...
...

Д.Бат-Октябрь: Хөрөнгө оруулагчид ярьдаг хүнийг биш хийдэг хүний хайдаг

Oко хэмээх нэрээр залуусын дунд танигдсан энэ залууг Монголын стартап хөдөлгөөний "загалмайлсан эцэг" хэмээн нэрлэдэг. Тэрээр өдгөөгөөс зургаан жилийн өмнө Стартап (start-up) буюу гарааны компанийн тухай ойлголтыг залууст хүргэж улмаар  "Startup Mongolia" ТББ-ыг нээн технологи дээр тулгуурласан гарааны бизнесийн салбарыг монголдоо нутагшуулж, өнөөдөр 400 гаруй стартапуудтай болтлоо өргөжин тэлжээ.

Око буюу Д.Бат-Октябрь өдгөө дэлхийн хамгийн шилдэг инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүдийн нэгт тооцогддог Techstars компанийн бүс нутаг хариуцсан захирлаар ажиллаж байгаа билээ.  Тэрээр эх орондоо цөөхөн хоногоор ирээд байгаа юм. Ингээд түүнтэй ярилцлаа.


-Зургаан жилийн өмнө Стартап (start-up) буюу гарааны компанийн тухай ойлголт нь  хол хөндий байсан бол өнөөдөр залууст  хамгийн их ойр болжээ. Үүнд Startup Mongolia ТББболоод таны оролцоо  өндөр.  Ер нь яагаад гарааны бизнесийг Монголдоо оруулж ирэх болов? Энэ тухайгаас  ярилцлагаа эхлүүлье?

-Америкд оюутан байхдаа гарааны бизнесээ эхлүүлж  эх орондоо 2010 онд ирсэн. Ирэхдээ монголын залуучууд ч гэсэн гарааны бизнесийн мэдлэг хэрэгтэй , хийж чадна бодоод энэ програмын эрхийг аваад "Startup Mongolia"-г байгуулсан.  Манай залуус их ичимхий, бодсон санаагаа илэрхийлэхдээ тийм ч сайн биш гэж бодож байсан учраас энэ програм тохирох болов уу гэж санаа зовж байсан ч маш амжилттай болсон . Тухайн үед манайхан энтрепренершип, стартапийн талаар ойлголт тун багатай энэ үед маш богино хугацаанд танихгүй байгууллагуудын хаалгыг тогшиж орсон. Тухайн үед  гарааны бизнесийг хэн эхлүүлж байна гэдгээс л  эхэлсэн дээ.

-Зургаан жилийн өмнөх үеийг өнөөдөртэй харьцуулбал?

-Богино хугацаанд маш их өөрчлөлтийг авчирсан. Энтрепренершип, стартап гэдэг ойлголтыг өнөөдөр  мэдэхгүй хүн бараг цөөхөн болов уу. Мөн нөгөө талаар олон улсын түвшинд өрсөлдөхүйц гарааны бизнесийн тоо чамлахааргүй олон болсон. Залуус ч санаагаа илэрхийлэхдээ нээлттэй болсон байна. Одоогоор Монголд 400 гаруй гарааны бизнес байна. Гэтэл зургаан жилийн өмнө хаана, хэн,  ямар гарааны бизнес эрхэлж байна гэдэг тоон мэдээлэл ч бүрхэг байсан бол өнөөдөр энэ бүхэн тодорхой болжээ. Энэ салбарын хүмүүс уулзалдаж, санал бодлоо хуваалцдаг гээд  хүрээллүүд  ч бий болсон  байна. Залуус ч  сонирхож, засгийн газар ч үр өгөөжийг нь хардаг боллоо. Томоохон компаниуд ч гэсэн бусдадаа бизнесийн замналаа хуваалцдаг болсон зэрэг олон өөрчлөлтүүд бий болсон гээд дурдаад байвал олон өөрчлөлт бий.

-Таны хувьд  Techstars компанийн Зүүн Өмнөд Ази хариуцсан захирлаар ажилладаг. Тэгвэл монгол дахь стартапуудтай хэрхэн холбоотой  ажиллаж байна вэ?

-Олон төрлөөр хамтран  оролцдог.  Мөн хэд хэдэн  гарааны бизнесийн багт нь өөрөө  оролцоод явж байна. Startup Mongolia ТББ-ын үйл ажиллагаа улам өргөжин тэлсээр  байна.  Миний хувьд зөвлөхөөр ажилладаг. Бидний нэг ярьдаг зүйл бол экосистемийн хөгжил юм.  Гарааны компанид хөгжихөд экосистем  хамгийн чухал. Ямар ч  хүн гоё  санаа гаргаад  түүнийгээ бодит бизнес болгох орчин байх ёстой. Түүндээ хэрэгтэй мэдээллээ олоод авчихдаг, оюуны өмчөө хамгаалдаг, татварын болон хуулийн орчин нь бүрдчихсэн дээр нь санхүүжилт авъя гэхэд  санхүүгийн маш олон сонголттой, эх сурвалжуудтай ийм л орчныг бүрдүүлэх гээд ажиллаж байна. Манай улсын экосистемийн хөгжил 2-3 дахь шатандаа явж байгаа гэж үзвэл үүнийгээ дагаад манай байгууллагын экосистемийн тоглох  үүрэг нь  өөрчлөгдөн  хувьсах шаардлагатай. Тэр ч утгаар өнгөрсөн долоо хоногт гадны хөрөнгө оруулагчийг урьж хѳрѳнгѳ оруулалт авахад шаардагдах хүчин зүйлс болоод  санхүүжилт босгох талаар  залууст мэдээлэл хүргэлээ. Экосистемийн хөгжлийн хэмжихдээ ихэнх тохиолдол таван гол зүйлийг баримтладаг.  Эдгээрийг жигд хөгжүүлснээр бид өөрийн улс орондоо инновацын суурь хөгжлийг амжилттай үүсгэх боломж бидэнд байна.Манайд дээрхээс хамгийн бага хөгжсөн нь санхүүжилтийн элемэнт  нь юм.

 

 

-Гарааны бизнес эхлүүлэхэд  зайлшгүй шаардлагатай  зүйлс юу вэ. Шинэ санаа , хөрөнгө мөнгө гээд л...? 

-Хамгийн гол элемэнт нь багийг л хардаг. Эцсийн эцэст тухайн бизнесийг амжилтад хүргэх эсвэл унагах ганцхан хүчин зүйл нь хүн буюу бүрдүүлсэн баг хамт олон. Чадварлаг, хөдөлмөрлөхөд бэлэн, тууштай зүтгэхэд бэлэн тийм л хүмүүсээр эхлээд багаа бүрдүүл. Манай залуус өнөөдөр аливааг зүйлийн эцсийн үр дүнг харахдаа амар хялбар болоод богино хугацааг хардаг. Залуустаа зөвлөхөд нэгдүгээрт,  өөрийнхөө дотоод хүнтэй ярилц. Би энтрепренер болж чадах уу, гэдгээ  эхлээд мэд. Энэ замыг сонголоо гэхэд  амар хялбар замнал биш. Энтрепренер болж чадна гэж  шийдсэн бол маш их хөдөлмөрлөхөд  бэлэн байх ёстой. Мөн сургуулиа төгссөн бол аль нэг компанид ямар  ажил хийх нь чухал биш, зүгээр л ажиллаад үз. Хөдөлмөр гэж юу байдгийг эндээс хар, мэдэр гэдэг санаа. Аль эсвэл цэрэг яв. Суурь хөдөлмөрт  чамаас  юу шаарддагддаг юм түүнийг эхлээд мэдэр, ядрах ямар байдаг, юмны араас санаа зовох ямар байдаг юм зэргийг  мэдэрчих. Үүний дараа бизнес ярьж болно. Түүнээс биш хаа нэгтээ нэг юм уншчихаад би чадах юм байна, амархан юм байна гэдэг өнгөцхөн хандлагаар харж болохгүй. Яагаад гэвэл амжилтад хүрсэн гарааны бизнес дунжаар 7-10 жилийг туулж байж сая нэг голдролдоо ордог. Долоон жил зүтгэж байж нөгөө гоё санаа чинь бодит болох нь байна шүү дээ. Дахин хэлье. Та хөдөлмөрлөхөд бэлэн үү. Та энэ замыг сонгоход бэлэн үү. 

-Манайхны нэг сул тал нь тууштай бус зан. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хүртэхээсээ өмнө замын дундаас  буцчихдаг. Залуучуудын хувьд богино хугацаанд тэсрэлт хийх гэж зорьдог.. Энэ байдал ч гэсэн гарааны бизнес харагдана биз?

-Энэ салбарт үүнийг танихад маш хялбар.   Яагаад гэвэл бүтэц байхгүй, замнал нь тодорхой бус энэ нөхцөлд хүн шантрахад бүр амархан. Магадгүй өнөө, маргаашийн зураглал нь тодорхой байлаа гэхэд  дараа өдрийнх нь тодорхой бус. Зааварчилгаа гэх зүйл байхгүй, АПУ, МСS, ITZONE-оос  хуулбарлачихаж болохгүй, гагцхүү өөрөө л учраа олох шаардлагатай болно. Өнөөдөр  нэгдүгээр үеийнхэн буюу технологи дээр суурилсан гарааны бизнесийг  амжилттай болгосон үе нь   одоогоор манайд алга. Экосистем нь хөгжөөд ирэхээр яах ёстой юм гэхээр  дараачийн үеэ бойжуулдаг буюу  нэг үе нь нөгөөгөөсөө  дамжиж явах ёстой.Манайд эко систем гэж ярихад арай л  эрт байна.

 

 

-Шинэ залуу компанийг зөвхөн старт ап гэх үү аль эсвэл өнөөдрийн амбицтай компанийг хэлэх үү? Нэршлийн хувьд хэдийн гарааны бизнес гэж байгаа хэдий ч мөн нөгөө талаар оршин тогтнолоо хэдийнээ олсон компанийг ч гэсэн энэ төрөлд хамааруулж  хэлдэг. Жишээ нь Apple бол старт ап компани мөн. 

-Тодорхойлолтоороо бол олон дахин зарж болох бараагаа хайж байгаа компанийг старт ап гэж хэлдэг. Олон дахин гэдэг нь хүн худалдаж авах эсэх нь батлагдаагүй, тодорхой бус гэсэн үг. Энэ утгаар нь авч үзвэл шинэ залуу компаниудыг үүнд  хамааруулж болно. Гэхдээ нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчидад  уламжлалт бизнес сонин биш. Бидний анхаардаг старт ап биш гэсэн үг. Яагаад гэвэл уламжлалт бизнесийн компаниуд өнөөдөр технологийг хөшүүрдэж томрох боломжгүй. Харин бидний хардаг компаниуд интернэт, гар утсыг  ашиглаж 10 мянган хүнд хүргэж байгаа үйл ажиллагаа болоод бараа бүтээгдэхүүнээ нэг сая хүнд хүргэж болох боломжтой тэр хэсэг юм. Тухайлбал lend.mn, хууp.мн сайтыг нэрлэж болно.

-Старт ап компаниуд хэнд ч байхгүй санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэхэд мэдээж хөрөнгө оруулалт нэн түрүүнд шаардлагатай. Тэгвэл хөрөнгө оруулагчид хэрхэн таалагдах  вэ?

-Гарааны компаниуд дотроо олон төрөл байдаг шиг хөрөнгө оруулагчид ч гэсэн мөн олон төрөл. Миний  босгох гэж байгаа сан маань  гарааны бизнес анх  эхлүүлэх  гэж байгаа компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын сан юм. Анх эхэлж байгаа гэдэг нь дээр хэлсэнчлэн бараа бүтээгдэхүүн нь зах зээл дээр нийцлээ олоогүй, учраа олох гэж явж байгаа,  аль эсвэл бараагаа дөнгөж гаргаж эхэлж буй компаниудыг хэлж байгаа юм. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид  хүнийг нь л харна. Ихэнх гарааны компаниудын бариад ирсэн төслийн 80 хувь нь анхныхаасаа өөрчлөгдөнө гэдэгт тэд бэлэн байдаг. Тийм болохоор хөрөнгө оруулагч нарт санаа сонин биш, харин өөрчлөлтийн явцад тэсэж үлдэх, эцсийг нь үзэх хүн мөн үү гэдэг нь чухал. Үүнийг л харна. Мөн эсрэгээрээ өсөлтийн шатандаа явж байгаа старт апуудад хөрөнгө оруулалт хийдэг ч хөрнгө оруулагчид ч  байна. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалтын хэмжээ нь  асар их, тэрбумаар яригддаг.  

-Хөрөнгө оруулагчид манайханд  итгэх итгэл хэр байна вэ?

-Энэ салбарын нэг давуу тал нь бусад салбар шиг улсын хэмжээний итгэл үнэмшлийг тэдэнд төрүүлэх гээд байх шаардлагагүй. Харин технологийн салбарт суурилсан гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүст юу чухал вэ гэхээр чадварлаг залуус л байх хэрэгтэй. Үүгээрээ л онцлогтой.

-Тэгвэл хөрөнгө оруулсан компаниасаа эцсийн мөчид яг юуг хүлээдэг, хүсдэг вэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаа хэдий хэр хугацаанд хадгалах вэ?

-Үнэлгээгээ 10 дахин нугалж чадах уу гэдэг нь л чухал. Миний өгсөн мөнгийг ашиглаад өөрийнхөө үнэлгээг тодорхой хугацааны дараа буюу 5-7 нугалж чадах уу гэдгийг л харна. Үнэлгээгээ өсгөж чадахгүй хэдий мундаг баг технологотой  байгаад ямар ч нэмэргүй. Ихэнхи хөрөнгө оруулагчид өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт руу орж байгаа учраас тэр хэрээрээ өндөр өгөөжийг шаарддаг. Түүнээс биш жил бүр 30 хувиар өсдөг бизнес тэдэнд сонин биш.

-Хөрөнгө оруулалтыг авахад энтрепренер яг юунаас эхлэх ёстой вэ?

-Судалгаа маш сайн хий. Өөрийнхөө ярьж байгаа зүйлийг хэнээс ч илүү сайн мэдэж ав. Үнэнчээр судал. Манайхан өнгөцхөн судалгаан дээр яриад байдаг. Энэ нь тэр бүр амжилтгүй болох талтай. Бусаддаа санаагаа хуваалцахад бэлэн бай, нээлттэй очоод ярилц, санал бодлоо бусдадаа хуваалц. “Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яв” гэдгийн адил хамтарч ажилла.  Энэ салбарын онцлог нь олон мундаг хүмүүс хамтран ажиллаад богино хугацаанд өндөр үнэлгээг үүсгэж чаддаг. Гэтэл эсрэгээрээ миний толгойд бүх юм байна гээд л түүнийгээ нуугаад байдаг   сэтгэхүйтэй  байж болохгүй. Мэдлэгээ нэгтгэж түүнийгээ ашиглах тухай  л бод. Тэгэхийн тулд өөрийгөө нээх хэрэгтэй.

-Манайхны бизнесийн сул тал нь энэ болов уу?

-Тийм шүү. Олоогүй орлогыг харамлаад, хав дараад л суучихдаг.

-Судалгаа чухал гэлээ. Судалгааг яг  юунаас эхлэх үү?

-Сайхан асуулт байна. Цаг гаргаад л бусадтай уулз. Жишээ нь студитэй болох талаар бодож байгаа бол  20 студийн эзэдтэй уулзаж, санал солилц. Эндээс л эхэл.Ерөнхий болоод цөөхөн кейс яриад байх биш. Энэ нь бизнест хангалтгүй. Хөрөнгө оруулагчид ярьдаг хүнийг биш хийдэг хүний хайдаг.

 

 -“Старт ап эхлүүлнэ гэдэг өөрийн амьдралыг босгох ухаан юм” хэмээн  та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан л даа.

-Стартап эхлүүлнэ гэдэг зүгээр л компани байгуулаад, их мөнгө олно гэсэн үг биш. Энэ бол эргэн тойронд байгаа асуудлыг анзаараад, түүнийг шийдэх арга замыг олж, улмаар өөрийн амьдралыг босгох ухаан юм. Энэ сэдлийг л төрүүлэх гол зорилготой. Бид залуучуудад итгэл үнэмшил төрүүлж, эрч хүч өгч, аливааг шинээр бүтээх мэдлэг, чадвар, соёлыг түгээж байна. Бүтэцгүй бизнес болохоор бүх зүйлийг өөрөө л хийнэ. Таны амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөнө. Бүх зүйлийг өөрөө хийгээд ирэхээр өөрийн амьдралаа эндээс л бүтээнэ. Хувь хүн бүр тийм итгэл үнэмшилтэй боллоо гээд төсөөлбөл, тэр хүмүүсийн хөдөлмөрлөх чадвар, өөртөө итгэх итгэл цаашлаад нийгэм эдийн засагтаа үзүүлэх нөлөөлөл асар их нэмэгдэнэ. Эдийн засаг нийгэмдээ хамгийн хурдацтай оруулж болох том өгөөж бол старт апп.  Үүнийг олж харсан дэлхийн ихэнхи орон үүнийг ярьдаг болж байна. Хэдэн залуус нийлээд технологи яриад байгаа асуудал биш байгаа биз. Монгол гэдэг нэрийг Чингис хаанаас өөрөөр дахиад олон улсад таниулах арга хэрэгсэл нь старт ап.

-Цоо шинэ бизнесийг монголд анх нутагшуулахад багагүй хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрийг  туулж ирсэн болов уу.  Тэгвэл өнгөсөн замналаасаа  олж авсан хамгийн том ухаарал нь юу байв? Залууст маш сонирхолтой санагдах болов уу?

- Зүтгээд л байх юм бол ямар нэгэн үр дүнд  заавал хүрдэг юм байна гэдгийг л олж харсан. Анх старт апын талаар галзуу юм шиг яриад л хэн яаж хүлээж авах нь янз бүр энэ үед хоолтой үедээ хоолтой, хоолгүй үедээ хоолгүй явсан өдөр хоногууд цөөнгүй бий. Халаасан дахь мөнгөөрөө арга хэмжээнүүд зохион байгууллаад үүн дунд хүлээн зөвшөөрөгдөхгүй ч шүүмжлэл дагуулах ч үе байна. Үзэж болох бүхий л зүйлийг туулсан даа. Энэ бүхний эцэст өнөөдөр Startup Mongolia ТББ маань бие даасан 10 хүний багтай , татвараа төлөөд явж байна. Дүгнээд хэлбэл хэрвээ тууштай явах л юм бол их, бага нь хамаагүй үр дүнд хүрнэ. Хийгээд явж байхад болж бүтэхгүй, замаасаа буцмаар тохиолдол зөндөө гарна. Би тэсэхгүйдээ гэх юм бол түүнээс юм харагдахгүй. Түрүүн хэлсэнчлэн хүн болгон Энтрепренер биш. Гэхдээ энэ замналыг сонгосон бол тэсээд л яваад бай. Хурд дандаа адилхан байхгүй. Үр дүн дандаа адилхан байхгүй. Хyyp.мн сайтыг бий болгосон залуусын түүхийг харвал дөрвөн жилийн өмнө санаагаа яриад бүтэхгүй нь дээ  гэж бодож байсан бол өнөөдөр дэлхийн том компанийн технологийг нэвтрүүллээ. Сургамж ердөө л энэ. Эрт эхлээд хөдөлмөрлөөд л бай.

-Залуусын төлөөлөл болсон, мөн тэдэнд үлгэр дууриалал болж, эерэг сайхан зүйлс рүү уриалан дууддаг хүний нүдээр өнөөгийнзалуус таны нүдээр ямар байна вэ. Залуусыг залхуу байна л гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Өмнөх үетэй харьцуулбал технологи дээр суурилсан үеийнхэн гэдэг утгаараа аливаа юмны үр дүнг хурдан харах гэсэн хандлага илүүтэй давамгайлж байна. Нийгмийн хувьслаа дагаад ийм болохоос ч аргагүй. Гэхдээ нэг авууштай тал нь өнөөгийн  залуучууд өөрийнхөө амьдралынхаа эрх мэдлийг өөрөө бий болгох итгэл үнэмшил нь өмнөх үеийнхнээс хэд дахин нэмэгдсэн гэж би хувьдаа хардаг. Үүнийг л зөв ашиглах нь чухал.

-Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ 

- Хорвоо дэлхийг өөрчлөх гэсэн дүүрэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийн дунд бий өдөр бүр байдаг учир тэднээсээ үргэлж  эрч хүчийг авч байдаг. Тийм хүрээлэл дунд хүн хөдөлмөрлөхгүй байхын аргагүй.  Зургаан жилийн өмнө анхны Startup Weekend-ийг зохион байгуулж байхдаа Techstars компанид ажиллах юм сан гэж мөрөөддөг байсан. Одоо мөрөөдлийнхөө компанид ажиллаж байна.   Миний ажил, миний мөрөөдөл  хоёр огтолцсон. Ийм тохиолдол ховор шүү дээ./Инээв/

-Хоногийн 24 цаг ч хүрэлцэхээргүй завгүй ажилладаг дээр нь долоо хоног бүр нислэгтэй байдаг Око хувийн амьдралдаа хэр цаг гаргаж байна вэ.  

-Энтрепренерийн замыг сонгосон бол хувийн амьдрал орхигдчих гээд байдаг талтай. Найз охин маань миний  ажлыг  маш сайн ойлгодог. Долоо хоногт бараг удаа хоёр удаа нислэгтэй, Гэлээ гээд  би хувийн амьдралдаа цаг гаргах ёстой. Амралтыг ажил юм шиг төлөвлөж хийдэг дээ.

-Бидний ярицлага энд ирээд өндөрлөж байна. Бизнес эрхлэхээр зэхэж буй, эрхэлж буй хүмүүст юу хэлэх вэ?

-Хөдөлмөрлө, дахин хөдөлмөрлө.  Манайхан том зүйлийн ард гарсныгаа л үр дүн гэж тооцох гээд байдаг. Гэтэл 20 хүнтэй уулзаад түүнийхээ жагсаалтыг гаргана гэдэг нь өөрөө маш хөдөлмөр байхгүй юу. Жижигхэн гэж харж болохгүй. Хамгийн жижиг алхмуудыг тодорхойлоод хөдөлмөрлө л гэж хэлье даа.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Zindaa.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл: (foxx.loanfinancialaid@gmail.com) Анита Женсен

Онцлох мэдээ