
Манай “Breakfast time” ярилцлагын булан нь амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж яваа нийгмийн бүхий л хүрээний хүмүүстэй уулзаж ярилцдагаараа онцлогтой юм. Энэ удаагийн зочноор дотоодын анхны Энэтхэг сүлжээ ресторан болох “Намастэ”-рестораны захирал хатагтай Ч.Оюунбилэгийг урилаа.
- Энэтхэг хоолны ресторан “Намастэ”-г хүмүүс сайн мэддэг. Харин тус рестораныг амжилттай авч явж буй таныг манай уншигчид төдийлөн танихгүй болов уу. Өөрийгөө танилцуулбал?
-“Breakfast time” булангийн байнгын уншигчдад энэ өглөөний мэнд хүргэе. Би Дорноговь аймгийн Зүүнбаянд төрж өсөөд Улаанбаатар хотод Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан болж ирээд аялал жуучлал, зочлохуйн менежментийн мэргэжил эзэмшин салбартаа ажилласаар байна. Өөрийн хүссэн ажлаа хийхээр нөхөр Кумарын хамт 2010 онд “Намастэ” рестораныг нээн өдгөө долоо дахь жилдээ гурван салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
-Чухамхүү яагаад энэтхэг хоолны ресторан нээх болов. Тухайн үед монголчууд төдийлөн энэтхэг хоол мэддэггүй байсан байх шүү?
-Нөхөр бид хоёр мэргэжил нэгтэй, хань минь энэтхэг хоолыг сайн мэддэг туршлагатай тогооч байсан хамгийн гол нь бид энэтхэг ресторан нээн ажиллуулж чадна гэсэн итгэлтэй байсан. Тухайн үед энэтхэг хоолны ресторанууд манайд цөөн хэд байсан үйлчлүүлэгчдийн тоо ч өнөөгийнхтэй харьцуулахад хамаагүй бага хүмүүс мэддэг байсан бол сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчдийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Энэтхэг ресторан олноор нээгдэхийн хэрээр үйлчлүүлэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа энэтхэг хоолны газруудаас танай рестораны ялгарах онцлог нь юу вэ?
-Мэдээж өөр өөрсдийн гэсэн онцлогтой байгаа. Бид бусдаас ялгарах гэхээсээ илүүтэй манайхаар үйлчлүүлсэн зочид, үйлчлүүлэгчид л биднийг бусдаас илүү ялгаруулж чадах учраас онцгой сайхан үйлчилгээ аваад гардаг байгаасай л гэж хүсдэг. Үйлчлүүлэгчид л бидний онцлогийг илэрхийлнэ. Ингэхийн тулд тухайн зочны хүлээж байсан хүлээлтээс давсан үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэдэг дээр л бид анхааран ажилладаг. Манайх 60 гаруй төрлийн энэтхэг хоолоор үйлчлэхээс гадна өөрсдийн тогтоосон дотоод стандартаа мөрдөж ажилладаг. Манай хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгч олон түмэндээ амттай, чанартай хоолоор сайхан энергитэй, халуун дулаан орчинд тэдний сэтгэл нийцхүйц үйлчилгээг өгөхийн төлөө ажилласаар ирсэний хичээл зүтгэлээр манайхаар үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, олонд танигдаж байгаа.
– Та үйлчилгээнийхээ юун дээр илүүтэй анхаардаг вэ?
-Үйлчилгээний байгууллагууд өөр хоорондоо үйлчилгээгээрээ л ялгардаг. Зочлохуйн үйлчилгээний салбарт бизнес эрхэлж байгаа бидний хувьд үйлчлэх болон үйлчлүүлэх соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, хэвшүүлэхийн тулд бид хувь нэмэрээ бодитойгоор оруулах зүйтэй юм. Тийм ч учраас манай ресторан алсын хараагаа “Бид зочлохуйн үйлчилгээний дээдийг мэдэрсэн аз жаргалтай үйлчлүүлэгчдийг бий болгохын төлөө тэдний хүлээлтээс давсан үйлчилгээг тогтвортойгоор хүргэнэ” гэж тодорхойлон Намастэ гэр бүлийнхэн үүний төлөө нэгэн зүгт харж байгаа.
Манай хамт олон өглөө бүр “Аз жаргалаар үйлчилье” гэсэн уриагаа хэлээд ажлаа эхэлдэг. Танд чанартай хоол унд, сайхан үйлчилгээг өгөхийн зэрэгцээ аз жаргалыг мэдрүүлэх нь бидний байнгын зорилго гэсэн санаа юм. Зочдоосоо чин сэтгэлийн “Баярлалаа” гэдэг үгийг сонсоод үлдэх нь л бидний ажлын гол үр дүн.

-Танай ресторан тав тухтай, маш өвөрмөц орчныг бүрдүүлсэн байна л даа. Интерьер дизайн нь анхаарал ихэд татлаа.
-Энэтхэгчүүд гоё чамин зүйлд дуртай, урлагийн мэдрэмж өндөртэй ард түмэн. Энэ ч утгаар тэр бүхнийг илтгэх онцлог зүйлсийг нь орчиндоо шингээж өгөхийг хичээсэн. Мөн ажилчид маань ч гэсэн энэтхэг хувцастай үйлчилж байгааг та харж байна. “Үйлчлүүлэгч хаан” гэдэг бол бидний хувьд “Үйлчлүүлэгч бол бурхан” гэж үзэн биднийг сонгон ирсэн зочдыг сэтгэлээс хүндэтгэн үйлчлэхийг хичээдэг. Гэртээ урьсан хүндтэй зочноо бид яаж дайлдаг билээ, үүнтэй л адил зочноо хүндэтгэн үзэх нь зочлох үйлчилгээний нэг онцлог юм.
-Нөхөр тань рестораны хоолоо хийдэг үү?
-Шаардлагатай үед хийдэг. Манайх таван энэтхэг тогоочтой.
-Энэтхэг хоолны гол онцлог нь юу вэ?
-Хүмүүс энэтхэг хоолыг карри болон наанаар сайн мэддэг, түүгээр ч төсөөлдөг. Энэтхэг хоолны гол онцлог нь эртний Энэтхэгийн уламжлалт аюурвэдийн эмчилгээний шинж чанартай хүний эрүүл мэндэд онцгой ач тустай ургамлууд хоолны орцонд ордог. Мөн эдгээр ургамлыг гоо сайханд ч хүртэл хэрэглэдэг.
-Өнгөрсөн хугацаанд үйлчилгээний салбартаа багагүй амжилтууд үзүүлж байсан болов уу. Амжилт ололтоосоо цухас дурдвал?
-Үйлчлүүлэгч болоод хамт олныхоо дэмжлэг, зүтгэлээр салбартаа амжилттай ажиллаж байгаадаа баяртай байдаг. Томоохон арга хэмжээнүүд тэр дундаа Энэтхэг, Монгол хоёр улсын хамтын төрийн арга хэмжээний зоогийн үйлчилгээнд олонтаа хоолоор үйлчилж байсан. Монгол улс дахь Энэтхэгийн төрийн тэргүүдийн албан ёсны айлчлалууд, тухайлбал хоёр улсын Ерөнхийлөгчийн төрийн дайллага, БНЭУлсын Ерөнхий сайд Нарендра Моди, Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчдийн хүндэтгэлийн зоогийн арга хэмжээнд, АСЕМ-ын дээд түвшний арваннэгдүгээр уулзалтын үеэр хоолоор үйлчилсэн зэрэг нь талархал хүлээсэн. Түүнчлэн үйлчлүүлэгчдийнхээ таашаалыг хүртэж олон улсын аялал жуулчлалын сэтгүүл болох “Lonely Planet” –д Best choice, дэлхийд №1 жуулчдын сайт болох Tripadvisor – аас 2013 оноос хойш жил болгон шилдэг үйлчилгээний байгууллагуудын нэгээр шалгарсаар ирлээ. Мөн төрийн болон олон улсын байгууллагуудаас талархал хүлээсэн бичиг, өргөмжлөл гээд олон бий.

-Тогооч хүний онцлог, ажлын арга барилыг та юу гэж хэлэх вэ?
-Тогооч хүн хийж байгаа хоолондоо чин сэтгэлээ зориулах ёстой гэж би боддог. Хоол хийж буй хүний сэтгэлзүй маш чухал. Сэтгэл санаа нь тогтуун сайхан байж сайхан хоол хийнэ үү гэхээс биш ууртай, стресстэй үедээ хоол хийвэл ямар амттай байх нь ойлгомжтой шүү дээ. “Сэтгэл шингэсэн хоол амттай” гэдэг үг ч үүнтэй холбоотой болов уу. Хоол хийж байхдаа сөрөг үг хэлж болохгүй ч гэж хүртэл манайхан ярьдаг шүү дээ.
-“Hello” сургалтын төвийнхөө талаар товчхон яривал?
-Рестораны зөөгч бэлтгэх зорилгоор “Hello” сургалтын төвийг байгуулж, анхны сургалтаа өнгөрсөн оны 3-р сард эхлүүлэн зөөгч бэлтгэн төгсгөж мөн манайд ажил горилогчдыг “Hello” сургалтын төвдөө сурган авдаг.
-Ажил, амьдралдаа баримталдаг таны гол зарчим юу вэ?
-Хариуцлагатай, шударга, зөв хүн байхыг зарчимаа болгодог. Үйлчилгээний салбарт амжилттай бизнес эрхлэгчид мөнгө олохын төлөө биш харин олсон мөнгөө үйлчилгээгээ улам сайжруулахын төлөө зарцуулдаг, хөрөнгө оруулдаг болов уу гэж боддог. Ингэхээс ч өөр аргагүй байдаг. Мэдээж яалтгүй манай салбарын нэг онцлог нь байнгын шинэчлэлт, сайжралтыг биднээс шаарддаг. Тиймээс ч үүнийг дагахгүй бол бусдаас хоцорно мөн бизнес маань ч урт наслахгүй шүү дээ. Тэгэхээр инноваци хийх нь бидний ажлын баримтлах ёстой нэг зарчим гэж хэлж болно.
-Энэтхэг хоолны амт, чанарыг нэг үгээр илэрхийлээч гэвэл?
-Энэтхэг хоолыг багахан идээд л цаддаг. Нэг үгээр хэлбэл өег л гэж хэлнэ. Хүний биед ач тустай маш олон төрлийн ургамлууд орсон байдаг.
-Нэг хоолонд хэчнээн нэр төрлийн ургамал ордог юм бол. Сонирхолтой санагдаж байна л даа.
-Ойролцоогоор 10-15 нэр төрлийн ургамал, ногоо ордог. Ургамал бүр эрүүл мэндэд тустай эмчилгээний шинж чанартай. Мөн энэтхэг хоолыг дэлхийд хамгийн их тархсан 5 үндэстний хоолны нэг гэдэг юм билээ. Аль ч улс оронд очсон энэтхэг хоолны газар олж чадна гэж сонссон.
-Үйлчлүүлэгчдээсээ сонссон хамгийн сайхан урмын үгсээс хуваалцвал?
-Мэдээж олон бий. Одоо санаж байгаагаар, маш олон орноор явж үзсэн төрийн томоохон зочин манайхаар үйлчлүүлээд гарахдаа “Би олон улс оронд энэтхэг хоол идэж байсан. Үүн дундаас танайд идсэн шиг ийм амттай хоол өмнө нь идэж үзсэнгүй. "Баярлалаа” гэж хэлж байсан юм. Энэ үг л сэтгэлд хамгийн тод үлдсэн байна. Энэ бүхний цаана ажиллаж байгаа ажилчид маань үйлчлүүлэгчдээсээ сонссон урмын үгэнд маш их баярладаг. Үйлчлүүлэгчээсээ сонссон магтаалын үгсийг зөөгч охид маань гал тогооныхондоо дамжуулж хэлнэ. Үүнийг сонсоод тогооч нар улам их урам зориг орно шүү дээ. Тэдний эрч хүчээ авдаг гол зүйл нь үйлчлүүлэгчдээсээ авч байгаа үнэлгээ юм.
-Манай ярилцлагын булан “Өглөөний цайны цаг” нэртэй учир зочдоосоо асуудаг тогтмол хэдэн асуулт бий. Таны шинэ өглөө хэдэн цагт эхэлдэг вэ?
-Босох цаг янз бүр. Өөрөө өөртөө цаг олгодог хүн шүү дээ. /Инээв/ Гэхдээ ихэвчлэн найман цагт босдог. Өглөө сэрээд хамгийн түрүүнд хань, хоёр хүүхдээ үнсдэг. Шинэ өглөө бүрийг гэр бүл, ээж, аавтайгаа угтана гэдэг хамгийн сайхан.
-Таниас мөнгөөр худалдаж авч болохгүй зүйлсээ нэрлэвэл?
-Мэдээж олон бий. Сайхан зан чанар, итгэлийг юугаар ч солимгүй үнэт зүйл. Мөн хайр.
-Бизнесээ эхлүүлэх гэж байгаа залууст хандан зөвлөгөө өгвөл?
-Эхлүүлсэн ажил, зорьсон зүйлдээ тууштай байгаарай л гэж хэлмээр байна. Хийе гэж шийдсэн бол хийдэг зориг тэмүүлэлтэй бай.
-Амьдралаас олж авсан хамгийн том ухаарал нь юу байв?
-Он жил өнгөрөх тусам хүн даган өөрчлөгддөг. Ингэхдээ бид сайнаар өөрчлөгдөж, хөгжиж байгаа бол утгатай амьдарч байгаагийн илэрхийлэл юм. Бид бие махбодь, сэтгэл, оюуны хувьд эрүүл байх ёстой юм байна гэдгийг улам бүр ухаарсаар байна. Эрүүл хүн юуг бол юуг хийж бүтээж чадна шүү дээ.
Ярилцсанд баярлалаа. Зочлох үйлчилгээний салбарт томоохон хувь нэмрээ оруулж яваа мундаг бүсгүй танд амжилт хүсье.
Ш.Адъяамаа
Амжилт, аз жаргал хүсье!
Za Oyunaa duudee biznesd ni unduruus undur amjilt ger buld ni eruul enkh az jargaliig husie.