...
...

З.Баянсэлэнгэ: Ард түмэн надад муу дүн тавьсан гэж би боддоггүй

Манай “Breakfast time” ярилцлагын булан нь амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж яваа нийгмийн  бүхий л хүрээний хүмүүстэй  уулзаж  ярилцдагаараа онцлогтой юм. Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан  З.Баянсэлэнгийг урилаа.

-УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөс хойш юу хийж байна вэ. Их завгүй байгаа бололтой.

-УИХ-ын сонгууль өнгөрөөд хагас жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн дөрвөн жил ар гэрийн асуудлаа багагүй орхижээ. Хүнд өвчтэй, өндөр настай ээжийгээ асрах айлын отгон хүүхдийн үүрэг хариуцлага надад оногдож байна. Өөрийнхөө биеийн амрыг хараад сууя гэж бодсонгүй , намын ажилдаа оролцоод явж байна. Түүнчлэн мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор  “Шихихутуг” сургуулийн хуулийн магистрт суралцаж байна. УИХ-ын гишүүн байхдаа Удирдлагын академид суралцаж, Төрийн захиргаа удирдлагын магистр хамгаалсан. Ажилтай хүний дэргэд ажилгүй, ажилгүй  хүний дэргэд  ажилтай ийм л хүн байна даа.   

-МАХН-аар сонин сайхан юу байна. Унасан намууд өөрчлөлт шинэчлэлтээ хийгээд эхэллээ. Танай нам шинэчлэгдэхгүй юм уу? Цаашдын төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?

-Бид тухайн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө намынхаа гүйцэтгэх товчоогоор хэлэлцдэг байгаа.  Энэ жилийн хувьд бидний хамгийн их зорьж байгаа гол ажлын нэг болох үндсэн хуулийн шинэчлэлтийг боловсруулан, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр гэхэд хэлэлцээд л сууж байна. Өнгөрсөн долоо хоногт намын Онц Их Хурал хуралдсаны зургаан жилийн  ойн арга хэмжээ боллоо. Ойн хүрээнд  Үндсэн Хуулийн шинэчлэлийн  төслөө улс төрийн намуудад танилцуулан,  саналыг сонслоо. Цаашид Үндсэн Хуулийн төслөө хууль тогтоогчид, ард иргэддээ  танилцуулах, ард түмний дунд санал асуулга явуулах, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах ажлуудыг хийхээр зорьж байна.  Улс төрийн нам  оршин тогтнох гэдэг нь маш чухал асуудал. Намынхаа шат шатны байгууллагыг бэхжүүлэх, гишүүдээ өргөжүүлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх. гишүүдээрээ дамжуулан улс орны нийгэм эдийн засгийн байдалд анхаарах, ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалан ажиллах нь УИХ-д суудалтай эсэхээс үл хамаарсан чухал ажил юм. Энэ ч үүднээс бидэнд өмнөхөөс илүү  идэвхитэй бөгөөд хариуцлагатай ажиллах шаардлага тулгарч байна. Намын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Намын шинэчлэлийн тухайд бусад намын адил зайлшгүй шинэчлэгдэх нөхцөл байдал үүсээгүй, тийм шаардлага ч алга. Өөрчлөлт шинэчлэлт  гэхээсээ илүүтэй өнгөрсөн хугацаанд алдсан алдаагаа ухамсарлах, олсон амжилтаа улам баталгаажуулах, дүгнэлт хийх, намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа улам бодитой болгох, цар хүрээг өргөжүүлэх, гээд хийх ажлууд  бидэнд их байна. Нөгөө талаас намын удирдах албан тушаал хашиж байсан, намын нэрээр өндөр албан тушаал авч байсан нөхдүүдээс, албан тушаал наймаалцан  нам дамжин урваж шарвах явдал байсан. Намын нэрээ сэргээн, авахаас эхлэн бид ийм зүйлтэй хэдийнээ танил болсон. Магадгүй цаашид ч байх л байх. Гэхдээ энэ нь намын шинэчлэл хийлгэх алхам бол биш.

Миний хувьд манай нам бусад намаас илүү өвөрмөц онцлогтой гэж боддог. Өнгө, мөнгөөр биш, Үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй, жирийн иргэд дээр суурилсан учраас үндэс суурь нь  бат бөх байна. Жирийн ядарсан , гишүүд хэзээ ч  урвадаггүй.

-Магадгүй өөрчлөлт шинэчлэлийг хүссэн гишүүд дунд урвалт шарвалт явагдаж байгаа юм биш үү.

- Урвалт шарвалт ямар үед явагддаг вэ гэхээр нам нь хэт өндөрт эсвэл хэт газардсан тохиолдолд явагддаг үйл явц юм гэж харагдаж байна. Учир нь нам эрх баригч хүчин болсон тохиолдолд албан тушаал горилогсод хийгээд гомдогсод хүссэн, хүсээгүй бий болдог. Зарим нь өөрөөс нь өөр хүн тухайн албан тушаалд очиж болохгүй мэт аашлан, өмчилсөн байх ч шиг, албан тушаал өгөхгүй бол гомдож намаас гарлаа  энэ тэр гэж хүүхэд шиг тунирхах жишээтэй. Нөгөө талаас нам  сонгуульд амжилтгүй оролцвол, намын ажилд оролцох нь битгий хэл нам дээр үзэгдэх нь бүү хэл хамар нь ч цухуйхгүй алга болно. Сураг сонсвол намаа сэлгээд л жижигхээн ч гэсэн хурган даргын суудал олоод авсан байх. Өнөөдөр ийм л замаар урваж байна шүү дээ. Очиж байгаа, авч байгаа хоёр нэг тэрэгний хос дугуй шиг харагдаж байгаа биз дээ.  2012 оны УИХ-ын сонгуульд манайх МҮАН-тай хамтран эвсэл байгуулан амжилттай оролцож, 11 суудал авч бүлэгтээ болсон. Гэтэл өнөөдөр УИХ-д нэг суудалтай болтлоо буурлаа. Энэ нь нэг талаараа манай намын шинэчлэлийг тодорхой төвшинд хийлгэж байна гэж үздэг.  Урвагч нар нь гарч, бидэнтэй хамтарч ажиллах сэтгэлтэй шинэ боловсон хүчин, кадрууд олноор орж ирж байна шүү дээ. Шинэ цус сэлбэгдэж байна.

Биднийг удирдан, чиглүүлэх, илүү туршлагатай хариуцлагатай гэж үнэлж, хүндэтгэж байсан хашир гэгдэх хүмүүсээс ийм зүйл гаргасан явдал надад үнэхээр харамсалтай санагддаг. Түүнээс намынхаа шинэчлэлийн асуудал дээрээс болж явахаас өөр арга байгаагүй гэвэл түүн шиг эндүүрэл байхгүй. Өөрчлөлт шинэчлэлийг хийе гэвэл өөрсдөө манлайлагч байж, ядаж л ажилладаг байх хэрэгтэй болов уу.

-Үндсэн хуулийг шинэчлэх төслийг боловсруулж байгаа гэлээ. Тухайлбал яг ямар зүйл, заалтыг нь өөрчлөх ёстой гэж үзэж байгаа вэ?

- Аль нэг зүйл заалтыг нь гэж ялгаж зааглахгүйгээр бүхэлд нь шинэчлэн өөрчлөх юм. Өөрөөр хэлбэл цоо шинэ Үндсэн Хуультай болно гэсэн үг.  Одоо мөрдөгдөж буй Үндсэн Хуулинд Төрийн хамгаалалтад газар түүний доорх баялаг, мал сүрэг  багтдаг. Гэтэл хамгийн чухал зүйл болох Монгол хүнээ хамгаалалтын гадна үлдээсэн. Угтаа хууль нь хүндээ зориулагдах ёстой атал хуулиндаа хүн нь захирагдаж байна. Тэгвэл бидний боловсруулж буй Үндсэн Хуулийн өөрчлөлтийн төсөлд хүний эрхийн бүхий л асуудлыг цогцоор нь тусгаж, баталгаажуулсан , Монгол хүн бүр Монгол Улсын баялаг гэж, Монгол хүнээ төрийн хамгаалалтад авсан санал яваа. Хууль Тогтоох байгууллага, ГЭМБайгууллага, Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын зааг ялгаа, чиг үүргийн давхардлыг арилгасан, үйл ажиллагааг тодорхой болгосон саналуудыг тусгасан байгаа. Ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн хамгаалсан, байгалийн баялагаа захиран зарцуулах эрхийг эрх баригчид бус ард иргэдийн саналаар шийддэг байх гээд үнэхээр шинэлэг, хэнд ч ойлгомжтой сайхан төсөл болж байгаа гэж хэлмээр байна. Мэдээж энэ төслөө нэн түрүүнд иргэддээ танилцуулж, тэдний саналыг сонсох хэрэгтэй. Намууд Үндсэн Хуулийн өөрчлөлтийг хийе гэж олон   жил ярьдаг ч дорвитой ажил хэрэг болсон зүйл байдаггүй.  Засгийн  Газар, давхар дээлний тухай асуудал хөндөгдөх үед  Үндсэн Хуулиа өөрчлөх цаг нь болсон гэж ярьдаг. Үндсэн Хуульт орнууд  хөгжлийн зорилттой уялдуулан, зарим нь тодорхой давтамжтайгаар Үндсэн Хуулиа сэргээж, сайжруулж, засаж явдаг юм байна.  Гэтэл өнөөдөр манай нийгэм хаашаа яваад байгаа юм, юунд хүрэх гээд байна, төрийн тогтолцоо маань зөв үү, ард иргэд маань хүссэн хэмжээндээ сайхан амьдарч чадаж байна уу, хүний эрх хангагдаж байна уу гээд асуухаар бүгд л өөр өөр хариулт хэлэх байх. Ихэнх нь мэдэхгүй гэх болов уу. Ерөнхийлөгчөөсөө эхлэн Үндсэн Хуулиа зөрчин, ҮХ-ийн Цэц нь 1 асуудлаар 2 өөр шийдвэр гаргаж, ҮХ-даа  давхар дээлтэй байх өөрчлөлтийг санаачлан оруулж байсан хүн  УИХ-аар давхар дээлийг болиулах гэж маргаан дэгдээн, хориг тавьж нийгмийг хүртэл талцуулж байсныг ҮХ-иа сахин хамгаалж байна гэж арай хэлэхгүй л байх. Энэ бүх асуудлыг цогцоор нь, системээр нь засах ҮХ-ийн шинэчлэлийг хийх хэрэгтэй.

Эцэг хуулийн эцсийн зорилго нь Монгол хүнд үйлчлэх ёстой гэдэг үүднээс энэхүү хуулийн шинэчилсэн төслийг боловсруулахад оролцож байна.

 

 

-Засгийн газрын чадавхын асуудлыг ярьж байна. Мэргэжлийн засгийн газар хэр ажиллаж байна гэж та дүгнэх вэ? Мэргэжлийн тодотголоо бүрдүүлж чадсан болов уу?

- МАН сонгуулийн үеэр  Мэргэжлийн Засгийн газрыг байгуулж ажиллана гэж амласан нь тэдний нэг давуу тал байсан.  Харамсалтай нь, Мэргэжлийн Засгийн газар байгуулж чадсан уу гэвэл  ард иргэдийн сонголт,олон нийтийн хүлээлтээс харахад, үгүй гэж хэлнэ.  Хамгийн энгийн жишээ гэхэд, сайд нар нь давхар дээлийг маш их эсэргүүцэж, шүүмжилдэг байсан нөхдүүд давхар дээлийг сонголоо. Дээр нь тэнд хэн хүчтэй, хэн мөнгө цацсан, хэн намын даргадаа дулдуйдсан нь сайд, дарга болсон. Мөн “Намын даргадаа хамгийн ойр байсан хөрөнгө чинээтэй гишүүдээ дэмжсэн бодлого баримталлаа” гэж зарим улс төрчид үзэж байна. Улс орондоо боловсон хүчний нөөцөөр аархдаг нам салбартаа нэр хүндтэй, туршлагатай, олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр кабинетаа бүрдүүлэх болов уу гэтэл тэгсэнгүй. Мэргэжлийн ЗГ гэхээсээ илүүтэй мөнгөний ЗГ гэвэл хилсдэхгүй болов уу. Энэ Засгийн газрын хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлчих болов уу гэж миний горьдож байсан ажил бол  Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал байсан. Бид ЗГ-ынхаа эсрэг байр суурь илэрхийлэн анх мэдэгдэл хийж, олон нийтэд хүргэсэн. Мөн  МАН биднийг дэмжин,  сонгуульдаа багагүй оноо цуглуулсан  гэж бид үздэг. Гэтэл энэ байр сууриндаа өнөөдөр бат зогсож, шийдвэр гаргаж чадсангүй. Уг нь тэдний шийдвэрт нь нөлөөлөхүйц хүчтэй сөрөг хүчин алга нөхцөлд шүү дээ. Намынх нь туршлагатай улстөрч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нь луйврын асуудлыг эсэргүүцэж  байхад нам нь дэмжихгүй байгааг юу гэж ойлгох вэ. Хагас жил болоход  Эрдэнэтийн асуудалд ямар ч ахиц дэвшил гарсангүй. Улс орны нийгэм, эдийн засаг байдал дээрдсэн үү гэвэл дээрдээгүй.  

Төрийн албыг тогтвортой байлгана гэсэн хаана байна. Үй олноор нь хомроглон  халлаа. Тэд ямар нэгэн хэлбэрийн өр зээлтэй байгаа. Гэтэл төр нь өөрөө өрх гэрээ ядуурал руу түлхэж байна шүү дээ. Хэлсэндээ хүрэхгүй бол хоосон амлаад хэрэггүй. Ам ажил хоёр нь алд байтугай зөрсөн намын ЗГ-аас хүлээлт хүлээгээд нэмэргүй болов уу. Ард иргэдийн сонголтыг албан тушаалд хүрэх гүүр гэж  эндүүрээгүй л бол эргээд хариуцлага тооцож чаддагыг мартмааргүй л юмсан.

-Ипотекийн зээл хумигдаад өдгөө хэдэн сар болж байна. Салбарын сайд нь байсан хүний хувьд үүнд  мэдээж эмзэглэж л байгаа болов уу?

-Тэгэлгүй яахав. Монгол төрийн залгамж чанар гэж байхгүй болсны тод жишээ. Хэний үед хууль гарсан, ажил хэрэгжсэнээс үл хамааран  хуулиа хэрэгжүүлээд,  ажлаа үргэлжлүүлээд, засаж сайжруулаад явах нь аль намд оноо цуглахаас илүү ард иргэдэд хэрэгтэй юм гэж харахгүй байгаад л асуудлын гол нь оршиж байна. Хуулийн хэрэгжилийг хойшлуулна, нэрийг нь өөрчлөөд буцааж оруулах гээд олонхиороо хүч түрж, ёстой дур зоргоороо аашилж байна. Тухайн үед  100 мкв талбайтай орон сууцыг ипотекийн зээлэнд хамруулах саналыг гаргаж, баталж  байсан боловч, Монголбанк, Банкуудын холбооны эсэргүүцэлтэй тулгарч мкв-ыг багасгасан хэдий ч бид ипотекийн зээлийг хэвийн олгож  байсан. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлж  байсан. Эргээд харахад 1200-аад айл өрхийг  хөтөлбөрт хамруулсан байна.  

Танай намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шударга бус сонгууль явуулахад учир дутагдалтай гэж хэдэнтээ хэлж байсан. Гэтэл төсөл санаачлагчдын зүгээс мөн Сонгуулийн ерөнхий хорооныхон “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн заалтаа барьсан, өмнөх хуульд дутуу байсан заалтуудаа оруулсан” гэдэг тайлбар хийж байсан ч эцэстээ хуулийн төсөл төрхөмдөө буцсан. Тэгвэл одоо МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хэр бэлтгэж байна вэ?

-Манай намын хувьд аливаа сонгуульд оролцоход ээдрээ төвөгтэй, саад бэрхшээлтэй тулгардаг. Тухайлбал, нэр дэвшүүлсэн хүнийг маань сонгуулийн жагсаалтаас хасах, аль болох сонгуульд оролцуулахгүй байх  бүхий л арга хэрэгслийг хэрэглэдэг. Хамгийн том арга хэрэгсэл нь мэдээж хууль хүчний байгууллагаар далайлгадаг явдал юм.  Үүнийгээ ашиглаж өнгөрсөн сонгуульд манай намын даргыг нэр дэвшүүлээгүй.Энэ удаад ч ашиглах биз. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь маш эргэлзээтэй байгаа. Одоогоор нэр дэвшүүлэх хүнээ тодруулсан зүйл алга. Өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь  эрх баригч намд үйлчилсэн хуулийн төсөл байсан. СЕХ-ийг өөрчилсөн шиг өөрчлөлт хийх гэж оролдлоо. Үнэхээр тэд намуудын эсэргүүцлээс болж  эргүүлэн татсан уу гэдэг нь надад  эргэлзээтэй санагдсан. Аливаа дуулиан шуугианы ар талд давхар өөр эрх ашиг явж байдаг. Магадгүй Эрдэнэтийн 49 хувьтай хардах сэтгэл төрж байгаа. Хуулийн төслийг эргүүлэн татах л байсан юм бол анхнаасаа хэлэлцүүлэх ч шаардлага байхгүй шүү дээ. 65 суудалтай бүдүүн бүлэгтэй намд хайран цаг л баймаар юм.

 

-Н.Энхбаяр даргаар сонин юу байна. Сүүлийн үед хэвлэлээс хөндийрсөн харагдах юм. УИХ-д ганц суудалтай үлдсэн нам удирдлагадаа яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

-Намын даргын хувьд хэд хэдэн лекц, илтгэлүүдийг  их сургуулиудад тавьсан, таг чиг болсон зүйл алгаа. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явж л байна. Намын даргыг солих тухай асуудал өнөөдрийг хүртэл яригдаагүй, өөрчлөх цаг үе ирсэн гэж бид үзэхгүй байгаа. Намын дарга сольсноор шинэчлэл явахгүй, нам өөрөө зөв бодлоготой, зөв удирдлагатай явсан цагт хэзээд ялалтад хүрнэ. Ямар үед намын даргыг солих асуудал яригдах вэ гэхээр сонгуульд амжилтгүй оролцох, нам доторх фракц, бүлэглэлийн зөрчилдөөн, эсвэл тухайн намыг удирдан авч явах боломжгүй  болсон , гол нь гишүүд өөрсдөө хүсэх зэрэг маш   олон хүчин зүйлс нөлөөлдөг.

-Танай нам сонгуульд амжилтгүй оролцсон нь намын даргаа солих бүрэн үндэслэлтэй бус гэж үү?

-УИХ-ын сонгуулийн ялагдал биднээс, болоод намын удирдлагаас шалтгаалаагүй. Хуулийн луйвар, царцааны нүүдэл, худал амлалт, мөнгө тараалт энэ бүхнээс болсон. Мэдээж хар машин, 60 тэрбум. Дээр нь албан тушаалын наймаа буюу урвалтууд нөлөөлсөн. Дарга нь өөрөө сонгуульд оролцох эрхээ төрийн байгууллагын хууль бус бичгээр хасуулчихаад байсан нөхцөлд бид сонгуульд оролцсон. Ер нь ард түмний амьдрал хэдий чинээ хүнд байна төдий чиний улс төрчдийн тоглох  бай нь болдог юм байна. Сонгуулийн луйвар, булхай жинхэнэ утгаар хэрэгждэг.

-Таны өнөөдрийн энгийн амьдрал ямар байна вэ?

-Би улс төрийн албан тушаалтан, УИХ-ын гишүүн байлаа гээд бусдаас тасарсан амьдралтай байгаагүй болохоор амьдралын хэмнэлд маань нөлөөлөөд байх зүйл алга. Харин ч харьцуулж харах, эргэцүүлэн бодох, алдаа оноогоо ухамсарлах цаг хугацаа хүнд хэрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгож байна. Энэ цаг хугацааг харин  ч надад олгосон хугацаа гэж харж байгаа. Түүнээс биш сонгуульд уналаа гээд гуньж гутраад байх зүйл надад огт алга.

-Та гэр хороололд амьдарч байгаа хэвээрээ юу?

-Хэвээрээ. Гэр хороололд амьдрахад болж бүтэхгүй зүйл гэж үгүй. Орон сууцанд амьдрахаас дутахааргүйгээр би амьдардаг. Анхнаасаа ч дэд бүтцийн асуудлаа ч шийдэж өгсөн.  Гэхдээ ээж маань  нас өндөр,  байнгын асаргаа сувилгаанд байгаа учраас орон сууцанд орох зайлшгүй шаардлага тулгарч байна л даа. Удахгүй байранд орох төлөвлөгөөтэй байгаа.

-Ард түмэнд хэдийн  дүнгээ тавиулсан ч гэлээ, өнгөрсөн хугацаанд  та хэр сайн УИХ-ын гишүүн байсан гэж өөрийгөө дүгнэх вэ?  

-Ард түмэн надад  муу дүн тавьсан гэж би бодохгүй байна. Гадуур явж байхад ард түмэн маань маш их урам зориг, хийж бүтээхийн сэдлийг өгч байдагт би баярлаж явдаг юм.  Ямар ч хүн өөрөө өөртөө дүн тавихад мэдээж хэцүү. Харин дүн тавиулахын тулд улам их ажиллах ёстой гэж бодож байна.

-Сүүлчийн асуултыг нээлттэйгээр танд үлдээе.

-Эмэгтэй хүн улс төрд байна гэдэг хэцүү. Улс төрийн гадна амьдардаг олны танил лидер эмэгтэйчүүд ямар их шүүмжлэл, хэл аманд өртдөг билээ. Тэгвэл улс төрийн халуун тогоонд чанагдаж байгаа эмэгтэй түүнээс хэд дахин элдэв муу үгээр хэлүүлдэг. Бусдад  үлгэр дуурайлал болно гэдэг амаргүй ажил. Үг, үйлдэл, гадаад төрхөөсөө эхлээд л бүх зүйлдээ анхаарах шаардлага тулгардаг. Мэдээж ингэхээс ч өөр аргагүй. Эмэгтэй улстөрчийг хийж хэрэгжүүлж байгаа ажлаас нь илүүтэйгээр гаднах байдалд нь дүгнэлт хийдэг. Угтаа бол эрэгтэй улстөрчийн нэгэн адил л ажиллаад л байдаг. Үнэн чанартаа түүнээс их ажиллах шаардлага гардаг. Хамгийн энгийн инээдтэй зүйр хэлэхэд: Нүд нь улайсан эр хүнийг их ажилласан байна гэж дүгнэдэг бол эмэгтэйг нь эсрэгээр их царай алдсан байна гэж хэлэх жишээтэй. Тэгэхээр яг байгаагаар чинь дүгнэнэ гэсэн үг. Тийм учраас эмэгтэй гишүүддээ  хандан хэлэхэд магтаал, шүүмжлэлийг дааж явах зүрх зоригтой байж алхам тутамдаа үг, үйлдлээ хичээж явдаг юм шүү гэж даймаар байна. Өнгөрсөн хугацаанд эмэгтэй гишүүд биднийг хэл ам дагаагүй биш дагасан. Гэсэн хэдий ч надад бахархах нэг зүйл үлдсэн юм.  Хэдийгээр таван өөр намын 11 эмэгтэй байсан ч гэлээ бид хоорондоо маш эвтэй, нөхөрсөг  ажиллаж чадсан.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (26)

Онцлох мэдээ