
Хүний наймааны эсрэг тэмцэгч Ч.Ганжавхлан. Гуниггүйхэн алхдаг хорин хэдхэн насандаа өөртөө ахадсан гэмээр асуудлыг нийгэмд ил гаргахаар таван жилийн турш тэмцэж яваа дайчин залуу. Энэ хугацаанд эрчүүд хүчирхийллийн эсрэг уриатай “Лантуун дохио” ТББ-ыг байгуулж, нөхдийн хамт хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөсөөр явна. Тэд энэ удаад UB Art Gallery, Тусгал гэрэл зургийн бүлгэмтэй хамтран өнөөгийн Монгол Улсад “Хүүхдэд” тулгамдаад байгаа хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлэх зорилгоор "Зэрэгцээ ертөнц" гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр олон нийтэд дэлгэлээ. Энэ үеэр “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай цөөн хором ярилцлаа.
“Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнгийн зорилго болоод ач холбогдлыг тодотгохгүй юу?
-Монголчууд хүчирхийлэл гэдэг зүйлийг олон жил ярьсан. Сүүлдээ цочрохоо байж, дөжрөх хандлагатай болж байна. 2015 оны гурван сард дөрвөн настай хүүхдийг эцэг, эх нь зодож амь насыг нь хөнөөхөд нийт 15 мянга 600 гаруй хүн талбай дээр тайван жагсаал хийж зул өргөж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүхдийн амийг онц хэрцгийгээр хороосон. Тухайн үед нийгэм хэсэг шуугисан ч эргээд л намжсан. Өнөөдөр бүр мартагдсан байх жишээний. Энэ мэтчилэнЭнэ бол эмгэнэл. Асуудлыг маш олон тал руу сарниулж гол асуудлаа ойлгохоо болчихжээ. Тийм учраас бид гэрэл зургийн “Тусгал” бүлгийн залуустай хамтран өнөөгийн нийгэмд болж буй 10 орчим төрлийн хүүхдэд хандсан хүчирхийллийг баримтат гэрэл зургаар дамжуулан олон нийтэд дэлгэн үзүүлэхийг зорьсон. Магадгүй хүн, мянган удаа хэлээд ойлгоогүй үгийг, нэг зураг хараад зүрх сэтгэл рүү нь ордог тохиолдол байдаг. Энэхүү үйл ажиллагаанд бид хүүхдийн эрхийн асуудлыг баримтлаж гар утсаар бичлэг хийж олон нийтэд түгээхийг хатуу хориглосон байгаа. Гэхдээ энэ бүхнийг нууж болохгүй үнэн. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл “Ub art Gallery”-д үнэ төлбөргүйгээр олон нийтийн хүртээл болно.

-“Зэрэгцээ ертөнц” гэх нэрний тухайд маш гүн утгыг агуулжээ. Нээрээ л бодоход, Энэ бүхэн бидний зэрэгцээ ертөнцийн нэгээхэн хэсэг атал мэдрэхгүй, анзаарахгүй байгаа нь эмгэнэл юм.
-Тэгэлгүй яахав. Өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд тулгамдаад буй хурц асуудлыг "Зэрэгцээ ертөнц" гэрэл зургийн үзэсгэлэнгээр дамжуулан илэрхийлж байгаа юм. Ингэхдээ бид тоо судалгаагаар нотолж, шийдэл гарцын хамт дэлгэн тавьж байна. Мянган удаа хэлээд ойлгохгүй зүйлийг нэг зураг өгүүлэх нь бий, мянган удаа сонсоод ойлгоогүй зүйлээ өөрийн амьдралаар туулж байж ухаарах нь бас бий. “Улаанбаатар” зочид буудлын орчимд орой 22.00 цагийн үед биеэ үнэлэлт нэрэн дор нуугдсан хүний наймаа, бэлгийн мөлжлөг явагдаж байна. Цаашлаад хөдөө аж ахуйн буудал дээр очвол бүр цэг нь байршиж байна.мөн. Тэгвэл бид эхлээд шинэлэг байдлаар олон нийтэд эхлээд ойлгуулахыг хүссэн. Ингэхдээ бодит баримт, кейсүүдийг хүүхдийн хувцас дээр наасан байгаа. Манай төрийн бус байгууллагын залуус өнгөрсөн хоёр жилийн турш “Ид шидийн уут” нэртэй арга хэмжээг зохион байгуулж 13 мянган хүүхдэд дулаан хувцас, бэлэг, хичээлийн хэрэгсэл тараасан. Энэ үеэр авагдсан аз жаргалтай зургуудыг мөн байршуулж хүн баян ядуугаас үл хамааран элэг бүтэн аз жаргалтай амьдарч болдгийг үзэсгэлэнгийн нэг хэсэгт тусгасан байгаа.

-Та өнгөрсөн таван жилийн хугацаанд хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж тэдэн рүү чиглэсэн олон үйл ажиллаагааг явуулж ирсэн байдаг. Энэ хугацаанд багагүй судалгаа хийж байсан болов уу. Тухайлбал, нийслэлийн аль хэсэгт хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг талаар судалгаа бий юу?
Архины хамааралд орчихсон, хүүхэд рүүгээ юм аваад шиддэг байдал нутаг ус, гарал үүслээс үл хамаараад тухайн хүний хандлагад л байгаа юм. . Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагаар энэ дүүрэг, хороо нэгдүгээрт орж байна. Ялангуяа Улаан чулуутын хогийн цэгээс доошоо буугаад Алтан овоо, Мандал овоо гэж байдаг. Тэр хэсэг нийслэлийн хэмжээнд хүчирхийлэл хамгийн өндөр гардаг. Энэ хэсэгт шуурганд малаа алдчихсан эсвэл архи дарс уугаад нэг газраа тогтдоггүй, ажил төрөл шинэ амьдрал хайсан хүмүүс олноороо байдаг. Ер нь архидалт, ядуурал дагаад хүчирхийлэл их байна.

-Энэхүү үзэсгэлэнгээр бодит байдлыг дэлгэн харуулчихлаа. Харин одоо шийдэл нь юу байх вэ? Асуудлын шийдэл нь чухал байдаг шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Үүний хүрээнд “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын хөгжлийн төвийг Баянхошуунд байгуулъя гэдэг санаачлагыг манай Лантуун дохио” ТББ гаргасан. "Ид шидийн орон”-доо хохирогч хүлээж авах хамгаалах байртай, мэргэжлийн хуульчтай, цагдаагийн байгууллагатай гэрээтэй ажиллана. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-руу зорьж очин таван хотоор явж 400 гаруй Монголчуудтай уулзсанаас 140 хүн нь “Ид шидтэй ах эгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж АНУ-д амьдарч буй Монголчуудад хүүхдийн хүчирхийллийн асуудлыг танилцуулснаар хандив цуглуулах ажил эхэлсэн. Монголд амьдарч буй хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүддээ тогтмол таван жилийн хугацаанд нэг өдөрт нэг доллар хандивлахыг санал болгосон юм. Улмаар дэлхийн таван хотод амьдарч буй 140 гаруй монгол иргэн нэгдэж өдөрт нэг доллар, сард 4 мянга 200 доллар, ойролцоогоор 9 сая төгрөгийн тогтмол хөрөнгө оруулалт хийсэн. Бид үүгээр тус төвийн үйл ажиллагаа, боловсрол, нүүрс түлээ, багш ажилчдын цалинд зарцуулна. Энэ нь хэн нэгэн баян хүний хөрөнгө оруулалт биш. Хүний нутагт цагийн ажил хийж буй оюутан, хумс засдаг, чулуу зөөдөг энгийн ард иргэдийн цалин гэдгийг онцлон хэлмээр байна.гурван газар худалдаж авах хэмжээний мөнгийг сайхан сэтгэлт хүмүүсээс цуглуулчихсан байж байна.

-Мөн түлхүүрний оосор хүртэл зарж байсан байх аа.
Тийм ээ. Зүгээр "Бид сайн зүйл хийх гэж байна тийм данс руу мөнгө өгөөч" гэсэнгүй. 1000 төгрөгөөр түлхүүрний оосор зарж үзлээ, төлбөртэй лекц арга хэмжээ зохион байгууллаа, Солонгос улсад мөнгөний гахай тэжээж байна, туулай оёж байна аль болохоор бусдын угаасаа л мөнгө төлж үнэлж зарцуулдаг арга хэмжээг нь дутахгүй хэмжээнд зохион байгуулж орлогоо босгосон.
-Энэ төвд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хандаж болох уу?
-Эмэгтэйчүүдийн асуудалд анхаарал хандуулна. Гэхдээ хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. “Ид шидийн орон” нэртэй хүүхэд хамгааллын цогцолборт хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хамгаалал, хараа хяналтын үйл ажиллагаа явуулах юм. Тэнд боловсролын төв байгуулна. Мөн сэтгэлзүйч, өмгөөлөгч ажиллана. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүйн улмаас хүүхэд харах хүнгүйн улмаас эндэх, бэртэж гэмтэх асуудал бий. Иймд мөн тус цогцолборт үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх ажлуулна. Үнэ төлбөргүй байх боломж, багш албан хаагчдын цалин, хоол унд, түлээ нүүрс зэргийг дэлхийн монголчууд шийдэж өгсөн гэж хэлж дээр хэлсэн.
-Танай байгууллагад хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл сард хэчнээн ирдэг вэ?
- Харилцан адилгүй. Бид өнөөөдөр тэдэнд шууд үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Ингэдэг болохын тулд Хүүхэд хамгааллын хөгжлийн төвтэй болох гэж байна. Харин одоогийн нөхцөлд нөлөөллийн буюу урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн 86 хувь нь гэр, орон сууц ахуйн орчинд үйлдэгддэг байна. Ахуйн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг болгон бүртгэгдэж мэдээллэгдэж чаддаг уу гэвэл үгүй юм. Эх сурвалжийн дагуу ноцтой судалгаанаас харахад Эрээн хотод л гэхэд энгийн үед 250-300 охид /Үүн дотор 14,15 настай насанд хүрээгүй охид олон бий/ тогтмол биеэ үнэлдэг бол Хятадын баяр ёслолын үеэр энэ тоо 3-4 дахин буюу 800-1000 хүрдэг гэсэн мэдээлэл байна. Үүний дагуу тандах, илрүүлэх үйл ажиллагааг “Лантуун дохио” ТББ Эрээн хотод явуулж, эмч, биеэ үнэлэгч, хүний наймааны хохирогч, үйлчлүүлэгч, консулын газрын төлөөлөгч нартай уулзаж байсан.

-Охид бүсгүйчүүдийг фото модел болгоно гэж хуур ч мэхлэн зураг авах нэрийдлээр фэйсбүүкээр холбоо тогтоодог Өнөртүвшин гэх этгээд залуу охидыг хүчирхийлдэг гэх мэдээ бий. Тэр хүнийг анхааралдаа авсан уу?
-Энэ хүн манай байгууллагатай тэрсэлдээд л явж байна. Манайтай холбогдож худал мэдээллээр гүтгэж байна хэмээн мэдээллээ устгахыг шаардаж байгаа. Гэтэл хохирогчид маань гэрч болохоос айгаад байгаа юм. Үндсэндээ гэрч болж чадахгүйгээсээ болоод хохироод байна шүү дээ. Бид энэ хүнтэй холбоотой мэдээллийг цуглуулж байгаа. Иймд эх сурвалжтай мэдээлэл байх юм бол бидэнд өгч болно.
-Олон жил гадаадад боловсрол эзэмшсэн, маркетингийн мэргэжилтэй залуу чухамхүү юуны учир хүчирхийллийн эсрэг тэмцэхээр эрс шийдэв. Магадгүй үүнд өдөөлт өгсөн зүйл байгаа болов уу.
-Таван жилийн өмнө энэ талын ямар ч ойлголтгүй байсан. Гэтэл зуны нэг орой Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдүүр явж байтал “Хүний наймааг таслан зогсооё” гэсэн бичиг барьсан Ганзориг ахтай таарснаар энэ бүхэн эхэлсэн. Анх хүний наймааны талаарх ойлголыг эндээс л авсан. Ингээд 2012 оны 10дугаар сараас хүчирхийллийн эсрэг тэмцэж эхэлсэн. Түүнээс хойш нэг сарын дараа хамтдаа тэмцэж явсан Ц.Ганзориг агсан зуурдаар амь насаа алдан тус хэргийг шударга бус шийдэгдсэн гэж үзсэн учраас цахим ертөнц, бусад хэлбэрээр олон залуус нэгдэн хамтдаа хүний наймааны эсрэг үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн.
Тухайн хэргээс улбаалж хүний наймаа гэдэг зүйлийн талаар бодит мэдээллийг авах тусам “Монголд ийм зүйл байсаар ирсэн гэж үү. Байна гэж үү. Бид юу хийж чадах вэ” гэдэг асуултууд гарч ирсэн. Ингээд залуус сайн дураараа нэгдэж цуглаж тууштай зоригтой тэмцэж чадах нь тэр дундаасаа шүүгдэж эхэлсэн. Цахим ертөнцөөр, сонин, телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслээр асуудлуудыг зоригтой хөндөж, дуугарч эхэлсэн. Энэ үед Монгол улсад хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн олон төрийн бус байгууллагуудтай харилцаж үзсэн. Гэтэл тэдний 80-иас илүү хувь нь эмэгтэй гишүүдээс бүрдсэн байгаад гайхсан. Эндээс Хүнд өнгөц хараад ойлгохгүй зүйл олон байдаг. Тэгвэл дотор нь ороод мэдээ мэдээлэл авч, тэр хүмүүстэй нь уулзаад, хараад ирэхээр

-"Лантуун дохио" ТББ анхны олон улс дахь салбараа Солонгос улсад байгуулж байсан байх аа?
-Тийм ээ. Хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, эд эрхтэний наймаа гэх мэт олон төрлөөр үйлдэгддэгээс гадна үргэлж зүсээ хувилган арга барилаа өөрчилж байдаг онцлогтой. Зөвхөн 2010 онд 1000 гаруй тооны Монгол бүсгүйчүүд гадаад хүнтэй гэрлэсний 90-с илүү хувь нь БНСАУ-н иргэдтэй гэр бүл болсон байдаг. Олон улсын гэр бүл зуучлал нэрэн дор хүний наймааны шинэ хэлбэр үйлдэгдэх болов. Хэрвээ гэр бүл салсан тохиолдолд 10 мянга долларын торгууль төлөх заалттай гэрээ, эхнэрийнхээ пасспорт бичиг баримтыг хурааж авч барьцаалдаг, байнгын бэлгийн хүчирхийлэлд амьдруулж хүчээр хөдөлмөр эрхлүүлдэг явдал мэр сэр гарч эхэлсэн. Тиймээс 2015 оны нэгдүгээр сард Солонгос улсын Сөүл хотод очиж 30 хоног байрлангаа хүний наймааны эсрэг нэгдэх хүсэлтэй хот хотын Монголчуудыг цуглуулж уулзалт хийсэн. Мөн гадаадын харьяат, ЭСЯ-ны эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзан дэмжүүлэх ухуулга хийж, бодит байдал дээр судлагаа явуулсан. Үүний үр дүнд 13 хүний бүрэлдэхүүнтэй салбар байгууллага байгуулагдсан бөгөөд Лантуун дохио ТББ олон улсад анхны салбараа нээсэн. Салбарын гол чиглэл үүрэг нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх, Лантуу хүүгийн сургалтаар тэдний хүүхдүүдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.
-Манлайлагч хүний хувьд залуучуудад юуг уриалах вэ?
- Ийм үед залуус золиос гаргах хэрэгтэй. Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг зэрэг маш олон шударга бус зүйлийн эсрэг тэмцэлд золиос гарахгүй байна гэж байхгүй. Энэ бүгдээс залуус бид айгаад өөрийгөө л болгоод яваад байвал өнөөдөр нийгмийн асуудал маргааш чиний толгой дээр бууна. . Үүнд л залуучуудыгаа уриалмаар байна.
- Амьдралынхаа эрч хүчийг юунаас хамгийн их авдаг вэ?
-Би өөрийгөө хамгийн их утга учиртай зүйлийг хийж байна гэж боддог. Бусад хүмүүсээс илүү. Миний амьдрал 30 насандаа зогслоо гэж бодоход надад харамсах зүйл байхгүй. Энэ бүгдээсээ урам зориг авдаг даа.
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
Хүний газар гүрийж ажил хийж амьдарч яваа хүмүүсээс битгий мөнгийг нь боловсон луйвардаад бай. Тэр хүчирхийлэл үйлдэгч нартайгаа л ажилла тийм л сүрхий юм бол.
myndag yumaa