...
...

Аймгуудын наадамд дараах бөх түрүүлж, үзүүрлэлээ

Аймгийн наадмуудад энэ жилийн баяр наадмаар хэн түрүүлж, үзүүрлэснийг сонирхуулъя. Баянхонгор аймгийн баяр наадамд 256 хүчтэн зодоглсноос Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү түрүүлж, хурц чимэг нэмлээ. Харин “Соёмбо” спорт хороо, Хууль сахиулахын их сургуулийн бөх сумын заан Д.Уртнаст үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн юм.

Булган аймгийн наадам долдугаар сарын 9, 10-нд болсон. Тус наадамд Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн арслан Ө.Сүхбат түрүүлж, хурц арслан цол хүртсэн бол Орхон сумын харьяат, сумын шилдэг заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж, аймгийн заан цол хүртэв. Увс аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж Тэс сумын харьяат аймгийн харцага Ц.Мөнхбаяр түрүүлсэн бол сумын заан О.Түмэн үзүүрлэж, аймгийн заан цолтой боллоо.

Өнөө жилийн улсын наадамд Хэнтий аймгийн бөх өнгөлсөн бол Хэнтий аймгийн баяр наадамд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн нэмэх начин Д.Бямбацогт түрүүлж, аймгийн арслан цол хүртэв. Тус наадамд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат энэ жил улсын начин цол хүртсэн Э.Даш үзүүрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн наадамд Дэлүүн сумын харьяат, аймгийн заан Нурланы Мустафа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Улаанхус сумын харьяат Бередемуратын Серик үзүүрлэж, чимэг нэмжээ. Харин Дорноговь аймгийн наадамд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн харцага М.Мэндсайхан түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн заан С.Бямбадорж үзүүрлэж цолоо баталлаа.

Говьсүмбэр аймгийн наадамд улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, улсын харцага М.Алтансүх зэрэг олон хүчтэн зодоглсноос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, аймгийн заан Б.Одсүрэн түрүүлж, аймгийн арслан цол хүртэв. Харин Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Т.Пунцагдорж үзүүрлэж, аймгийн заан цолтой боллоо. Төв аймгийн баярын хүчин бөхийн барилдаад Алтанбулаг сумын харьяат П.Эрхэмжаргал түрүүлж, аймгийн арслан цолонд хүрэв. Энэ наадамд тус аймгийн Батсүмбэр сумын харьяат Б.Жавхлансайхан үзүүрлэлээ.

Өвөрхангай аймгийн наадам нэлээн шуугиантай болов. Учир нь уг наадамд Нарийнтээл сумын харьяат өдгөө арван долоон настай, улсын шонхор Б.Лхагвадорж түрүүлж, Монгол Улсын түүхэн дэх аймгийн арслан цолтой хамгийн залуу бөхөөр тодорлоо. Тус наадамд аймгийн манлай харцага Хархорин сумын харьяат О.Бундхорол үзүүрлэж, заан цолтой болов.

Сүхбаатарчууд наадмаа хаалттай зохион байгуулсан. Тэдний наадамд Мөнххаан сумын харьяат аймгийн заан М.Баасанбат түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол өнгөрсөн жилийн аймгийн түрүү бөхөөр тодорсон Б.Номиндалай үзүүрлэж, чимэг нэмлээ.

Сэлэнгийн наадамд тус аймгийн Мандал сумын харьяат, аймгийн начин Н.Баярбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүрсэн бол аймгийн заан Э.Саранбаатар гурав дахь удаагаа үзүүрлэлээ.

Архангай аймгийн наадамд аймгийн харцага Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, арслан цол хүртэж, аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэлээ.

Говь-Алтайн наадамд аймгийн начин Т.Сайханжаргал түрүүлж, арслан цол хүртсэн бол аймгийн арслан Б.Хишигбаатар үзүүрлэв.

Дархан-Уул аймгийн наадамд аймгийн начин Х.Гантулга түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн арслан А.Амараа үзүүрлэлээ.

Ховдын наадамд тус аймгийн харьяат аймгийн заан Д.Бадамгарав түрүүлж, арслан цолтой болсон бол аймгийн харцага Ш.Мөнх-Од үзүүрлэж заан цолонд хүрлээ.

Хөвсгөл аймгийн хувьд аймгийн заан Б.Даваа-Очир түрүүлж, арслан цол хүртсэн бол сумын заан Н.Бат-Эрдэнэ үзүүрлэж, аймгийн заан цолтой боллоо.

Завхан аймгийн наадамд, аймгийн начин П.Батсүх түрүүлж, аймгийн харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэн тус бүрдээ цолоо ахиуллаа.

Орхон-Уул аймгийн наадамд Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан Б.Ганхуяг түрүүлж, хурц чимэг нэмсэн бол аймгийн заан Э.Нямаа үзүүрлэв.

Дорнод аймгийн хувьд аймгийн начин Г.Төрмөнх түрүүлж, арслан цолтой болсон бол сумын заан Г.Чинзориг үзүүрлэн аймгийн заан цолонд хүрэв.

У.Баяр

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ