“Азтай бадарчин-2017” хошин урлагийн их наадмын шилдэг шог зураач, цомын эзэн А.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Юуны өмнө танд “Инээд шагнал хоёр”, шог зургаараа “Азтай бадарчин” алтан цомын эзэн болсонд тань баяр хүргэе. Сэдвийн дагуу шууд зурах дадал танд байх шиг байна даа?
-Тэгэлгүй яах вэ. Би чинь төдийгөөс өдий хүртэл зурж л яваа хүн шүү дээ. “Азтай бадарчин” наадам энэ жилээс эхлэн сэргэж байх шиг байна. Тэр тусмаа нийгмийн эмзэг цэгт нь тусч байдаг шог зургийн төрлийг энэхүү наадамд оруулж өгсөнд нь зохион байгуулагч санаачлагч нарт талархаж байна. Сая бол яахав зохион байгуулагчид шог зураачдынхаа хэр хурдан сэтгэж буйг сорих зорилгоор “Инээдэм” гэдэг сэдэв өгч таван минутад зурууллаа. Зарим эзнээ олоогүй шагнал инээдэм болох тохиолдол бий. Тиймээс би “Инээдэм”сэдвийн хүрээнд “Инээд шагнал хоёр” гэдэг зураг зурсан юм.
-Та ер нь хэдий үеэс зураг зурж эхэлсэн хүн бэ?
-Сургуульд сурч байхдаа хичээл хийдэггүй хүүхэд байлаа. Дэвтрийн арын хуудаснаас л зураг зурж эхэлнэ. Сурах бичгийн оронд Ц.Байды багшийн “Зуун зураг” ном гарч ирнэ шүү дээ. Ингээд л ангийнхнаа, багш нараа, дайн байлдаан гээд л зурахгүй юм байдаггүй байлаа. Ямар сайндаа багш нар маань гэнэдүүлж үзнэ. Нүүрэн дээрээ загнасан дүр эсгээд дотроо дуртай л байдаг сан. Аравдугаар анги гэнэт төгсөх болдог юм байна. Нөгөө муу Бат-Эрдэнэ сурлагаар паг. Улаан шугам татаад жагсаасан чинь 125 хүүхэд дээд сургуульд өрсөлдөхөөс чүү чай 123-т багтаж байгаа юм. Үгүй мөн их аз шүү. За тэгээд, авьяас чадварын шалгалтаа өгсөн чинь 15 оноо, түүхийн шалгалтад үнэн худал ярьсаар байгаад 6 оноо, орос хэлийг буудаж байгаад 3 оноо авч шууд л Багшийн дээдийн зургийн ангид элсэн орж, үгүй мөн олон багшаа баярлуулсан даа. Манай захирал Мижиддорж гэж сайхан хүн байлаа. “Ганц хүн л үгүй мөн зөв сургуулиа авлаа” гэж байсан гэдэг. Тэр үеийн хүмүүсийн нийтлэг сайхан араншин юм даа.
-Таны амьдралд тохиолдсон хамгийн баярт мөчүүдээсээ бидэнтэй хуваалцана уу?
-Баярт мөч зөндөө зөндөө. Нэг сонин юм байдаг юм. Багшийн дээд сургуулиа төгсөөд Дундговь аймгийнхаа Гурван сайхан суманд багшаар очлоо. Авгай хүүхэд хотод, би хөдөө гурван жил болов оо. Тэр үед би “Тоншуул”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” сонин, “Оюунтүлхүүр” сэтгүүлд ид шог зургаа хэвлүүлж байлаа. Хичээлээ заана, өөр юу хийхэв, зургаа л зурна даа. Гэтэл нэг өдөр “Тоншуул” сэтгүүлийн том зураач Ц.Байдыгаас урам хайрласан мундаг дугтуйтай захидал ирлээ. Бөөн баяр! Төд удалгүй Боловсролын яамнаас хаягласан дугтуйтай бичиг ирсэн нь нөхөр багшийг Боловсролын яамны харъяа “Оюунтүлхүүр” сэтгүүлд зураачаар ажилд авах тухай албан бичиг байлаа. Би сумын нэгдлийн даргын өрөөнөөс нисээд гарсан санагддаг юм. Монголын хошин шог урлагийн тэр том өргөөний босгыг тэнгэрлэг сайхан багш нарынхаа хүчинд тэгж алхсан азтай хүн дээ. Намайг олж харсан олон зураач С.Идэрхангай (“Оюунтүлхүүр”), Ц.Байды (“Тоншуул”), Т.Мандир (“Хөдөлмөр” сонин) багш нартаа л баярлаж явдаг даа.
-Та чинь тэгвэл Боловсролын яаманд байхдаа сурах бичигтэй нэлээд ноцолдсон байх нь. Одоо харин сургуулийн хүүхдийн сурах бичгийн зураг чимэглэл хир санагдаж байна?
-Та их сонин асуулт тавилаа. Энэ бол миний яах аргагүй эмзэглэж явдаг зүйлийн нэг. Хүүхдийн буруу гэж юу байхав. Одоогийн хүүхдүүдийг ном уншихаа болилоо гэцгээх юм. Шинжлэх ухааныг буруу аргачлалаар тулгасан “романуудаар” цүнхийг нь дүүргээд, өдөржин хүүхдийг залхааж байна шүү дээ. Олох ёстой мэдлэгийг оновчтой базаад модон биш хөгжилтэй сонирхол татахуйц зурагжуулах хэрэгтэй. Алдарт Дисней шог зураач байсан. Дэлхийг донсолгосон мултифильм нь одоо ч байлдан дагуулсаар хэвээрээ байна. Ер нь хүүхдийн номын чимэглэл зургийг шог зураачаар хийлгэвэл мөн олон зураач ажилтай болж, боловсролын салбарт сургалт арга зүйд өөрчлөлт гарна даа. Ялангуяа хүмүүжлийн сэдэвтэй уламжлалт үлгэр туульсийн комикс хэлбэрт оруулж ашиглуулбал сайнсан. Комик ном чинь хүүхэлдэйн киноны зохиол шүү дээ.

-Таныг “шарж” буюу нөхөрсөг шогийн МАСТЕР гэдгийг хүмүүс мэднэ. Ингэхэд та нийт хэдэн хүний хөрөг зураад байна даа?
-Би тооцоо гаргаж бодсон чинь жирийн ардаас эхлээд алдар цуутангууд, улстөрийнхөн гээд нийт 5000 орчим хүний хөрөг зурсан байна. Нийгмийн бүх л салбарт зурсан байна даа. Би нийт дөрвөн парламент дамжин зурсан. Шог зураг бол нийгмийг эрүүлжүүлэх ганц зэвсэг гэдгийг манайхан хараахан ойлгохгүй байна. Гэхдээ нэг үеийг бодвол урлаг ойлгодог болох шинжтэй.
-Янз бүрийн салбарт хошин хөрөг татаж явах хугацаанд ямар нэгэн дургүйцэл болоод дарамт шахалт ирж байсан л байлгүй?
-Харин ч эсрэгээрээ. Одоо болтол үүнийгээ хар гээд ураад хаячхаагүй л байна. Үнэнийг хэлэхэд, сайнаар ч муугаар ч зурж явлаа. Шог зураг гэдэг бол дэлхийн хэмжээнд томоохон нийгмийн сүйрэл, дайн дажны үед зэвсэг нь болж явсан агуу урлаг. Манай алив нэг хэвлэл мэдээллүүдэд шог зураг дутмаг бүр алга байна. Дэлхийн том том сэтгүүлүүд шог зураачдаас зургийг нь үнэлэн авч хэвлэлдээ нийтэлж байгаа нь нийгэмд шог зураг ямар их үүрэгтэйг харуулж байна. Бид чинь нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг түрүүлж мэдрээд зурчхаар хүмүүс муу ёрын гэх зэргээр таагүй хүлээж авдаг. Харин ингэхийн оронд тэр зургаас зайлшгүй ирэх зүйлийг мэдрэн урьдчилан зохицуулах хэрэгтэй шүү дээ. Таны бүтээлүүд бодит эзэнтэй байдгаараа онцлог юм шиг санагддаг. Тухайлбал, УИХ-ын гишүүд байна… Энэ чиглэлээр олон жил дагнан зураг зурсан хүн байхгүй. Миний хувьд УИХ-ын 76 гишүүнийг анги ангиар нь буюу дөрвөн жилээр нь зурсан байх жишээтэй. Бас байгууллага, олон нийтийн газраар их явлаа. Сүүлийн үед хийснээ багцалж үзэсгэлэндээ оруулах, ном бүтээх санаатай. Бас монгол хүүхэлдэйн кино хийх зорилгоор хүүхдийн дүр гаргаж байгаа.
-Олонд хүрсэн ямар бүтээл байна?
-Олонд хүрсэн нь 76 гишүүний зурагтай хөзөр. “Гишүүдийг зурдаг зураач уу” гээд л хүмүүс угтана шүү дээ. Тэр хөзрөөр тоглохоор их сонин тоглолт болно л доо. Зарим нь “Чи болиоч юу гэж Л.Гүндалайг Н.Алтанхуягаар даруулах юм” гэх жишээтэй. Гилийн боол, цэцгийн ноён гэж ярихаасаа илүү Ц.Нямдорж, Д.Арвин гэж хөзрөө нэрлээд л тоглож байгаа харагддаг. Зарим нь хадганд боож нандигнаад авдартаа хийчихсэн байхтай таарч байсан. Би таньдаг малчиндаа хөзөр өгсөн юм. Гэтэл нэг өдөр “Дорж гэдэг юм Н.Энхбаярыг авч явчхаад авчирч өгөхгүй юм” гээд л яриад байна. Тэгсэн нөгөө хөзрийнх нь улаан хүнийг л аваад явчихсан хэрэг. Тухайн үед улаан хүнийг нь Н.Энхбаяраар, хар хүнийг нь Ц.Элбэгдоржоор зурчихсан байсан юм. Хүмүүс их сонин юманд дуртай л даа.
-Бүтээлээсээ болж шүүмжлэлд өртөнө биз?
-Шүүмжлэлт зураг дээр тийм юм их гардаг байсан. Социализмын сүүл үе л дээ. Тухайн үедээ их зөрчилдөнө. Тухайлбал, би троллейбусыг яст мэлхийн дээр зурчихсан чинь “Монгол зөвлөлтийн найрамдлаар бүтсэн нийтийн тээврийн хэрэгслийг удаан гэж шүүмжилж, гаж юм зурсан байна. Ирж хурлаар ор” гэж дуудаж байлаа. Мөнхбат бид хоёр П.Жасрай гуайг сармагчин болгоод зурчихсан чинь жаахан эсэргүүцэлтэй тулгар-сан шүү. П.Жасрай гуай ухаантай хүн байсан учраас биднийг аварч байсан юм. Одоо бол өөр шүү. Бүх юм ил задгай, эрх чөлөөтэй болж.
-Өөрийнхөө зургийг хүмүүс хэр худалдаж авах юм бэ дээ?
-Миний амьдралыг ганц залгуулж байгаа юм чинь л наадах чинь. Энэ олон баяраар чинь хамт олон, гэр бүл, найз нөхөд, амраг хосууд толгойгоо нийлүүлж байгаад л зуруулах жишээтэй. Хуучин бол шог зургийг доромжлол гэж ойлгодог байсан бол одоо зөв талаас нь хүлээж авч байна. Гэхдээ хошин урлагийн зарим салбар хэт мөнгөнд ороод байгаа нь онцгүй л дээ. Хошин урлагийн жүжигчдийн тоглолтын тасалбар 75 мянган төгрөгт хүрч байна гэсэн сураг сонсогдсон. Үнэн бол буруу л зүйл байгаа юм. Хамаагүй мөнгөнд шунавал урлаг өөрөө мөхөх аюултай. Ард түмнээ мөнгөтэй мөнгөгүй гэж ялгаварлан гадуурхаж байгаа гэсэн үг.
-Ер нь нэг зургаа хэдэн төгрөгөөр зарж байна?
-Тогтсон үнэ ханш гэж юу байх вэ. Өгөх хүний сүжиг мэднэ гэдэг л болно. Зарим нь тав арван төгрөг өгнө. Бид чинь адилхан л амьдралтай хүмүүс. Зургийг үнэлэх үнэлэмж бага талдаа. Таны ямар зураг хамгийн дээд үнэ хүрч байв? Гүрээ ахын хэллэгээр “Та хариулахгүй ч байж болно” Үгүй яахав ээ, би хариулъя. Манай нэг нэртэй бизнесмен (одоо УИХ-ын гишүүн болсон) эрхэм өөрийн нөхөрсөг шог зургийг хараад шууд 500 мянган төгрөг тоолж өгөөд авч байлаа.
Г.Лхагва
Эх сурвалж: Breakingnews
1