шүү дээ.


-Манай ярилцлагын булан  “Өглөөний цайны цаг” нэртэй учир зочдоосоо асуудаг тогтмол нэг асуулт бий.Таны өглөө хэдэн цагт эхэлдэг вэ?

Өглөө бүр 7 цагт босдог. Хамгийн эхний хичээл 8 цагт эхэлдэг. Миний нэг өдөр нар мандахтай зэрэгцэн эхлээд нар жаргахтай уралдан дуусдаг. Залуу хүн завгүй амьдрах сайхан шүү. Илүүдэл жингээсээ салахын тулд намайг, манай клубыг зорин ирсэн олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээсэн учраас тэдний өмнө сул дорой байх эрх надад байхгүй. Тэд надаас эрч хүч, цэнэгээ авч  дасгал хөдөлгөөнөө хийдэг учраас би өнөөдөр ядарсан ч ядраагүй мэт харагдах ёстой гэж өөрөө өөртөө хэлдэг.

Спиннинг спортыг цөөн  үгээр илэрхийлбэл.

Илүүдэл жин асуудал биш болсон гэж л хэлмээр байна. Эрин үеийн залуусыг эрч хүчинд автуулагч спорт бол спиннинг.

-Таниас мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл хэр их байна вэ?

-Эрүүл мэнд. Мөнгөтэй байлаа гээд эрүүл мэндээ  нэгэнт  өвдсөн хойно нь худалдаж авч чадахгүй.  Тиймээс өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хийж өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийдэг байгаасай.

Салбараа нээх төлөвлөгөө бий юу?

Байлгүй яахав.  Хамгийн гол нь хүмүүст хүртээмжтэй, хотын хаанаас ч зориод очсон дөхөм байгаасай л гэж боддог.  Үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр 10 дугаар хороололд 3 дугаар эмнэлгийн ойролцоо 30 дугуйтай “Сүлд спиннинг” хоёрдахь салбараа тун удахгүй нээх гэж байна. Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж гаднаа 200 автомашины зогсоолыг бүрэн шийдсэн байгаа. Салбарын нээлт маань энэ  сарын 20-нд болно. Нээлтийн үеэр маш том шоу тэсрэлт хийхээр бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон байна.

 

Ярилцсанд баярлалаа. 

 Ш.Адъяамаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ